Америк, Хятад хоёр улс ээлжит худалдааны хэлэлцээгээ хийсэн ч, ямар нэгэн бодит ахиц гаргалгүйгээр өндөрлүүллээ. Шведийн Стокхольм хотод болсон энэхүү хэлэлцээ нь тавдугаар сард байгуулсан тарифын зохицуулалтын хугацаа ирэх сард дуусах гэж байгаатай давхцаж байгаа бөгөөд хоёр улс харилцан тарифаа нэмэгдүүлсэн дөрөвдүгээр сарын нөхцөл байдал дахин давтагдах эрсдэлийг бий болгож байна.
АНУ-ын Сангийн сайд Скотт Бессент хоёр тал зарим арга хэмжээгээ зогсоогоод буй энэхүү түр тохиролцоог сунгах эсэхийг Ерөнхийлөгч Дональд Трамп шийднэ гэв. Харин Хятадын худалдааны хэлэлцэгч Ли Чэнган хоёр тал энэхүү тохиролцоог хадгалахын төлөө хамтран ажиллах болно гэж мэдэгджээ.
Бээжин болон Вашингтон зөвхөн тарифаас гадна олон асуудлаар санал зөрөлдөөнтэй хэвээр байна. Үүнд АНУ-ын зүгээс Хятадын ByteDance компанийг TikTok-оо худалд гэж тавьсан шаардлага, мөн Хятадаас стратегийн ач холбогдолтой эрдэс баялгийн экспортын хурдыг нэмэгдүүлэх шаардлага зэрэг багтжээ.
Трамп Ерөнхийлөгчөөр дахин томилогдсоныхоо дараахан Хятадын бараа бүтээгдэхүүнд ногдуулах тарифыг нэмэгдүүлж эхэлсэн. Хятад ч хариуд нь өөрийн тарифыг нэмэгдүүлж, хоёр талын зөрчил хурцадсаны үр дүнд тарифын хувь гурван оронтой тоонд хүрсэн юм. Үүний дараа тавдугаар сард түр тохиролцоонд хүрсэн билээ. Тухайн үед Хятадын бараа бүтээгдэхүүнд оноож байсан тариф нэмэлтээр 30 хувьд хүрсэн бол АНУ-ын бараанд Хятадын тавьсан шинэ тариф 10 хувь байв.
АНУ-ын албаны хүмүүсийн хэлснээр хэрэв энэ тохиролцоо наймдугаар сарын 12-ны дотор сунгагдахгүй бол тарифууд дахин “буцаж өсөх” магадлалтай байгаа аж.
Хэлэлцэгч талууд хоёр улсын эдийн засгийн байдал, Трамп болон Хятадын төрийн тэргүүн Ши Жиньпин нарын өмнө нь тохирсон зүйлсийн хэрэгжилт, мөн шинэ технологиудад (жишээлбэл, цахилгаан автомашин) чухал үүрэгтэй ховор металлын асуудлыг хөндсөн байна. АНУ мөн Хятадтай Орос, Ираны асуудлаар хийж буй харилцааг сөхөж тавьжээ.
Трамп Хятадын худалдааны ашигтай байдалд олон жил шүүмжлэлтэй хандаж ирсэн. Өнгөрсөн онд АНУ Хятадаас 295 тэрбум ам.долларын илүү бараа худалдан авсан нь хоёр талын худалдааны тэнцвэрт харилцаанд сөргөөр нөлөөлсөн гэж үзсэн. АНУ-ын Худалдааны төлөөлөгч Жэймисон Грирын хэлснээр энэ жилийн дотор АНУ уг алдагдлыг 50 тэрбум ам.доллараар бууруулах замдаа орсон гэв.