Хятадын умард нутгийн Хоучэнзүй (Houchengzui) хэмээх эртний хотын доороос нууц хонгилын сүлжээ илэрч, археологичдыг гайхшрууллаа. 4,000 гаруй жилийн өмнөх үед хамаарах энэ хот нь эртний Хятадын хот төлөвлөлт, батлан хамгаалахын тогтолцоог дахин шинээр ойлгоход хүргэж болзошгүй шинэ нээлтүүдийг ил болгож байна.
Батлан хамгаалалтад зориулагдсан эртний хот
Өнөөгийн Өвөр Монголын нутаг дэвсгэрт орших Хоучэнзүй хот нь Луншаний үе буюу МЭӨ 4300–4500 жилийн тэртээ байгуулагдсан гэж үздэг. Энэ үе Хятадын шинэ чулуун зэвсгийн төгсгөл үеийн нийгмүүдийн хөгжлийн оргил байжээ. Уг хот нь тухайн үеийн архитектур, батлан хамгаалах инженерчлэлийн өндөр хөгжлийг илэрхийлдэг аж.
15 сая квадрат фут (ойролцоогоор 1.4 сая м²) газар нутагтай энэ томоохон хотын туурийг анх 2005 онд илрүүлсэн ч үндсэн малтлагын ажлууд 2019 оноос эхэлжээ.
Археологийн баримтуудаас харахад, уг хот нь гурван үе давхар хамгаалалтын хэрэм, манааны цамхагууд, хамгаалалттай хаалгууд болон гүн суваг шуудуугаар бүрэн тоноглогдсон байжээ. Эдгээрээс уг суурин зөвхөн оршин суух газар бус, дайсагнагч улсуудын халдлагаас хамгаалагдсан стратегийн цайз байсныг харуулж байна.
Шуудангийн болон зугтах зориулалттай 6 нууц хонгил
Сүүлийн малтлагын явцад судлаачид 6 огтлолцсон хонгил илрүүлжээ. Эдгээр хонгил нь нууц тээвэрлэлт болон зугтах зориулалттай сүлжээ байсан байж болзошгүй гэж үзэж байна.
Хонгилууд газар дор 1.5–6 метрийн гүнд байрлах бөгөөд өндөр нь 1–2 метр орчим. Зарим нь хотын хэрэм доогуур нэвтэрч, гадагш гарах гарцтай байжээ.
БНХАУ-ын Нийгмийн Шинжлэх Ухааны Академиас нийтэлсэн зургууд дунд хонгилын хагас газрын зураг, хаалганы бүтэц, мөн сайн хадгалагдсан нуман хэлбэртэй дотоод байгууламж багтжээ. Энэ нь уг хонгилууд хотын дотор аюулгүй зорчих, мөн гаднын довтолгоо тохиолдвол амжилттай зугтах боломж олгож байсан болохыг харуулж байна.
Эртний инженерийн гайхамшиг
Өвөр Монголын Соёлын өв, археологийн академийн захирал Сүн Жинсуны хэлснээр, сүүлийн үеийн судалгаа нь хотын хамгаалалтын гүн шуудуу, мөн хэрмийн гаднах хамгаалалтын давхар хаалганд төвлөрч байгаа аж. Харин эдгээр хонгилууд нь дээрх хамгаалалтын системийг бүтээлч байдлаар дэмжсэн гэж үзэж байна.
“Хөрш хаант улс довтлох үед зугтах муугүй гарц байжээ” хэмээн судлаачид онцолж, энэ далд дэд бүтцийн уран ухаалаг шийдэл байсныг магтжээ.
Одоогоор малтлагууд үргэлжилж байгаа ч энэ нууц хонгилын нээлт нь Луншаны үеийн хот төлөвлөлт ямар нарийн, ухаалаг байсныг баталж байна. Түүхэн ач холбогдол өндөртэй энэ нээлт нь тэр үеийн барилгачид өөрсдийн хот, оршин суугчдаа хамгаалахад ямар стратеги хэрэглэж байсныг харуулсан ховор олдвор болж байна.