Төв болон Зүүн Европ, хуучин Зөвлөлтийн бүрэлдэхүүнд багтаж байсан орнууд, мөн Төв Азийн бүс нутагт бизнес, эдийн засаг, улс төрийн чиглэлээр мэдээлэл, дүн шинжилгээ хүргэдэг BNE IntelliNews сайтад нийтлэгдсэн Хятадын эдийн засаг Монгол Улсад хэрхэн нөлөөлж буй талаар нийтлэлийг орчуулан хүргэж байна.
Худалдааны дайн Хятадын эдийн засгийн төлөвийг удаашруулж, Монголд шууд нөлөө үзүүлж байна
Хэдийгээр Хятадын эдийн засаг 2025 оны эхний хагас жилд жилийн 5.3 хувийн өсөлт үзүүлсэн ч, хэд хэдэн гол үзүүлэлтүүд уруудсан нь эдийн засгийн сулралын шинж тэмдгийг илэрхийлэв. Импорт 2.7 хувиар буурч, дотоод эрэлт, түүхий эдийн хэрэгцээ буурсныг харууллаа. Нүүрсний импорт 11.1 хувиар буурч 221.7 сая тоннд хүрсэн бол үл хөдлөх хөрөнгийн хөрөнгө оруулалт 11.2 хувиар унасан нь орон сууцны зах зээлийн хямрал үргэлжилж буйн дохио юм.
Барилгын салбарын уналт нь Монголын нүүрс, металл зэрэг түүхий эдийн экспортын эрэлт буурахад хүргэв. Хувийн хөрөнгө оруулалт 0.6 хувиар, гадаадын шууд хөрөнгө оруулалт 2024 оны мөн үеийнхтэй харьцуулахад 13.2 хувиар тус тус буурсан байна. Үйлдвэрлэлийн томоохон аж ахуйн нэгжүүдийн ашиг 1.1 хувиар буурсан нь ойрын хугацаанд шинэ барилга угсралтын төсөл цөөрч болзошгүйг илтгэж байна.
Сүүлийн жилүүдэд Монголын эдийн засаг Хятадын байгалийн баялагт чиглэсэн хэрэгцээнээс хамааран огцом өссөн боловч, 2025 он гарсаар нүүрсний салбарын өсөлт саарснаар эдийн засгийн идэвх суларч байна. Өөрөөр хэлбэл, Хятадын эрэлт хумигдаж буй нь нүүрсний экспортод түшиглэсэн Монголын хувьд ноцтой эрсдэл дагуулж буй юм.
Монгол Улс эдийн засгийн хувьд дэлхийн хамгийн өндөр төвлөрсөн эрсдэлийг агуулдаг. Экспортын 90 гаруй хувь нь Хятадад чиглэдэг бөгөөд уул уурхайн салбарын экспортын 92.1 хувь, улсын орлогын 31.6 хувь, ДНБ-ий 28.7 хувийг бүрдүүлдэг. Ийм хамааралтай байгаа нь Хятадын үйлдвэрлэлийн аливаа уналт Монголын эдийн засагт шууд цохилт өгдөг гэсэн үг.
Үүнээс ч дор зүйл нь нүүрсний экспортын хэмжээ багасахаас гадна нүүрсний үнэ ч буурсан явдал юм. Долоодугаар сарын 18-ны байдлаар нүүрсний үнэ тонн тутамд 110.40 ам.доллар болж, өнгөрсөн жилийн мөн үеэс 18.28 хувиар буурчээ.
2025 онд Дэлхийн банк Монголын эдийн засаг 6.3 хувиар өснө гэж төсөөлж байсан. Энэхүү төсөөлөл зэсийн үйлдвэрлэл нэмэгдэж, зудын дараах хөдөө аж ахуйн салбарын сэргэлттэй холбоотой байв. Гэвч эхний үзүүлэлтүүд нөхцөл байдал мэдэгдэхүйц дордсоныг харуулж байна. 2025 оны I улирлын өсөлт 2.4 хувьд хүрч, сүүлийн гурван жилийн хамгийн доод үзүүлэлт болов.
Экспорт жилийн дүнгээр 17.2 хувиар буурсан ба бүх гол салбарт үйлдвэрлэлийн өсөлт удааширсан байна.
Монгол Улс өдөр тутмын хэрэглээний бараа, хүнс, гоо сайхны бүтээгдэхүүн зэрэг барааг Хятадаас, бага хэмжээгээр Европ болон Оросоос импортолж буй. Үүний улмаас импорт экспортоос давж, нэгдүгээр сард Монгол Улс 521.9 сая ам.долларын худалдааны алдагдалтай гарсан бол гуравдугаар сар гэхэд инфляц 9.1 хувьд хүрч өссөн байна.
2026–2027 оны дунд хугацааны төлөв 5.2 хувийн тогтвортой өсөлттэй байх боловч, орлогын өсөлт сул, инфляц өндөр хэвээр байсаар байгаа учраас хэрэглээ саарах төлөвтэй байна. Айл өрхийн өр, ялангуяа хот суурин газарт хурдацтай өсч байгаагийн улмаас эрх баригчид банкны заавал байлгах нөөцийн хувь хэмжээг 11 хувь болон 16 хувь болгон нэмэгдүүлжээ.
Монгол Улсын гадаад өр 2024 оны V улирлын байдлаар 37.1 тэрбум ам.долларт хүрсэн нь ДНБ-ий 157.4 хувьтай тэнцэж байна. Хүн амыг 3.5 сая гэж тооцвол нэг хүнд ногдох өр нь 10,600 ам.доллар орчим болж, дэлхийд хамгийн өндөрт тооцогдож байна.
Монгол Улс гадаад өрөө дахин санхүүжүүлэх ажлыг сайн гүйцэтгэж, зээлийн зэрэглэл ч ахисан. Гэсэн хэдий ч Монголын гадаад эмзэг байдал, их хэмжээний гадаад өр, хангалтгүй гадаад валютын нөөц нь гадны шоконд ихээхэн өртөмтгий байдал үүсгэнэ гэдгийг ОУВС-аас анхааруулж буй.
Төв банкны мэдээлснээр Монгол Улсын гадаад валютын нөөц 3.3 сарын импортын хэрэгцээг л хангах хэмжээнд байна. Гэтэл гадаад өрийн эргэн төлөлт ам.доллараар хийгддэг бөгөөд Монголын ам.долларын гол эх үүсвэр нь экспорт. Харин экспорт буурч байгаа нь ам.долларын нөөцийг хомсдуулж, өрөө төлөх боломжийг хязгаарлана. Үүнийг улам хүндрүүлж буй зүйл бол монгол төгрөг (MNT) ам.долларын эсрэг байнга суларч, гадаад өрийн хүүгийн төлбөр улам өндөр зардалтай болж буй явдал юм.
Энэхүү эдийн засгийн дарамтыг бууруулж, экспортын зах зээлээ төрөлжүүлэх зорилгоор Монгол Улс 3 жилийн хугацаатай худалдааны хэлэлцээрийг ОХУ тэргүүлсэн Евразийн эдийн засгийн холбоотой гуравдугаар сард байгуулсан.
Тус холбоо нь 14.5 тэрбум ам.долларын эдийн засаг бүхий Армени, Беларусь, Казахстан, Киргиз, ОХУ-ыг хамардаг. Энэхүү хэлэлцээр 375 төрлийн барааг хамарсан ба Монгол Улс голчлон хөдөө аж ахуй, мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн экспортолж, жимс, химийн бодис, үйлдвэрийн тоног төхөөрөмж зэргийг импортлохоор тусгасан.
ЕАЭЗХ-ийн санаачилга нь “Алсын хараа-2050” стратегитай нийцэж байгаа аж. Энэ стратеги нь Монгол Улсыг түүхий эдийн экспортод суурилсан эдийн засгаас салгаж, Азийн тэргүүлэх эдийн засгийн нэг болгон хөгжүүлэх зорилготой. Хөдөө аж ахуйн салбар нь ажиллах хүчний ихэнхийг шингээдэг ч, ДНБ болон худалдаанд бага хувь нэмэртэй. Иймд хөдөө аж ахуйн экспортын цар хүрээг тэлэх нь нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэл болон эдийн засгийн тогтвортой байдлыг хангах гол алхам гэж үзэж болно.
Гэвч улс төрийн тогтворгүй байдал урт хугацааны төлөвлөлтөд саад болж мэдэхээр байна. Зургаадугаар сард Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, түүний эвслийн Засгийн газар залуусын удирдсан шударга ёс, ил тод байдлыг шаардсан эсэргүүцлийн жагсаалын улмаас огцорсон. Үүнд нам доторх тэмцэл ч нөлөөлсөн боловч, энэ үйл явдал авлига, эрх мэдэлтнүүдээс иргэдийн тасарсан байдлыг эсэргүүцэж буй олон нийтийн бухимдлыг ил гаргасан юм.
Одоо эрх барьж буй Монгол Ардын Нам (МАН) хууль тогтоох болон гүйцэтгэх засаглалыг давхар хянаж байгаа нь хяналт тэнцвэрийн талаарх болгоомжлолыг үүсгэж байна. Засгийн газар огцорсон нь зарим томоохон үйлдвэрлэлийн төслийг (жишээ нь, баяжуулах үйлдвэрүүд) хойшлуулах, гадаадын хөрөнгө оруулагчдыг түгшээх эрсдэлтэй.
Гэсэн ч ЕАЭЗХ-ний хэлэлцээр нь Монгол Улсын худалдааны түншүүдийг өргөтгөх, Хятадаас хэт хамааралтай байдлаа бууруулах, экспортын шинэ, төрөлжсөн эдийн засаг руу шилжих стратегийн боломжийг олгож байна. Гэвч энэ нь бүрэн шийдэл биш. ЕАЭЗХ-ны зах зээлийн нийт хэмжээ Хятадтай харьцуулахад бага учраас Хятадын зах зээлийн алдагдлыг бүрэн нөхөж чадахгүй.