Оросын зэвсэгт хүчин зүүн Украин дахь стратегийн чухал байрлалтай Часив Яр хотыг бараг 18 сарын турш үргэлжилсэн тулааны эцэст эзэлсэн гэж мэдэгдлээ.
Украины Батлан хамгаалах яам Москвагийн мэдэгдэлд одоогоор тайлбар хийгээгүй ч, тус улсын цэргийн командлал пүрэв гарагт Оросын хүчнүүд Часив Ярын ойролцоо байрлал руу халдсаныг баталсан. Тэд "хамгаалалтаа барьж байна" хэмээн товч мэдээлжээ.
Дайнаас өмнө 12,000 орчим хүн амтай байсан Часив Яр хот хоёр жил гаруйн агаарын цохилт, артиллерийн дайралтын улмаас бараг сүйрчээ. Украины дайны фронтын шугамыг нээлттэй эх сурвалжийн үндсэн дээр харуулдаг DeepState вэбсайтад дурдсанаар, Украины тал баруун хэсгийг хяналтдаа байлгаж байгаа аж.
Хэрэв Оросын мэдэгдэл үнэн бол Часив Ярыг эзэлснээр тэд өндөрлөг газар эзэлж, Донецкийн бүс нутгийн “бат бэх бүс” гэгдэх хотууд болох Славянск, Краматорск, Костянтинивка нарыг заналхийлэх боломжтой болно. Донецкийн бүс даяар Оросын цэргүүд энэ жил ихээхэн хохирол амссан ч тодорхой ахиц гаргажээ. Стратегийн ач холбогдолтой Покровск хот гурван талаасаа бүслэгдэж, Оросын анги нэгтгэлүүд Донецк ба Днепропетровскийн бүсийн хил хүрээд байна.
Аналитикчдын үзэж байгаагаар, Оросын цэргүүд Украины дроны хамгаалалтаас зайлсхийхийн тулд явган цэрэг болон мотоциклоор жижиг бүлгүүдээр хөдөлдөг тактик руу шилжжээ.
Киев хот руу пуужингийн цохилт өгөв
Үүний зэрэгцээ Орос пүрэв гарагийн үүрээр нийслэл Киев хот руу пуужин болон дроны ээлжит томоохон довтолгоо хийжээ. Орон нутгийн албаныхны мэдээлснээр дор хаяж 16 хүн амиа алдсан байна.
Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский хэлэхдээ, Оросын арми зөвхөн нийслэл рүү 300 гаруй дрон, найман пуужин харвасан гэжээ. “Өнөөдөр дэлхий дахин Америк, Европтой хуваалцсан бидний энх тайвны хүсэлд Оросын өгч буй хариуг харлаа. Tэлжит аллага” хэмээн тэр хэлсэн байна.