БЗД-ийн 26-р хорооны иргэд 16 давхар, 2 блок орон сууц барихаар хүч түрэмгийлж байгаа "Ай Би Эй" ХХК-д иргэд шаардлага тавьж эсэргүүцэж байгаагаа илэрхийллээ. Тодруулбал, тус хороонд Ай Би Эй ХХК хууль зөрчиж орон сууц барих зөвшөөрөл авсан аж. Оршин суугчдын зүгээс хяналт, шалгалтын газраас хууль зөрчсөн байна гэдгийг нь нотолсон байхад хаалгаа түгжээд өдөр, шөнөгүй барилга барьж байгааг шүүмжлэв. Түүнчлэн, энэ барилгын оронд сургууль, цэцэрлэг, хүүхдийн тоглоомын талбай бариулах хүсэлтэй байгаагаа НИТХ-д хандан хэлжээ.
НИТХ-аас Захиргааны хэргийн шүүхэд хандаж байгаа бөгөөд анх зөвшөөрөл олгосон байгууллага руу хандаад байгаа талаар НИТХ-ын гишүүн Ч.Батзориг мэдээллээ.
Тэрээр “Анх 2025 оны зургаадугаар сарын 27-нд энэ талаарх гомдол мэдээлэл надад ирсэн. Оршин суугчид энэ газрын асуудал нь "Aqua garden" буюу олон нийтийн нэрлэсэн Авлига хороолол шиг зүйл болох вий гээд байна. Бид захиргааны процессын дагуу зохих байгууллагад хандаад явж байтал барилга хурдацтай баригдлаа гээд оршин суугчид тэмцээд байна.
Хотын удирдлагын зүгээс цэцэрлэг, сургууль,өрхийн эмнэлэг, хорооны барилга, олон давхар зогсоол барих гээд хамтран ажиллах тал дээр хэд хэдэн удаа хүсэлт тавьсан. Ер нь 2025 оны зургаадугаар сард Нийслэлийн газрын албанаас энэ газрын зөвшөөрлийг цуцална гэдгээ мэдэгдлээр тус компанид нь хүргүүлсэн. Гэтэл Хот төлөвлөлт стандартын газар барилга барих зөвшөөрөл давхцуулан олгосон. Энэ нягтаршилтай бүсэд 0.7 га газарт 280 айл цаашлаад 1000 гаруй оршин суугчид амьдарч байгаа нь иргэдийн аюулгүй орчинд амьдрах эрхийг зөрчиж байна. БЗД-ийн 26-р хороо 28900 хүн амтай. Энэ гурван сумын хүн амтай тэнцэж байна” гэлээ.