Нойр булчирхайн үрэвсэл түүнээс урьдчилан сэргийлэх арга замуудын талаар Улсын Хоёрдугаар төв эмнэлгийн хоол боловсруулах эрхтэн судлалын эмч С.Мягмаржаргалтай ярилцлаа.
-Нойр булчирхайн өвчлөл залуужих болсон гэх статистик бий. Нойр булчирхайн өвчлөлд нөлөөлж буй хүчин зүйл юу байна вэ. Юунаас үүдэлтэйгээр хүн амын дунд энэ өвчлөл ихээр гараад байгаа вэ?
-Сүүлийн жилүүдэд нойр булчирхайн үрэвсэл болон хорт хавдрын тохиолдол залуусын дунд нэмэгдэх хандлага илэрхий болж байна. Энэ бол үнэхээр санаа зовоох асуудал бөгөөд шалтгаан нь ихэнхдээ бидний амьдралын хэв маягтай холбоотой гэж үзэж болно. Нойр булчирхай хэмээх эрхтэн биеийн бодисын солилцоонд голлох үүрэгтэй, маш мэдрэмтгий бүтэцтэй байдаг. Энэхүү эрхтэн нь хоол боловсруулах энзимүүд болон цусан дахь сахрын хэмжээг зохицуулдаг инсулин зэрэг олон чухал бодисыг ялгаруулах чухал үүргээ өдөр бүр, тасралтгүй гүйцэтгэж байдаг болохоор хэт ачаалалтай нөхцөлд амархан ядарч, цуцаж, улмаар үрэвсэхэд хүрдэг. Нэмж хэлэхэд, архи, тамхины хэрэглээ залуусын дунд хэвийн үзэгдэл мэт болж байгаа нь ноцтой асуудал гэж болно. Архи нь нойр булчирхайн дотор байх идэвхгүй хэлбэрээр ялгардаг хоол боловсруулагч энзимүүдийг огцом идэвхжүүлснээр тус эрхтэн өөрийн эдийг өөрөө гэмтээж үрэвсэл үүсгэх том шалтгаан юм. Харин тамхи нь нойр булчирхайг төдийгүй бусад олон эрхтэн системд хорт хавдар үүсгэх эрсдэлийг нэмэгдүүлдгийг дэлхийн олон орны судалгаанууд баталсан байдаг. Түүнчлэн, хөдөлгөөний дутагдал, илүүдэл жин, цусан дахь сахрын өндөр хэмжээ, чихрийн шижин зэрэг нь бүгд нойр булчирхайд удаан хугацаанд дарамт үзүүлдэг чимээгүй хүчин зүйлүүд юм. Энэ бүхэн нийлээд эрхтний үйл ажиллагааг алдагдуулж, үрэвслийн хөрс бүрдүүлдэг. Эцэст нь стресс, сэтгэлзүйн дарамт ч бас дотоод эрхтний, тэр дундаа нойр булчирхайн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж байдгийг мартаж болохгүй.
-Нойр булчирхай үрэвсэх шалтгааны дийлэнх хувь нь буруу хооллолт, хоолны дэглэмтэй холбоотой гэж байна. Нойр булчирхайгаа үрэвсүүлэхгүй байхын тулд ямар хүнснээс татгалзаж, аль хүнсийг түлхүү хэрэглэх вэ. Мөн нойр булчирхайн үрэвсэлтэй тохиолдолд ямар хоолны дэглэм барих талаар зөвлөгөө өгөхгүй юү?
-Бид элэг, ходоод зэрэг эрхтэндээ илүү их анхаарал хандуулдаг хэр нь нойр булчирхайг тэр бүр анзаараад байдаггүй. Учир нь нойр булчирхай маш чимээгүй, даруухан хэр нь өдөр бүр бидний идсэн хоолыг боловсруулж, цусан дахь сахрын хэмжээг хянаж, бие махбодын тэнцвэрийг чимээгүйхэн барьж байдаг амин чухал эрхтэн юм. Харин өвчилж гэмтсэн тохиолдолд маш догшин хариу урвал үзүүлж, нэн хүнд харамсалтайгаар төгсдөг аюултай эрхтэн гэж ойлгож хайрлах хэрэгтэй. Тиймээс нойр булчирхайгаа хамгаалахад анхаарах хамгийн энгийн бөгөөд хамгийн үр дүнтэй арга бол зөв зохистой хооллолт гэдгийг санаж явахад илүүдэхгүй. Ажиглаад байхад өнөө үед бидний амьдралын хэмнэл хурдтай болж, хооллох дадал ч дагаад өөрчлөгдөж байна. Шарсан, хуурсан, өөх тос болон амтлагч ихтэй, хагас боловсруулсан хоол нь хүний биед илүүдэл жин үүсгээд зогсохгүй нойр булчирхайд шууд ачаалал өгдөг. Мөн архи, тамхи нь энэ эрхтнийг чимээгүй гэмтээж байдаг хамгийн хүчтэй гаднын нөлөөт хүчин зүйлсийн нэг юм.
Харин нойр булчирхайгаа хамгаалахад ээлтэй хүнсийг дурдвал шинэ ногоо, жимс нь антиоксидантаар баялаг тул үрэвслийн эсрэг байгалийн хамгаалалт болдог. Тос багатай тараг, сүү, чанасан загас, тахианы цээж мах зэрэг нь шингэц сайтай хоол уг эрхтнийг ядраадаггүй. Мөн хоол хүнсийг түүхий хэлбэрээр бус, чанаж эсвэл жигнэж хэрэглэх нь илүү зөв сонголт болдог. Үүнээс гадна зөвхөн юу идэх вэ гэдгээс гадна, яаж идэх вэ гэдэг нь бас адил чухал. Өөрөөр хэлбэл, өдөрт 4–5 удаа бага багаар хооллох нь нойр булчирхайг нэг дор ачаалахгүйгээр аажим, тогтвортой ажиллуулах нөхцөл бүрдүүлдэг. Хэт цадах эсвэл удаан өлсөх аль аль нь нойр булчирхайд хүнд тусдаг. Мөн хоолны дараа шууд хэвтэлгүйгээр бага зэрэг хөдөлгөөн хийх, суух, алхах зэрэг нь ч хоол шингээлтэд туслах нь зөв дадал юм.
-Ер нь архи ууснаар нойр булчирхай, элэг, цөсөнд хэрхэн нөлөөлж, архи уусны дараа хүний биед ямар процесс явагддаг вэ?
-Манай ард түмэн архийг “идээний дээж” хэмээн хүндэтгэдэг боловч хүний бие махбод, дотоод эрхтний хувьд архи бол эм биш харин олон өвчний шалтгаан гэдэг нь шинжлэх ухаанаар тодорхой болсон. Юуны өмнө, архи нь нойр булчирхайд онцгой аюултайгаар нөлөөлдөг. Дээр дурдсанаар нойр булчирхай нь хоол боловсруулах энзимүүдийг анх идэвхгүй хэлбэрээр ялгаруулдаг онцлогтой. Гэтэл архи уусны дараа эдгээр энзимүүд нойр булчирхайн дотроо идэвхжиж, өөрийнх нь эдийг маш огцом гэмтээж эхэлдэг. Энэхүү “өөрийгөө идэж буй” гэмтэл нь нойр булчирхайн маш хүнд, хурц үрэвсэл, үхжилд хүргэж хэдхэн цагийн дотор тухайн хүний амь насанд аюултай хүндрэлийг үүсгэдэг.
Элэгний тухайд тус эрхтэн нь архийг задалж хоргүйжүүлэх гол эрхтэн бөгөөд архийг удаан хугацаагаар хэрэглэгдэх үед элэг хэт ачаалалд орж, бодисын солилцооны эмгэг өөрчлөлтөд орон эхлээд өөхөлж, дараа нь үрэвсэж, эцэст нь сорвижин хатуурч (цирроз) болдог. Элэгний цирроз нь цаашлаад хорт хавдрын эрсдэлийг үлэмж нэмэгдүүлдэг. Манайхны “цөс” хэмээн ярьдаг цөсний хүүдий ч мөн адил архинаас болж хамгийн түрүүнд гэмтдэг эрхтнүүдийн нэг юм. Удаан хугацаагаар архи уух үед цөсний хүүдийд чулуу үүсэх, шингэний зогсонгишил бий болох, улмаар цөсний хүүдийн үрэвсэл үүсэх магадлал нэмэгддэг.
Энэ гурван эрхтэн буюу нойр булчирхай, элэг, цөсний хүүдийн үйл ажиллагааны хувьд өөр хоорондоо нягт холбоотой хоол боловсруулах эрхтэн тогтолцооны чухал хэсэг. Архийг нэг нь даахгүй бол нөгөөдөө ачаалал үүсгэдэг, аажмаар тогтолцоо бүхэлдээ доройтож эхэлдэг.
Эцэст нь, архи гэдэг зүйл зөвхөн хэтрүүлбэл аюултай бус, зарим хүнд ямар ч хэмжээ нь аюул дагуулж болох эрсдэлтэйг ойлгох хэрэгтэй. Тэр тусмаа нойр булчирхай нь маш мэдрэмтгий, “чимээгүй” эрүүл мэндийн тэнцвэрийг хадгалж байдаг эрхтэн тул түүнийг хамгаалахын тулд өөрийнхөө сонголтод хяналт тавих хэрэгтэй хэмээн зөвлөмөөр байна.
-Шарталтын үед хэрэглэж болох зөв арга ба түгээмэл ташаа ойлголт юу вэ?
-Шарталт гэдэг нь бие махбодын тавгүй байдал бус харин таны бие архи хэмээх хүчтэй химийн бодистой тэмцэж, өөрийгөө хоргүйжүүлэхийн тулд бүх хүчээ дайчилж буй байгалийн хамгаалах урвал хэмээн ойлгох нь зүйтэй. Шарталтын үед элэг, нойр булчирхай, ходоод, бөөр зэрэг дотор эрхтнүүд өндөр ачаалалтай ажиллаж, бие махбодоос шингэн ихээр алдагддаг. Түүнийгээ дагаад эрдэс бодисуудын тэнцвэр алдагдаж дархлаа сулардаг. Иймээс шартсан үед бие махбодод юу хэрэгтэй вэ гэдгээс эхлэх нь зүйтэй байх.
Юун түрүүнд, шингэн нөхөх нь хамгийн чухал алхам юм. Цэвэр ус, “спортын” хэмээх эрдэстэй ундаа, мөн В витамины төрлийн бэлдмэл нь шартсан биед тодорхой хэмжээгээр дэмжлэг болдог. Мөн шингэц сайтай, зөөлөн хөнгөн хоол идэх нь биеийг сэргэхэд тусална. Ерөнхийдөө шингэнээ нөхөж, амарч, дулаан байж, биеийн сэргэлтэд саад болохгүй байх нь хамгийн зөв арга юм.
-Сүүлийн үед махны хэт хэрэглээ бүдүүн гэдэсний өвчлөл нэмэгдүүлж байна гэх мэдээлэл гарч байна. Энэ үнэн үү?
-Монголчууд бид махгүй хоолыг хоол гэж үздэггүй ард түмэн. Мал аж ахуй, нүүдлийн соёлын амьдралд тохируулан мах голлосон хоол бидний уламжлалт хүнс гэдгийг үгүйсгэх, улмаар татгалзах аргагүй. Гэвч орчин үеийн амьдралын хэмнэл, хөдөлгөөний бууралт, мах бэлтгэлийн аргын өөрчлөлтүүдтэй уялдаад энэ уламжлал зарим тохиолдолд эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж эхэлж байгаа нь ажиглагдаж байна. Бүдүүн гэдэсний эрүүл мэндтэй холбоотой олон судалгаа гаднын орнуудад хийгдсэн байгаа боловч Монголд энэ төрлийн судалгаа хараахан хийгдээгүй байгаа тул одоогоор нотолгоотой хэлэх зүйл бага байна. Тиймээс ерөнхийдөө махыг олон улсын судалгаануудын дагуу зохист хэмжээ буюу өдөрт дунджаар 80–100 грамм байлгах нь үр дүнтэй бөгөөд үүний зэрэгцээ хүнсний ногоо, үр тариа, жимс зэрэг эслэгээр баялаг хүнсийг өдөр тутамдаа хамтад нь хэрэглэж байх нь гэдэсний эрүүл орчныг бүрдүүлдэг.
Мөн аль болох бага боловсруулсан, чанасан, жигнэсэн мах сонгох нь ходоод гэдсийг хэт ачаалуулахгүй, шим тэжээлийг алдагдуулахгүй байх чухал арга юм.
-Тарваганы мах нойр булчирхайн үйл ажиллагааг дэмждэг үү. Тарваганы махаар нойр булчирхайгаа эмчлэх нь хэр зөв бэ?
-Монголчууд бидний уламжлалт амьдрал, сэтгэлгээнд байгальтайгаа нягт холбоотой ойлголт олон бий. Түүний нэг нь өвс ургамал, ан амьтны махыг “эм” гэж үзэх хандлага байдаг. Ялангуяа тарваганы мах нь нойр булчирхайд сайн, “зөөлрүүлдэг”, “сэргээдэг” гэх яриа нэлээд байдаг. Гэвч орчин цагийн анагаах ухааны үүднээс хэлэхэд, одоогоор тарваганы мах нойр булчирхайн үйл ажиллагааг дэмждэг, хамгаалдаг, үрэвслийг намдаадаг гэх ямар ч шинжлэх ухааны үндэслэл, нотолгоотой судалгаа байхгүй байна. Өөрөөр хэлбэл, энэ итгэл үнэмшил нь уламжлалт, ардын ойлголт болохоос бус бодитой шинжлэх ухааны дүгнэлт хараахан биш юм. Түүнчлэн, нойр булчирхайн үрэвсэл буюу панкреатиттай хүмүүсийн хувьд өөх тос ихтэй хоол, тарваганы мах идэх нь тус болохоосоо илүү хор болсон харамсалтай тохиолдолтой нэг бус удаа таарч байв. Өөх тос ихтэй мах нь нойр булчирхайн энзимүүдийг идэвхжүүлж, үрэвслийг сэдрээх, өвдөлтийг нэмэгдүүлэх, хоол шингээлтийг хүндрүүлэх гол шалтгаан болдог.
Мөн тарвага бол байгаль дээрх зэрлэг амьтан тул тарваган тахал гэх мэт байгалийн голомтот аюулт халдварт өвчнүүдийг агуулж байх эрсдэлтэй. Мөн тус өвчнөөр өвдсөн, амь насаа алдсан харамсалтай тохиолдол бараг жил бүр гарч байдгийг ч санаж явахад илүүдэхгүй юм.
-Стрессийн гаралтай дотор эрхтний өвчлөл ихээр нэмэгдэж байна, үүний нэг нь нойр булчирхайн үрэсвэл гэлээ. Хэт их стресстэх нь дотор эрхтэнд хэрхэн сөргөөр нөлөөлдөг процессыг тайлбарлаж өгөхгүй юү?
-Стресс гэхээр бид ихэвчлэн сэтгэл зүйн таагүй байдал хэмээн ойлгодог. Гэвч стресс бол зөвхөн сэтгэл санаанд бус хүний бүх биед, тэр дундаа дотоод эрхтэнд нөлөөлдөг физиологийн хүчтэй хариу урвал юм. Бие махбод ямар нэг аюул, дарамт мэдрэх үед дотор эрхтэн, тэр дундаа хоол боловсруулах тогтолцоо хямарч цусан хангамж багасан, үйл ажиллагаа нь доголдож эхэлдэг. Тиймээс удаан үргэлжилсэн стрессийн дараа хүмүүс ходоод эвгүйрхэх, гүйлгэх, бөөлжих, дотор муухайрах зэргээр зовуурилдаг нь цаанаа биологийн бодит үндэслэлтэй хариу урвал юм. Улмаар стрессийг тайлахгүй буюу зогсоохгүй удсан тохиолдолд ходоодны үрэвсэл, шарх үүсгэх, цус алдах, шарх цоорох, цөсний урсгалыг зогсоож чулуу үүсгэх, нойр булчирхайн шүүрлийг алдагдуулж үрэвслийн хөрс бүрдүүлэх зэрэг сөрөг нөлөөлөл гардаг нэгэн том шалтгаан болдог юм.
-Мөн чихрийн хэрэглээ нойр булчирхайн үрэвсэлд нөлөөлдөг үү?
-Сахар буюу нүүрс ус нь биохимийн хувьд хүний биед энерги үүсгэгч үндсэн түлш гэдгийг ойлгох ёстой. Гэвч түүний цусан дахь хэмжээ нарийн зохицуулагдаж, тогтмол түвшинд байх ёстой байдаг бөгөөд хэт багасах юм уу, ихсэх нь бодисын солилцооны өвчин үүсгэх үндсэн нөхцөл болдог. Нойр булчирхайн тухайд сахрын “хэт хэрэглээ” нь нойр булчирхайд шууд болон шууд бус хоёр замаар сөрөг нөлөө үзүүлдэг.
Шууд бус нөлөө гэдэг нь чихэрлэг зүйлсийг тогтмол, их хэмжээгээр хэрэглэвэл цусан дахь сахрын түвшин байнга өндөрсөж эхэлдэг. Бие махбод энэ илүүдэл сахрыг зохицуулахын тулд нойр булчирхайг инсулин даавар их хэмжээгээр ялгаруул гэж шаардана. Ийнхүү байнга “хэт ачаалалтай ажиллуулсны” эцэст нойр булчирхай цуцаж, инсулин тэсвэржилт үүсэх нөхцөл бүрдэнэ. Энэ нь цаашлаад таргалалт, чихрийн шижин, улмаар нойр булчирхайн архаг үрэвслийн эрсдэл болж хувирдаг.
Нөгөө талаар, сахрын шууд нөлөө гэж бий. Чихэрлэг бүтээгдэхүүн нь хоол боловсруулахад илүү их энзим ялгаруулахыг нойр булчирхайгаас шаардана. Энэ нь эрхтнийг ядрааж үрэвслийн эхлэлийг тавих тохиолдол байдаг. Мөн сахар нь илчлэг ихтэй боловч шим тэжээл багатай тул байнга хэрэглэсэн тохиолдолд бусад шимт бодисуудын дутагдалд орох эрсдэлийг дагуулж байдаг. Тиймээс сахрын хэрэглээг бүр хорилгүй зохистой хэмжээнд байлгах нь хамгийн чухал юм.