Open iToim app
Дэлхий | 3 мин уншина

Судалгаа: Улаанбурхан хүний дархлааны “ой санамжийг” устгах аюултай ч, вакцин түүнээс сэргийлдэг

Судалгаа: Улаанбурхан хүний дархлааны “ой санамжийг” устгах аюултай ч, вакцин түүнээс сэргийлдэг
Нийтэлсэн 2025 оны 7 сарын 31
Улаанбурхан өвчин нь хараагүй болох, уушгины үрэвсэл, хүнд хэлбэрийн суулгалт, бүр цаашлаад үхэлд хүргэж болзошгүй халдварт өвчин бөгөөд, ялангуяа хүүхдүүдэд ноцтой үр дагавар дагуулдаг.
Аз болоход, хүн төрөлхтөнд энэ өвчний эсрэг найдвартай, үр дүнтэй хамгаалалт бий. Тэр бол улаанбурханы вакцин. 2000–2023 оны хооронд энэ вакцин дэлхий даяар 60 сая гаруй хүний амь насыг аварсан гэсэн тооцоолол гарсан байдаг. Гэсэн хэдий ч вакцины энэ амжилтаас үл хамааран улаанбурханы тохиолдол манай улсад гэлтгүй дэлхийн олон оронд огцом өсч байна. Энэхүү өсөлт нь вакцин хийлгэхээс татгалзах хандлага, товлосон дархлаажуулалтын аянууд тасалдсан зэрэг олон шалтгаантай. Үүний улмаас олон хүүхдийн амь нас эрсдэлд орсоор байна.
Гэхдээ асуудал зөвхөн улаанбурхан өвчнөөр хязгаарлагдахгүй. Сүүлийн үеийн судалгаануудад дурдсанаар, улаанбурханы вакцин нь хүлээлтээс давсан, нэмэлт эрүүл мэндийн ашиг тустай байж болзошгүй аж. Вакцин хийлгэсэн хүүхдүүд улаанбурхантай холбоогүй бусад халдварт өвчнөөр өвчлөх эрсдэл мэдэгдэхүйц бага байдаг байна.
Энэ өргөн хүрээтэй ашиг тусын нэг нь “улаанбурханы ой санамжийн алдагдал” хэмээх үзэл санаа юм. Энэ нь улаанбурхан вирус хүний биеийн дархлааны системийн “ой санамжийн хэсгийг” устгах чадвартай байдагтай холбоотой. Дархлааны систем биднийг халдвараас хамгаалдаг олон төрлийн эсүүдээс бүрддэг. Зарим нь вирусийг саармагжуулдаг эсрэг бие үүсгэдэг бол, зарим нь халдвар авсан эсийг олж устгадаг. Дархлааны ой санамж гэдэг нь бие махбод өмнөх халдваруудыг "санаж" ирээдүйд хурдан хариу үйлдэл үзүүлэх чадвар юм.
Гэвч улаанбурханы вирус энэ “ой санамж”-ийг гэмтээж, тэдгээр дархлааны эсүүдийн тоо болон төрөл зүйлд сөргөөр нөлөөлдөг байна. Үүний улмаас хүүхдүүд өмнө нь дархлаа тогтсон олон төрлийн өвчнүүдэд дахин өртөмтгий болдог. Өөрөөр хэлбэл, улаанбурхан нь зөвхөн тухайн үед өвчлүүлээд зогсохгүй, хүүхдийн олон жилийн дархлааны хамгаалалтыг үгүй хийж болзошгүй юм.
Нэгэн судалгаагаар вакцин хийлгээгүй хүүхдүүдийн бие дэх улаанбурхантай хамааралгүй өвчнүүдэд үүссэн эсрэг биеийн 11–73 хувь нь улаанбурханаар өвчилсний дараа устаж байсан нь тогтоогджээ. Харин вакцин хийлгэсэн хүүхдүүдийн хувьд ийм дархлааны алдагдал ажиглагдаагүй нь вакцин энэ хор уршгаас хамгаалдаг болохыг харуулж байна.
Дархлааны ийм өргөн хүрээтэй суларсан байдал нь яагаад улаанбурханы дэгдэлтүүдийн дараа бусад халдварт өвчний тохиолдол нэмэгддэгийг тайлбарлаж ч магадгүй. Судлаачид энэ үзэгдлийг Баруун Африк зэрэг улаанбурхан болон бусад халдварт өвчний тархалт өндөр бүс нутагт нарийвчлан судалж байна.
Дархлаанд нэмэлт хүч өгдөг вакцин уу?
Улаанбурханы вакцин илүү өргөн ашиг тустай байдаг өөр нэг онол бол “тодорхой бус (non-specific) дархлааны нөлөө” юм. Хэрвээ улаанбурханы ой санамжийн алдагдал нь вирус дархлааг хэрхэн сулруулдгийг тайлбарладаг бол “тодорхой бус нөлөө” нь вакцин дархлааны системийг илүү хүчтэй болгодгийг харуулдаг.
Сүүлийн үеийн судалгаагаар улаанбурханы вакцин тодорхой төрлийн дархлааны эсүүдийн үйл ажиллагааг идэвхжүүлж, тэднийг бусад өвчний эсрэг илүү үр дүнтэй болгож байгааг харуулжээ. Зарим эрдэмтдийн үзэж буйгаар энэ дархлааны нэмэлт хүч нь зөвхөн улаанбурхан өвчнөөс хамгаалахаас гадна хүүхдүүдийг илүү эрүүл байхад чухал нөлөө үзүүлдэг байх магадлалтай гэнэ.
Аюул мартагджээ
1960-аад онд вакцин өргөн хэрэглээнд нэвтрээгүй байхад улаанбурхан жил бүр 2.6 сая хүний амь насыг авч оддог байв. Өнөө үед үүнийг төсөөлөхөд бэрх боловч энэ нь өөрөө асуудлын нэг хэсэг юм.
Улаанбурхан ховор болсон тул хүмүүс энэ өвчний ноцтой аюулыг мартаж эхэлсэн. Нэг өвчтөн вакцингүй орчинд эргэн тойрныхоо 90 хувь хүртэлх хүнийг халдварлуулж чадах хэмжээний хор хөнөөлтэй гэдгийг, мөн хоёр тун вакцин 90 хувиас дээш хамгаалалт үзүүлдэг гэдгийг хүмүүс мартаж байна.
Харин зарим хүрээлэлд энэ мартагдсан ой санамжийг илүү аюултай зүйл орложээ. Тэр нь итгэл алдрал. Вакцины тухай ташаа мэдээлэл, цуурхал, эсэргүүцэл нь вирус шиг хурдан тархаж байна. Гэвч улаанбурханы вакцин дархлааны ой санамжийн алдагдлыг зогсоож байгаагаас гадна дархлааг ерөнхийд нь сайжруулдаг байх ч магадлалтай аж. Тиймээс улаанбурханаас сэргийлж хүүхдүүддээ вакцин хийлгэх нь хамгийн зөв алхам юм.
Х.Бямбажаргал нь МУИС-ийг Олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн бөгөөд 2024 оноос iToim.mn сайтад сэтгүүлч, орчуулагчаар ажиллаж байна.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн