АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын мэдэгдсэнээр, АНУ Өмнөд Солонгосоос импортолж буй бараанд 15 хувийн тариф ногдуулах тохиролцоонд хүрчээ. Энэ нь илүү өндөр тариф тогтоохоос зайлсхийх зорилготой гэрээний нэг хэсэг аж.
Тэрээр “Америкийн Нэгдсэн Улс Бүгд Найрамдах Солонгос Улстай бүрэн хэмжээний худалдааны гэрээнд хүрснийг баяртайгаар мэдэгдэж байна” гэж Truth Social платформ дээр мэдэгдсэн байна. БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён уг гэрээ тус улсыг бусад орнуудтай ижил, эсвэл илүү таатай нөхцөлд хүргэх болно гэж хэлжээ.
Энэхүү мэдэгдэл нь АНУ-тай гэрээ байгуулж, өндөр тарифын дарамтаас зайлсхийх сүүлийн хугацаа буюу наймдугаар сарын 1-ний эцсийн хугацаанаас нэг хоногийн өмнө хийгдэж байна. Хэрэв гэрээ байгуулаагүй бол Өмнөд Солонгосын бараанд 25 хувийн тариф ногдуулах байсан юм.
Трампын хэлснээр уг тохиролцооны хүрээнд Өмнөд Солонгос АНУ-д 350 тэрбум ам.долларын (264.1 тэрбум фунт стерлинг) хөрөнгө оруулалт хийх бөгөөд үүнийг Трамп өөрөө сонгосон төслүүдэд зарцуулах юм. Мөн тэд 100 тэрбум ам.долларын шингэрүүлсэн байгалийн хий болон бусад эрчим хүчний бүтээгдэхүүнийг АНУ-аас худалдаж авна гэжээ.
Түүнчлэн, Өмнөд Солонгос АНУ-ын бараа бүтээгдэхүүн, түүний дотор автомашин, ачааны машин, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг гаалийн татваргүйгээр өөрийн зах зээлд нэвтрүүлнэ гэж мэдэгдэв. И Жэ Мён ойрын хоёр долоо хоногийн дотор Цагаан ордонд айлчилж, Трамптай уулзана гэж АНУ-ын ерөнхийлөгч нэмж хэлсэн байна.
Трамп энэ оны нэгдүгээр сард дахин албан тушаалдаа орсноос хойш, гадаад улсуудаас орж ирж буй бараанд олон тооны импортын татвар тогтоосон ба цаашид ч тариф тогтоохоо мэдэгдсэн юм. Тэрээр эдгээр татвар нь АНУ-ын үйлдвэрлэлийг дэмжиж, ажлын байрыг хамгаална гэж үздэг.