Open iToim app
Спорт | 2 мин уншина

Олимпын хос алтан медальт Германы биатлонч Лаура Далмайер 31 насандаа таалал төгслөө

Олимпын хос алтан медальт Германы биатлонч Лаура Далмайер 31 насандаа таалал төгслөө
Нийтэлсэн 2 өдрийн өмнө
Олимпын хос алтан медальт Германы биатлонч Лаура Далмайер Пакистанд ууланд авирч байгаад ослын улмаас нас барсан болохыг түүний менежментийн баг болон албаныхан лхагва гарагт мэдээллээ.
Пакистанд байрлах Альпийн клубын мэдээлснээр осол даваа гарагийн үд орчимд Лайла оргил дээр, далайн түвшнээс дээш ойролцоогоор 5,700 метрийн өндөрт болсон байна. Далмайер уулчдын хамт Пакистанд орших Каракорамын нурууны Лайла оргил руу авирч байхдаа чулууны нурангид өртсөн байна.
Даваа гарагт Лаурагийн авиралтын хамтрагч Марина Ева тусламж дуудан дохио илгээснээр аврах ажиллагаа эхэлсэн байна. Гэвч цаг агаарын тааламжгүй нөхцөлөөс шалтгаалан нисдэг тэрэг ослын газарт хүрч чадаагүй байна. Осол болсон газар алслагдсан байршилтай учраас аврах ангийн нисдэг тэрэг ослын газарт мягмар гарагийн өглөө хүрч, түүнийг ажиглах боломжтой болсон байна.
Түүний төлөөлөгчдийн хэлснээр, Далмайер газар дээрээ нас барсан байх магадлалтай бөгөөд хамт явсан уулчин нь ямар нэгэн гэмтэл авалгүй эсэн мэнд үлдсэн байна.
Лаура Далмайерийн менежментийн баг лхагва гарагт мэдэгдэл хийхдээ “Тэр осол гарсан тохиолдолд өөрийг нь аврахын тулд бусад хүмүүсийн амь насанд аюул учруулах ёсгүй” гэсэн хүсэлтийг урьдчилан гаргасан байсныг онцолжээ. “Тэр ийм нөхцөл байдал үүссэн тохиолдолд цогцсоо ууланд үлдээхийг зөвшөөрсөн. Түүний гэр бүлийнхэн ч үүнтэй санал нэгдэж байгаа” хэмээн нэмж дурджээ. Тухайн бүс нутгийн захиргаа гэр бүлийн шийдвэрийг бүрэн хүндэтгэнэ гэж мэдэгдсэн байна.
undefined
31 настай Лаура Дальмайер 2018 оны Өвлийн олимпод түүх бүтээж, нэг олимпод биатлоны спринт болон хөөх төрөлд алтан медаль хүртсэн анхны эмэгтэй тамирчин болж байв. Энэ амжилтаас жилийн өмнө тэрээр дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс таван алтан медаль хүртсэн анхны биатлонч болсон юм. Дальмайер 2019 онд буюу 25 насандаа спортын замналаа өндөрлүүлсэн.
Олон улсын Олимпын хорооны ерөнхийлөгч Кирсти Ковентри:
“Пёнчан 2018 өвлийн олимпод Лаура түүхэн амжилт гаргаж, ижил олимпод спринт болон мөрдөх уралдаанд алтан медаль авсан анхны эмэгтэй биатлонч болсон. Тэр үеийн дурсамж бидний зүрх сэтгэлд үүрд үлдэнэ” гэжээ.
Олон улсын биатлоны холбоо:
“Лаурагийн эрч хүч, амьдралд хандах хүсэл эрмэлзэл дэлхий даяар олон хүнд хүрч чадсан. Түүний өв, зөвхөн биатлоны спортод төдийгүй түүнээс цааш ч гэсэн, мартагдахгүй ирээдүйн олон тамирчин, адал явдал хайгчдад урам зориг өгсөөр байх болно” гэжээ.
Германы Олимпын Спортын Холбоо мөн эмгэнэл илэрхийлсэн байна.
Х.Бямбажаргал нь МУИС-ийг Олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн бөгөөд 2024 оноос iToim.mn сайтад сэтгүүлч, орчуулагчаар ажиллаж байна.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн