Хамгийн анх допинг илэрсэн бөх бол Төв аймгийн Сэргэлэн сумын харьяат бөх, Дархан аварга А.Сүхбат. 2002 онд түүнээс анаболик стероид гэх бодис илэрч, Баяр наадмын зохион байгуулах хорооноос түүний чимгийг хураах шийдвэр гарч байв. Тухайн үед улсын аварга цолтой байсан А.Сүхбат допингоо хүлээн зөвшөөрөөгүй учир шүүхэд хандаж, улмаар шүүхийн шийдвэр түүний талд гарсан юм. Ингээд А.Сүхбат аварга ямар ч шийтгэлгүй өнгөрсөн. Дараа нь тэрээр 2006 онд шинжилгээ өгөхөөс татгалзсан тул допинг илэрсэнд тооцсон юм.
Говь-Алтай аймгийн Бугат сумын харьяат бөх, улсын начин Д.Батбаяраас 2003 онд допинг илэрсэн. Баяр наадмын зохион байгуулах хороо түүний цолыг хураах шийдвэр гаргаж байв. Д.Батбаяр шүүхэд гомдол гаргасны дагуу хэлэлцээд хүчингүй болгосон юм.
Ховд аймгийн Мөст сумын харьяат бөх, улсын заан Ц.Мягмарсүрэн, Хөвсгөл аймгийн Галт сумын харьяат бөх, улсын харцага Г.Ганхуяг нараас 2004 онд допинг илэрсэн.
Архангай аймгийн Булган сумын харьяат бөх, улсын гарьд Д.Рагчаа, Сэлэнгэ аймгийн харьяат бөх, улсын аварга Г.Эрхэмбаяр нараас 2006 онд допинг илэрсэн. Д.Рагчаагийн допинг хэрэглэснийг шүүх 2012 онд тогтоосон. Тухайн үед Д.Рагчаа улсын заан цолтой байсан. Улмаар түүнийг гэм буруутайд тооцох үед улсын гарьд цол авчихсан байсан тул чимгийг нь хураагаад л өнгөрч, Ц.Магалжавт улсын заан, Ш.Уламбаярт улсын харцага цол олгосон.
Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын харьяат бөх, улсын заан Б.Соронзонболд, Завхан аймгийн Дөрвөлжин сумын харьяат бөх, улсын начин Б.Сумъяабэйс нараас 2009 онд допинг илэрсэн. Улмаар тэдний давааг хүчингүйд тооцон, чимгийг нь хурааж, өнөөгийн улсын арслан Б.Ганбат, улсын заан Д.Баасандорж нарт чимэг нөхөж олгосон.
Ховд аймгийн Мянгад сумын харьяат бөх, улсын харцага Г.Алтангэрэл, Ховд аймгийн Чандмань сумын харьяат бөх, улсын начин Ч.Цогбаяр нараас 2011 онд допинг илэрсэн. Тэр жилийн наадмаас Г.Алтангэрэл улсын харцага, Ч.Цогбаяр улсын начин цол авсан юм. Улмаар тэдний барилдах эрхийг хоёр жилээр хассан
Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын харьяат бөх, улсын арслан Х.Мөнхбаатар, улсын начин Б.Сугаржаргал нараас 2012 онд допинг илэрсэн. Х.Мөнхбаатарын барилдах эрхийг гурав, Б.Сугаржаргалынхыг зургаан сараар хасаж байв. Допинг илэрсэн бөхөд хамгийн хөнгөн шийтгэл оногдуулсан тохиолдол энэ. Улмаар Х.Мөнхбаатарт өвдөг шороодсон Т.Санчирт улсын заан, Ж.Амартүвшинд улсын харцага цол нөхөж олгосон юм.
Архангай аймгийн Тариат сумын харьяат бөх Н.Адьяабат, Говь-Алтай аймгийн Тонхил сумын харьяат бөх Б.Суманчулуун нараас 2014 онд допинг илэрсэн. Улмаар тухайн үед тэдний цолыг хураасан юм. 2021 онд Ерөнхийлөгч асан Х.Баттулга зарлиг гарган, Н.Адьяабат, Б.Суманчулуун нарын цолыг хураасныг хүчингүй болгожээ. Ингэснээр тэдний цолыг хасаагүйд тооцон, улсын начин цол нь сэргэсэн юм.
Баян-Өлгий аймгийн Булган сумын харьяат бөх, улсын начин Б.Баатарцол, Увс аймгийн Тэс сумын харьяат бөх, аймгийн арслан Б.Ганзориг нараас 2016 онд допинг илэрсэн. Улмаар Б.Баатарцолын барилдах эрхийг хоёр жилээр хасан, Б.Ганзоригийн улсын начин цолыг хураасан юм.
Говь-Алтай аймгийн Чандмань сумын харьяат бөх, улсын гарьд Н.Ганбаатар, Дорноговь аймгийн харьяат бөх, улсын харцага А.Цацабшир, Говь-Алтай аймгийн Бугат сумын харьяат бөх, улсын начин А.Бямба-Очир нараас 2018 онд допинг илэрсэн. Улмаар Н.Ганбаатар, А.Цацабшир нарын чимгийг хураан, барилдах эрхийн хоёр жилээр хасаж, Ц.Бямба-Очирын улсын начин цолыг хураахаар шийдвэрлэсэн юм.
Үүний дараа Ц.Бямба-Очир “Хориотой эмийг эмчийн жорын дагуу хэрэглэсэн бөгөөд мэдэх боломжгүй байсан” гэсэн үндэслэлээр шүүхэд хандсан. Шүүх хэлэлцээд “Үндэсний баяр наадам болохоос 30 хоногийн өмнө аливаа эм, эмийн бэлдмэл хэрэглэсэн тухайгаа мэдүүлсэн тохиолдолд баяр наадамд барилдах эрх хязгаарлагдахгүй бөгөөд цол авсан, түрүүлсэн эсэх асуудал үгүйсгэгдэхгүй. Мөн эмчийн жорын дагуу түүний буруугаас болоогүй буюу мэдээгүй” гэсэн үндэслэлээр улсын начин цолыг нь хэвээр үлдээж, барилдах эрхийг нь хоёр жилээр хассан юм.
2018 оны нэгдүгээр сард БТСУХ, МҮБХ хамтран наадмын бус үед гэнэтийн шинжилгээ авахад улсын гарьд Ө.Бат-Орших, улсын заан Б.Пүрэвсайхан, улсын начин Э.Даш, аймгийн арслан Б.Номиндалай, сумын заан С.Майнбаяр нараас сэргээш илэрч, барилдах эрхээ хоёр жилээр хасуулсан.
Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат бөх, улсын арслан Э.Оюунболд, Баянхонгор аймгийн харьяат бөх, улсын начин Д.Цэрэнтогтох нараас 2019 онд допинг илэрсэн. Улмаар тэдний барилдах эрхийг хоёр жилээр хассан. Үүний дараа Э.Оюунболд шүүхэд хандаад ялсан тул хоёр жилээр хассан шийдвэрийг хүчингүй болгосон юм. 2021 онд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гарган, Э.Оюунболдын улсын аварга цолыг хураасан. Улмаар түүнд өвдөг шороодсон Н.Батсуурьд даян аварга, Д.Анард улсын заан, Б.Цэдэнсодномд улсын харцага, Н.Мустафад улсын начин цол, Ц.Содномдоржид “Үлэмж бадрах” чимэг нөхөн олгосон юм.
2020 онд Улсын баяр наадамд барилдсан дархан аварга Н.Батсуурь, улсын арслан Р.Пүрэвдагва, аймгийн арслан Ө.Бат-Орших нараас допингийн төрлийн бодис илэрч тухайн үед буруугаа хүлээн зөвшөөрч 11-12 сарын хугацаатай барилдах эрхээ хасуулж байлаа.
Дархан аварга Н.Батсуурьд тавын даваанд унасан аймгийн арслан Б.Суманчулуунд улсын начин цол, зургаагийн даваанд унасан аймгийн харцага Ц.Мөнхбаярт улсын харцага цол, долоогийн даваанд унасан улсын харцага Ц.Одбаярт улсын заан цол, наймын даваанд унасан улсын Заан М.Бадарчид улсын гарьд цолыг нөхөн олгосон.
Улсын арслан Р.Пүрэвдагвад тавын даваанд унасан улсын начин Б.Эрдэнэхүү чимэг нэмэж, Зургаагийн даваанд унасан улсын начин Ш.Пүрэвгардид улсын харцага цол олгосон. Аймгийн арслан Б.Бат-Оршиход тавын даваанд унасан аймгийн арслан Ц.Сандагдорж улсын начин цол, зургаагийн даваанд унасан улсын начин Б.Орхонбаяр улсын харцага цолыг Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зарлигаар тус тус нөхөн олгосон билээ.
2021 онд Залуучуудын холбоо байгуулагдсаны 100 жилийн ойн 512 бөхийн барилдаанд барилдсан бөхчүүдээс допингийн шинжилгээ авахад улсын арслан Э.Оюунболд, Аймгийн арслан Н.Батсайхан, Б.Хадбаатар, аймгийн заан Б.Уртнасан нараас допингийн төрлийн хориотой бодис илэрч 2-4 жилийн хугацаанд тэдний барилдах эрхийг хассан.
2022 оны Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн үндэснийх их баяр наадамд дөрөв давсан улсын харцага Т.Бэгзсүрэнгээс хориотой бодис илэрч, барилдах эрхээ хоёр жилээр хасуулж байв.
2023 оны Үндэсний их баяр наадмын түрүү бөх улсын гарьд М.Бадарчаас допингийн төрлийн хориотой бодис илэрч барилдах эрхээ дөрвөн жилээр хасуулж арслан цолоо хураалгав.
Улсын гарьд М.Бадарчид тавын даваанд унасан аймгийн арслан Б.Баянмөнх улсын начин цол, зургаагийн даваанд унасан улсын начин Э.Даш улсын харцага цол, долоогийн даваанд унасан улсын харцага С.Сүхбат улсын заан цол, наймын даваанд унасан улсын аварга О.Хангай чимэг нэмж, үзүүр түрүүнд өвдөг шороодсон улсын гарьд Ц.Бямба-Отгон улсын арслан цол тус тус Ерөнхийлөгчийн зарлигаар нөхөн олгосон юм.
2024 оны Үндэсний их баяр наадамд дөрөв давсан цэргийн арслан Г.Жамбалдорж, аймгийн арслан Г.Хишигбат нараас допингийн төрлийн хориотой бодис илэрч тэдний барилдах эрхийг гурван жилээр хасаж байв. Өнөө жилийн Үндэсний баяр наадмын өмнө Монголын Үндэсний Допингийн эсрэг байгууллагаас барилдах эрхийг нь гурван жилээр хассан байсныг нэг жил болгон бууруулж нэг жил болгон бууруулсан билээ.
Хэрвээ 2025 оны Үндэсний их баяр наадамд үзүүрлэсэн улсын гарьд Н.Өсөхбаяраас илэрсэн допингийн зөрчил ноцтой нь тогтоогдож, цолыг нь хураахаар бол унасан бөхчүүд чимэг л нэмэх юм. Учир нь улсын гарьд Н.Өсөхбаяр:
-Дөрвийн даваанд улсын харцага Г.Бадрах
-Тавын даваанд улсын гарьд Б.Гончигдамба
-Зургаагийн даваанд улсын заан М.Лхагвагэрэл
-Долоогийн даваанд улсын заан Б.Пүрэвсайхан
-Наймын даваанд дархан аварга Н.Батсуурь нарыг давсан юм.