Засгийн газрын ээлжит хуралдаанаар өнөөдөр өвөлжилтийн бэлтгэл болон бусад хэд хэдэн асуудлыг хэлэлцсэн билээ. Хуралдааны дараа Ерөнхий сайдын ахлах зөвлөх Б.Даваалай болон Сангийн сайд Б.Жавхлан мэдээлэл өглөө.
Ерөнхий сайдын ахлах зөвлөх Б.Даваадалай: Ерөнхий сайд Засгийн газрын гишүүдэд онцгой анхааруулж ялангуяа 2026 оны төсвийг иргэдийн оролцоог дээд зэргээр хангасан байхаар зохион байгуулахыг үүрэг чиглэл болголоо. Төсвийн төлөвлөлт, хуваарилалт бүх шат болгонд олон нийтийн оролцоог хангах хуулийн заалттай. Г.Занданшатар Ерөнхий сайдын Засгийн газар хүний хөгжлийг хамгийн том мега төсөл байхаар зарласан. Төрийн бүтцийг цомхон, төрийн албаны шинэчлэл хийх, төрийн компаниудыг зохистой засаглалтай болгох, тоог нь цөөрүүлэх болон бусад төрлийн олон бодлогыг дэвшүүлж ажиллаж байгаа. Энэ хүрээнд дөрвөн чиглэлээр Ерөнхий сайд чиглэл болгосон. Үүнд:
Нэгдүгээрт, 2026 оны төсвийн төслийг боловсруулахдаа олон нийтийн оролцоог дээд зэргээр хангаж хоёр үе шаттайгаар олон нийтийн зохион байгуулах юм. Ингэхдээ наймдугаар сарын 1-нээс эхлээд цахим байдлаар тулгамдаж байгаа болон тэргүүлэх асуудлыг эрэмбэлэх санал авахыг үүрэг болголоо. Төсвийн төслийг наймдугаар сарын 15-нд Сангийн яам Засгийн газарт өргөн барих ёстой. Энэ хүртэл ард иргэд, ААН-ээс тодорхой саналууд авч тусгасан байхыг үүрэг болголоо. Ингээд Засгийн газарт өргөн барьсны дараагаар есдүгээр сарын 1-нд УИХ-д өргөн барих ёстой. Энэ хугацаанд хоёр дахь шатны танхимаар хэлэлцүүлгийг зохион байгуулахыг яам, сайд болгонд үүрэг чиглэл
Хоёрдугаарт, байнгын ажиллагаатай санал авах тогтолцоог бүрдүүлье. E mongolia платформоор дамжуулж иргэдээс цахимаар санал авъя. Мөн 1111 гар утасны аппликейшнаар дамжуулж санал авъя. Цахим хуудас, шуурхай утас ажиллуулах зэрэг бүх боломжит хэлбэрээр саналыг цуглуулах үүрэг чиглэл
Гуравдугаарт, наймдугаар сард 14 хоногийн хугацаанд иргэд, иргэний нийгмийн байгууллагад Төсвийн тухайн хуулийн 10.2-т заасанчлан Төсвийн тогтвортой байдлын зөвлөл, төсөв санхүү хариуцсан бүх албан тушаалтнуудтай Сангийн яам нээлтэй хэлэлцүүлэг зохион байгуулж тодорхой салбарын чиглэл тусгах үүрэг чиглэл. Аль болох ард иргэд, ААН-ийнхээ нуруунд ачаалал үүрүүлэхгүйгээр тэдгээрийг яаж дэмжиж болох тал дээр түлхүү анхаарч байгаа.
Дөрөвдүгээрт, хэлэлцүүлгээс гарсан эдийн засгийн үр ашигтай, нийгмийн ач холбогдолтой, тэр дундаа олон нийтийн дунд шүүмжлэл дагуулдаг зарим зардлыг бууруулах, ач холбогдлоор нь эрэмбэлэх энэ асуудалд онцгой анхаарах үүрэг чиглэл зэрэг багтаж байна.
Б.Жавхлан: Татварын багц шинэчлэлийг намрын чуулганаар өргөн барьж хэлэлцүүлнэ
Сангийн сайд Б.Жавхлан: Засгийн газар 2026 оны улсын төсвийг боловсруулахаар ажиллаж байна. Төсөв боловсруулах шатанд олон нийтийг мэдээллээр хангах үүргийг Ерөнхий сайд өглөө. Энэ хүрээнд ирэх наймдугаар сарын турш ард, иргэдээс саналыг хүлээн авч, хэлэлцүүлэг хийнэ. Олон нийтийн саналыг Emongolia системээр дамжуулан наймдугаар сарын 1-ээс эхлэн авна. Саналын үр дүнд яамдад анхан шатны боловсруулалт хийгээд олон нийтэд мэдээлнэ.
Дэлхий нийтээр ирэх жилүүдэд эдийн засгийн өсөлт хязгаарлагдмал байх тооцоололтой байна.
Энэ нь төслийн шинэчлэлтийн хүрээнд хийж байгаа зөв бөгөөд томоохон алхам. Олон нийт ямар ч санал ирүүлж болно. Хамгийн гол нь Засгийн газраас боловсруулсан бодлого, хөгжлийн төлөвлөгөө, Төсвийн тухай хуультай нийцсэн байх ёстой гэх мэт ерөнхий шаардлагуудыг хангасан байх ёстой.
Хүн бүр санал өгөх эрхтэй. 2026 оны төсвийн бодлого, урсгал зардал болон хөрөнгө оруулалт бүр дээр иргэдийн саналыг авна. Ийм идэвхтэй оролцохыг уриалж байна. Ирэх онд дэлхийн эдийн засаг саарах шинжтэй байгаа учраас төсвийн суурь тоонуудыг ЭЗХЯ-аас наймдугаар сарын 10 гэхэд ирүүлэх ёстой. Ингээд төсвийн хүрээний тоонуудад багтааж төсвийн төслөө хэлэлцэнэ. Есдүгээр сарын 1 гэхэд төсвөө өргөн барина.
Макро тоонуудын төлөвлөлтийн хүрээнд Засгийн газар төсвөө багтааж ажиллах юм. Тодотголоор баталсан төсвийн хүрээний тооноос зөрөхгүй байх ёстой. 2026 оныг Хүний хөгжил, боловсролын жил болгохоор хөгжлийн төлөвлөгөөнд тусгасан учраас зардлын хувьд 25 хувьд багтаана гэдэгт орж ирэх байх. Төрийн төсвөөс санхүүждэг үйлчилгээг хувийн хэвшлээр хийлгэх, хувийн хэвшилд бизнесийн шинэ боломжийг нээж өгөх, тэтгэвэр тэтгэмж авагчдын нийгмийн баталгааг хангах, эдийн засгийн хүндрэлийн үед зорилтот бүлэг рүү чиглэнэ. Тэтгэврийг тухайн жилийн инфляцтай уялдуулж нэмдэг жишгээрээ явна. Одоогийн хүчин төгөлдөр хэрэгжиж байгаа 200 гаруй хуулийн хүрээнд төсвийн хүрээг багтаах асуудал бий. Сүүлийн жил орчмын хугацаанд олон ажлын хэсэгтэй хамтарч татварын багц шинэчлэлийг бид бэлдсэн байгаа. Төсвийн хуулийг дагуулж бус цаг хугацааны хувьд зэрэгцүүлээд барихаар төлөвлөж байна. УИХ-ын намрын чуулган эхлэхээр аравдугаар сарын 1-нд төсвийн анхны хэлэлцүүлэг зохион байгуулна. Энэ жилээс төсвийн таван хэлэлцүүлэг явуулна.