Open iToim app
Эрүүл монгол | 2 мин уншина

"Эхийн сүүнд амьд уураг, амьд дархлааны эсүүд агуулагддаг"

"Эхийн сүүнд амьд уураг, амьд дархлааны эсүүд агуулагддаг"
iToim
+ Дагах
Нийтэлсэн 4 минутын өмнө
Эхийн сүүгээр хооллолтыг дэмжих дэлхийн долоо хоногийг жил бүрийн наймдугаар сарын 1-7-ны хооронд тэмдэглэдэг. Анх 1992 онд ДЭМБ, НҮБ-ын Хүүхдийн сангийн санаачилгаар эхэлсэн бөгөөд өнөөдөр дэлхийн 170 гаруй улс орон оролцдог. Энэ онд эхийн сүүгээр хооллолтыг дэмжих дэлхийн долоо хоногийг “Нэн тэргүүнд эхийн сүүгээр хооллолт: Тогтвортой дэмжлэгт орчин бүрдүүлье” уриан дор тэмдэглэж байна. Энэ хүрээнд өнөөдөр Эрүүл мэндийн яамнаас эхийн сүүгээр хооллолтын ач холбогдлыг олон нийтэд дахин санууллаа.
Эхийн сүү бол зөвхөн шим тэжээл биш, хүүхдийг өвчлөлөөс хамгаалах амьд дархлааны эсүүдтэй, байгальд ээлтэй хүнс юм. Хөхний сүү нь ямар ч бохирдол, сав баглаа боодол үүсгэдэггүй. Харин орлуулах сүүн тэжээлүүд нь хүлэмжийн хий ялгаруулж, дэлхийн дулааралд сөргөөр нөлөөлдөг гэж үздэг байна. Хүүхдийг эхний зургаан сар эхийн сүүгээр дагнан хооллосноор гэдэсний халдвараар эмнэлэгт хэвтэх тохиолдол 72 хувь, амьсгалын замын халдварын улмаас хэвтэх тохиолдол 57 хувиар буурдаг нь судалгаагаар баталжээ.
Хөхөөр хооллолтын зөвлөх эмч, Эх хүүхдийн эрүүл мэндийн мэргэжилтэн Х.Мөнгөнцэцэг хэлэхдээ “Хүүхдээ төрүүлээд эхний зургаан сард заавал хөхөөр хооллоод, хамгийн багадаа хоёр нас хүртэл үргэлжлүүлэн хөхүүлэх нь зөвхөн тухайн хүүхдийн хүүхэд насанд бус, өсвөр үе, насанд хүрсэн үед ч насан туршийн эрүүл мэндийн суурь болдог. Эхийн сүүг ямар ч төрлийн сүүн тэжээл орлох боломжгүй. Учир нь эхийн сүүнд амьд уураг, амьд дархлааны эсүүд агуулагддаг. Үүнийг ямар ч үйлдвэр үйлдвэрлэж чадахгүй. Хөхөөр хооллолт бол хүүхэддээ оруулж буй хамгийн том хөрөнгө оруулалт юм.
Хөхүүл ээжүүд ажил болон хичээлдээ орох болсон үед сүүгээ саагаад үлдээж болно. Саасан сүүг тасалгааны температурт зургаан цаг, хөргөгчинд зургаа хоног, хөлдөөгөөд зургаан сар хадгалах боломжтой. Хөлдөөсөн сүүгээ хэрэглэхээс 24 цагийн өмнө гаргаж гэсгээгээд 36 градусаас 37 градус буюу биеийн хэвийн температуртай болтол халааж хэрэглэж болно" гэлээ” гэлээ.
АУ-ны доктор, клиникийн профессор, Зинт клиникийн хүүхдийн эмч Т.Навчаа “Хүүхдийг багадаа хоёр нас хүртэл нь хөхүүлэх ёстой. Түүнээс дээш хэдэн ч жил хөхүүлэхэд эх болон хүүхдэд ямар ч сөрөг нөлөө байхгүй. Харин ч ээж нь хүүхдээ хөхүүлэх тусам хөхний хорт хавдар, өндгөвчний хорт хавдар, таргалалт зэргээс сэргийлж байдаг. Хөхөөр хооллох тусам хүүхдийн IQ өндөр болдог” гэв.
Мөн эмчийн зүгээс эхчүүдийн хөхөөр хооллох нөхцөлийг сайжруулах нийгмийн орчны дэмжлэг маш чухал гэдгийг онцолсон. Хүүхдээ гэртээ, ажил дээрээ, гудамж талбайд, олон нийтийн газар гээд хаана ч тайван хөхүүлэх боломжийг бүрдүүлэх нь төр, хувийн хэвшил, олон нийтийн оролцоо хэрэгтэй гэж уриалав.
 Бэлтгэсэн: Э.Эгшиглэн
iToim
+ Дагах
Үнэний талд
iToim.mn-facebookiToim.mn-twitter
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн