Open iToim app
Спорт | 2 мин уншина

The MongolZ баг Vitality-аас өшөөгөө авч чадах уу

The MongolZ баг Vitality-аас өшөөгөө авч чадах уу
Нийтэлсэн 2025 оны 7 сарын 29
Цахим спортын Counter-Strike 2 төрлийн дэлхийн хамгийн нэр хүндтэй тэмцээнүүдийн нэг болох “IEM Cologne 2025” тэмцээний тоглолтууд явагдаж байгаа билээ. Энэхүү тэмцээнд Ази тивийн хамгийн шилдэг баг, “HLTV” чансаагаар дэлхийд гуравдугаар байранд бичигдэж байгаа “The MongolZ” хоёр хожилтой плэй оффын эрхээ баталгаажуулсан.
Тэд эхний тоглолтдоо “3D Max” багийг 2:0-оор хожсон бол өнгөрсөн ням гарагт “Falcons” багийг мөн 2:0-оор ялсан юм. Тэд өнөө орой өнгөрсөн “BLAST.tv Austin Major”-ийн аваргууд болох "Vitality" багийн эсрэг бүсээсээ нэгээр гарах эрхийн төлөө тоглоно. Хоёр баг хамгийн сүүлд “Austin Major”-ийн "Grand Final"-д өрсөлдөж, эхний Mirage map дээр “The MongolZ” хожсон ч зөрөөд Dust 2, Inferno гэсэн хоёр map дараалж хожигдсоноор “The MongolZ” “Austin Major”-ийн дэд аварга болсон юм.
“Vitality”-ийн хувьд хамгийн сүүлд BO3/BO5- ийн цувралд 185 хоногийн өмнө хожигдож байжээ. Тэд одоогийн байдлаар 36 тоглолт дараалж хожсон амжилттай явж байна. Харин энэ хожлын цувралыг зогсоож чадах баг нь “The MongolZ” байх уу гэдэг хүлээлт үүсээд байна. Хоёр баг 2025 он гарснаас хойш нийт таван удаа учраа тааран тоглоход бүгдэд нь “Vitality” ялалт байгуулсан байна. Мөн бүх тэмцээний хүрээнд нийт 18 map  тоглоход “The MongolZ” гуравт нь ялалт байгуулж байжээ. Тэдний анхны ялалт нь “ESL Pro League Season 21” тэмцээнд Nuke map дээр байсан бол, дараагийн ялалтаа “IEM Dallas 2025” тэмцээнд мөн адил Nuke дээр авсан байна. Харин гурав дахь ялалт нь өмнө дурдсан “Austin Major”-ийн Mirage map дээрх тоглолт юм.
Хэрвээ тэд Vitality багийг хожиж чадвал дэлхийн хамгийн шилдэг багийн хожлын цувралыг зогсоож,  өшөөгөө авахаас гадна “IEM Cologne 2025” тэмцээнд бүсээсээ нэгээр гарах эрхийг авч чадах юм.
Б.Өсөхбаяр нь 2025 оноос iToim.mn сайтад ажиллаж байгаа бөгөөд тэрээр МУИС-ийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн