Open iToim app
Үйл явдал | 2 мин уншина

Өнөөдрөөс нутгийн зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орно

Өнөөдрөөс нутгийн зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орно
Нийтэлсэн 2025 оны 7 сарын 31
Цахим орчинд 10 хоног тасралтгүй бороо орно гэсэн мэдээлэл цацагдсан. Үүнтэй холбоотойгоор Цаг уур, орчин шинжилгээний газраас тодрууллаа.
Цаг уурч Б.Нямцэцэг: Гадуур 10 хоног бороо орно гээд маш буруу ташаал мэдээлэл түгээд байна. Тодорхой газар нутагт 10 хоног дараалан бороо орохгүй. Цаг уур, орчин шинжилгээний газраас ойрын таван хоногийн цаг уур, орчны урьдчилсан мэдээллийн танилцуулъя.
  • Өнөөдөр долоодугаар сарын 31-нд өдөртөө баруун болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орно.
  • Наймдугаар сарын 1-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар,
  • Наймдугаар сарын 2-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсэг, говийн аймгуудын нутгийн зарим газраар,
  • Наймдугаар сарын 3-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн баруун хэсэг, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар,
  • Наймдугаар сарын 4-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун болон өмнөд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.
Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Эг-Үүр, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө +5-аас +10 градус, өдөртөө +18-аас +23 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +20-аас +25 градус, өдөртөө +33-аас +38 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд хэсэг, Дарьгангын тал нутгаар шөнөдөө +15-аас +20 градус, өдөртөө +27-оос +32 градус, бусад нутгаар шөнөдөө +10-аас +15 градус, өдөртөө +22-оос +27 градус дулаан байна.
Г.Хэрлэн нь МУИС-ийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2024 оны наймдугаар сараас iToim.mn сайтад ажиллаж байна.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн