Open iToim app
Дэлхий | 2 мин уншина

ОХУ-ын Камчатка дахь галт уул 600 гаруй жилийн дараа анх удаа оргиллоо

ОХУ-ын Камчатка дахь галт уул 600 гаруй жилийн дараа анх удаа оргиллоо
Нийтэлсэн 2025 оны 8 сарын 4
Оросын зүүн хязгаар дахь Камчаткийн Кршиненников галт уул 600 жилийн дараа анх удаа оргилсон тухай мэргэжилтнүүд мэдээллээ. Энэ үзэгдэл нь өнгөрсөн долоо хоногт болсон хүчтэй газар хөдлөлттэй холбоотой байж болзошгүй гэж үзэж байна.
ОХУ-ын Онцгой байдлын яамнаас хүн амьдардаг бүс нутагт шууд аюул учраагүй гэж мэдээлжээ. Хэдхэн цагийн дараа Камчаткийн хойгийн гурван бүс нутагт дахин нэг хүчтэй газар хөдлөлт болж, цунамигийн анхааруулга гаргасан байна.
Эдгээр хоёр үзэгдэл нь өнгөрсөн долоо хоногт болсон 8.8 магнитудын хүчтэй газар хөдлөлттэй холбоотой байж магадгүй бөгөөд уг газар хөдлөлт Францын Полинез, Чили зэрэг холын улсуудад ч цунамигийн анхааруулга гаргахад хүргэж байв.
Оросын мэргэжилтнүүдийн хэлснээр лхагва гарагт болсон энэхүү газар хөдлөлт нь тус улсын түүхэнд тэмдэглэгдсэн хамгийн хүчтэй газар хөдлөлтийн нэг байсан ба сая сая хүнийг нүүлгэн шилжүүлэхэд хүрсэн юм. Мөн хэдэн долоо хоног үргэлжлэх хүчтэй чичирхийлэл, дараах газар хөдлөлтүүд болохыг анхааруулж байжээ.
Ням гарагт 7.0 магнитудын газар хөдлөлт Курилийн арлуудад болж, 18 см (7 инч) хүртэл давлагаатай байж болзошгүй гэж Оросын Онцгой байдлын яам мэдээлсэн байна. Тус яамны мэдээлснээр, Камчаткын гурван бүс нутгийн оршин суугчид одоо ч эргээс холдох шаардлагатай байгаа ч давлагаа харьцангуй намхан байгаа аж.
Камчаткийн галт уулын хариу арга хэмжээний багийн ахлагч Ольга Гирина-гийн мэдээлснээр, Кршиненников галт уулын өмнөх оргилолт XV зуунд болж байсан бөгөөд энэ удаагийн оргилолт мөн 8.8 магнитудын газар хөдлөлттэй холбоотой байж магадгүй гэж РИА Новости агентлаг дамжуулсан байна.
Камчаткагийн хойг нь хүн ам сийрэг, алслагдсан бүс боловч “Номхон далайн галт цагираг” гэж нэрлэгддэг газар зүйн бүсэд багтдаг бөгөөд энэ бүс нутагт газар хөдлөлт, галт уулын дэлбэрэлт ихээр тохиолддог.
Х.Бямбажаргал нь МУИС-ийг Олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн бөгөөд 2024 оноос iToim.mn сайтад сэтгүүлч, орчуулагчаар ажиллаж байна.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн