“Тайга” фестивалийн үеэр “The Hu” хамтлагийн “Юу вэ” дууг дуулж олны анхаарлыг татсан залуу бол Н.Чинбилэгт юм. Түүний артист нэр Chinkaze. Тэрээр Монгол Улсын их сургуулийн Мэдээллийн технологи, электроникийн сургуулийн гуравдугаар түвшний оюутан. Мөн өөрийнхөө ЭЕШ, програмчлал, англи хэлний түвшин ахиулах сургалт явуулдаг аж. Ингээд түүнтэй ярилцсанаа хүргэе.
-Юун түрүүнд “Тайга” феставилийн үеэр юу болсон талаар бидэнтэй хуваалцахгүй юү?
-Тайга фестиваль дээр Open Mic Mongolia болж байсан. Өмнө Open Mic Mongolia-д 2-3 удаа дуулж байсан болохоор манай нутагт зохион байгуулагдаж байгаа гэхээр нь оролцохоор шийдсэн. Миний хувьд Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын уугуул. Ер нь өмнөх шигээ энгийн хоолойгоор дуулахын оронд нууц чадвараа үзүүлье гээд хархирсан. The Hu-гийн дууг дуулахад тухайн үед “Open Mic Mongolia”-гаас таван хүнийг таван хүнийг тайзан дээр гаргахаар болсон. Миний ээлж ирэхэд дөрвөн төрлийн хоолойгоор хүмүүсийг хөгжөөгөөд дуулсан. Хүмүүст таалагдсан, таалагдаагүй зөндөө л сэтгэгдэл байсан.
-Ер нь анх хэрхэн хархираа хийж сурсан бэ?
-МУИС дээр Serenade гээд урлагийн клубийг 2024 оны хоёрдугаар сард анх үүсгэн байгуулж байсан. Тухайн үедээ хархираатай танилцаж оролдсоор байгаад хоёр сарын дотор л сурсан.
-”The Hu”-гийн дуу дуулсны дараа эмэгтэй хоолойгоор бас дуу дуулж байх шиг харагдсан?
-Миний хамгийн дуртай дуучин Dimash. Түүний сопран, тенор хоолойг гаргах гэж маш их хичээдэг. Мэдээж Dimash-ийн дууг дуулж барахгүй учраас эмэгтэй гоё дээшээ өнгөөр дуулдаг дуулж нэлээд шүүмжлэл авсан.
-Багаасаа л дуулах дуртай хүүхэд байсан уу. Аав, ээжийнх нь талаас дуулдаг хүмүүс байдаг уу?
-Сонирхолтой нь, хоёр талд ерөөсөө урлагийн хүн байдаггүй. Манай аавын тал бөхчүүд олонтой. Ээжийн талд бас урлагийн хүн огт байдаггүй. Намайг долоон настай байхад манай ээж дүүд зориулаад төгөлдөр хуур авч өгсөн. Тэр үед нь кинон дээр явж байсан аяыг сонсоод сонсголоороо дараад байсан намайг сонсголтой юм биш үү гээд хөгжмийн сургалтад явуулсан. Ингээд төгөлдөр хуурч Бат-Өлзий гээд багшаас хэсэг суралцаж байгаад хичээлдээ дарагдаад больсон. Ер нь хичээлээ хийгээд л завгүй байдаг хүүхэд байлаа. Сүүлд клубээ үүсгэн байгуулснаас хойш хөгжим, дуу гээд сонирхож эхэлсэн.
-Гэр бүлийнх нь дуулж байгаа бичлэгийг нь хараад бага зэрэг гайхсан уу?
-Харин аав фейсбүүкээр шейрлэхдээ “Энэ бацаан чинь юу вэ, юу вэ” гэсэн байсан. Урлаг талдаа сонирхолтой гэдгийг аав, ээж хоёр мэддэг л дээ. Хичээл, ажлаа алдагдуулахгүй урлагаа хобби болгоод явж болно гэдэг.
-Таны ажил мэргэжлийн хувьд урлагаас хөндлөн талдаа юм байна. Тэгэхээр чөлөөт цагаараа дуулах дуртай гэсэн үг үү?
-Тэгэлгүй яах вэ. Программист болох гэж байгаа. Түүнээс гадна олон улсын харилцаа, улс төр хувиараа сонирхдог. Судлаад, сонирхоод явж байхад хүнд бага зэргийн стресс нэмэгддэг. Тэгэхээр ганцаараа байхдаа хөгжим тоглоод дуулж тайвшраад сурсан. Хөгжим тоглосноор тайвширч бас шинэ санаа ч олдог.
-Дөрвөн төрлийн хоолойгоор дуулах амаргүй л байх даа?
-Миний хувьд дуучин биш. Гэхдээ өөрийнхөө хэмжээнд бүх хоолойг гаргаж үзэх гээд оролддог. Өөрийнхөө чадварыг хобби болгож хөгжүүлээд Dimash шиг сопрано хоолой гаргадаг болох юм сан гэж зорьдог. Анхандаа баритон хоолойгоор дуучин О.Энх-Эрдэнэ ахын дуунуудыг дуулах дуртай байсан. Түүний дуунуудад дуртай. Чойжоо, Наагий ах хоёрын хоолой ч бас гоё сонсогддог.
О.Энх-Эрдэнэ ахын дууг дуулж байгаад гэнэт л нэг өдөр Morningstar-ын дуунуудаас дуулж үзэх гээд хоолойгоо чангалаад үзсэн болж байна. Дараа нь хархирах гэж оролдсон болсон. Мөн эмэгтэй хоолой гаргаад дуулаад үзье гэсэн зарим хүнд таалагдсан. Таалагдаагүй гэсэн хүн ч цөөнгүй байсан. Өөрт бол гоё санагдсан.
-Олон хүн таныг дэмжээд таны дуу хоолойг сонсоод алга ташиж байх үеийн мэдрэмж ямар байсан бэ?
-Одоогоос 5-6 жилийн өмнөөс гоё том тайзан дээр гарч үзэх юм сан гэсэн том мөрөөдөлтэй байсан. “Тайга” фестивалийн тайзан дээр гарахаасаа өмнө “Энэ бол чиний тайз. Чи өөрийнхөө хүсэл мөрөөдлийг биелүүлж байгаа болохоор хамгийн сайнаараа хичээх хэрэгтэй гэж бодсон. Ер нь зоригтой гарсан гэх юм уу. Хүмүүс миний хоолойг сонсоод дэмжээд, алга ташиж байхад “Хийх зүйлээ хийж чадлаа” гэж бодсон.
-Таныг дэмжиж байгаа хүмүүст хандаж үг хэлбэл?
-Гоё сэтгэгдэл бичиж намайг дэмжсэн бүх хүмүүстээ баярлалаа.
-Нууц биш бол цаашдын зорилгоосоо хуваалцвал?
-Өөрийнхөө гаргаж байгаа бүх хоолойгоор дуу зохиож үзье гээд хувиараа оролдоод л байна.Миний эргэн тойрныхон урлагаас бага зэрэг хол хүмүүс байдаг. Иймээс зөв зааж чиглүүлэх хүн хомс учраас бор зүрхээрээ л өөрөө хичээж байгаа. Хийсэн зүйлтэй болоод асуух хүн байвал асууж үзье гэж бодож байна. Түүнчлэн, миний хувьд боловсролын чиглэл рүү анхаарч ажиллаж байна. Боловсролын системийг өөрчилье гээд залуу хүний хувьд жижиг алхам хийж сургалтын төв байгуулсан. Энэ жил миний бэлдсэн хүүхдүүд өндөр оноо авч, хүссэн сургуулиуд руугаа орж чадсан. Ойрын 10-20 жилийн хугацаанд боловсролын салбарт шинэчлэл оруулсан хүн болмоор байна.
-Боловсролын салбарт ямар шинэчлэл оруулахыг хүсэж байгаа вэ?
-Ангид таван хүүхэд байлаа гэж бодоход амьтнаар зүйрлэвэл сармагчин, заан, загас, могой, нохой гээд бүгд өөр өөрийн сурах онцлогтой. Гэтэл одоогийн боловсролын систем бүгдээс нь модонд авирах шалгалт авна. Тэр нь модонд авирах гэвэл сармагчнаас бусад амьтанд хэцүү. Тийм тогтолцоотой байгаа учраас хүүхэд юунд сонирхолтой байгаагаас нь хамаарч хичээлээ орвол илүү сайн ойлгоно. Хүүхэд бүр тодорхой хэмжээнд математик, нийгэм, англи хэлийн мэдлэгтэй байх хэрэгтэй энэ гурван чиглэлд хичээл заадаг. Энэ гурваа
-Ярилцсанд баярлалаа. Амжилт хүсье.