Open iToim app
Эдийн засаг | 4 мин уншина

Эдийн засгийн өсөлтийн суурь болдог геологи хайгуулын салбарт онцгой анхаарахыг зөвлөлөө

Эдийн засгийн өсөлтийн суурь болдог геологи хайгуулын салбарт онцгой анхаарахыг зөвлөлөө
Нийтэлсэн 1 минутын өмнө
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар 2026 оны төсвийн төслийг боловсруулахдаа иргэд, олон нийтээс санал авах арга хэмжээг зохион байгуулахыг бүх шатны төсвийн ерөнхийлөн захирагч нарт үүрэг болгосон. Энэ хүрээнд 2025 оны наймдугаар сарын 1-ээс ирэх оны төсвийн төсөлд олон нийтээс санал авах ажлыг орон даяар эхлүүлсэн. Өнөөдрийн байдлаар EMongolia болон 11-11 төв, яамдын цахим хуудсаар дамжуулан иргэдээс 50 гаруй санал ирээд байгаа аж. Мөн өнөөдрөөс салбар бүрийн төсөв дээр мэргэжлийн байгууллагууд болон экспертүүдээс санал авах хэлэлцүүлгийг эхлүүлэв. Улсын төсвийн орлогын гуравны нэгийг бүрдүүлдэг уул уурхайн салбарын мэргэжлийн байгууллагуудаас дараах саналыг хэллээ.
Уул уурхайн үндэсний ассоциаци Г.Эрдэнэтуяа: Уул уурхайн салбар нийт эдийн засагт, төсөвт хамгийн чухал нөлөөтэй салбар хэр нь энэ салбарт хийгдэх хайгуул геологийн ажил маш удаашралтай, төр засгийн эргэж буцсан ойлгомжгүй шийдвэрээс болж том төслүүд нь эдийн засгийн эргэлтэд орохгүй, хайгуулд ахиц гарахгүй, боловсруулах үйлдвэрүүд хөгжихгүй байна. Эдийн засгаа тэлэх, экспортын бүтээгдэхүүнээ нэмэгдүүлэх гол суурь бол геологи, хайгуулын ажлыг эрчимжүүлж тэлэх юм. Энэ чиглэлд Засгийн газар, салбарын яам онцгой анхаарч, нэг зүгт харж ажиллах шаардлагатай байна. Төсвийн төлөвлөгөөг харахад геологийн үндсэн үйл ажиллагаанд бага зэрэг төсөв тавьсан ч геологийн ажлыг идэвхжүүлж, ашигт малтмалын төслийг танилцуулах, хөрөнгө оруулалт татах чиглэлд хөрөнгө мөнгө тавихад ч анхаарах шаардлагатай байна.
Цөмийн энергийн комиссын Тамгын газрын дарга Б.Баатарцогт: Геологийн суурь судалгаа, хайгуулд хөрөнгө тавих хоёр ялгаатай. Төсвөөс тавьсан эх үүсвэрээр Монгол Улсын хэмжээнд төсвийн суурь судалгааг л хийж байгаа юм. Энэ суурь судалгаагаар монгол орны хэмжээнд хаана, ямар хэмжээтэй орд газар байгаа талаар хэтийн төлөв гардаг. Цаашид геологи хайгуулын ажлыг нарийвчлан хийх талбайнууд тодорхой болдог. Үүнийг Монгол Улсын хэмжээнд зайлшгүй хийж байх ёстой. Жилээс жилд энэ чиглэлийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх ёстой. Учир нь, геологи хайгуул бол эргээд оруулсан хөрөнгөө нөхдөг салбар. Дэлхийн зах зээлийн чиг хандлагатай уялдуулан геологийн суурь судалгааг шинжлэх шаардлага бий.
Манай Ажлын алба цацраг идэвхт ашигт малтмал, Монгол Улсад атомын цахилгаан станц барих суурь судалгааг хэрэгжүүлэх хоёр том ажлыг хариуцдаг. Энэ хоёр ажлыг хэрэгжүүлэхэд тодорхой төсөв мөнгө зайлшгүй шаардлагатай байна. Олон нийтэд мэдээлэл түгээх, судалгаа эрдэм шинжилгээний ажлууд хийх гэхээр төсөв алга. Өнгөрсөн жил 2.7 тэрбум төгрөг тавьсан ч байхгүй, энэ жил бас төсөв байхгүй. Эрдэм шинжилгээний ажилд энэ жил 292 сая төгрөг тавьсан. Ийм бага зардлаар улс орны хэмжээний том төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд хүндрэлтэй байна. Тиймээс бидний үйл ажиллагаанд анхаарал хандуулж, шаардлагатай төсвийг суулгаж өгөхийг хүсэж байна.
Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дарга Н.Энхбаяр: Салбарын мэргэжилтнүүдийн саналыг сонсож байгаад талархаж байна. Манай байгууллага бол УИХ-ын  дэргэд ажилладаг Төсвийн тогтвортой байдлыг хангахад дэмжлэг үзүүлж ажилладаг. Өнгөрсөн хоёр жилд Монгол Улсын төсөв ихээхэн тэлж, 35 их наяд төгрөгт хүрсэн. Өнөөдөр тодотгол хийгээд 30 их наяд төгрөг болсон. Ирэх оны төсөв бас л 30 их наяд төгрөг байх болов уу. Тиймээс төсвийн ерөнхийлөн захирагч нараас санал болгож байгаа тоо энэ чигээрээ батлагдахгүй.
Уул уурхайн салбарт геологи хайгуулын ажлын суурь судалгаа маш чухал. Өнгөрсөн хавар УИХ-аар баталсан Монгол Улсыг хөгжүүлэх хөгжлийн төлөвлөгөөнд геологи хайгуулын чиглэлээр 5-6 ажил хийнэ гээд баталчихсан. Жил бүр геологи хайгуулын зардалд 50 гаруй тэрбум төгрөг суулгана гээд УИХ баталчихсан. Гэтэл одоо төсвөө хэлэлцэхээр нөхцөл байдал өөрчлөгдөж байна. Нийгмийн шинжтэй зардлуудыг танаж болно. Харин геологи хайгуулын ажлын зардал чинь ирэх жилийн эдийн засгийн өсөлтийн чинь суурь шүү.
Миний хувьд зөвлөхөд, Аж үйлдвэр эрдэс баялгийн яамнаас төсвөө дараа дараагийн шатанд танилцуулахдаа геологийн хайгуулын суурь судалгаа ямар үе шатанд хийгдээд хэдэн жилийн дараа ямар хөрөнгө оруулалт болж хувирдгийг танилцуулчих хэрэгтэй. Арван жилийн өмнө хийсэн зардал чинь 10 жилийн дараах эдийн засгийн өсөлтийн суурь болдог. Хайгуулын ажил төсөв тэлэхээр нэмэгдээд, хумихаар нь зогсдог байж болохгүй. Үүнийг ард иргэдэд, мэргэжлийн бус хүмүүст ойлгуулахаар тайлбарладаг баймаар байна. Тухайлбал, ирэх жил төсөв дутлаа гээд газрын ховор элементийн хайгуулыг зогсоочихвол манай улсын энэ чиглэлд олон улстай байгуулсан гэрээ хэлцлүүд бүхэлдээ зогсоно. БНСУ, Герман, Францтай газрын ховор, чухал ашигт малтмалын чиглэлд төлөвлөсөн ажлууд зогсоно гэсэн үг. Тэгэхээр энэ талаарх аргументаа сайн тайлбарлаж, хамгаалдаг баймаар байна. Бусад томилолт, аж ахуй, захиргааны зардлууд савлаж болно. Хамгийн гол нь эдийн засгийн өсөлтийн суурь болдог геологи хайгуулын зардлаа Засгийн газар, бодлогын яамныхаа түвшинд сайн тайлбарлаж, болбол өнгөрсөн оныхоо түвшинд хадгалах нь зөв.
Сэтгүүлч Г.Батжаргал нь iToim.mn сайтад 2015 оноос ажиллаж байна. Улс төр, нийгэм, эдийн засгийн чиглэлээр мэдээ, мэдээлэл бэлтгэдэг.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн