Open iToim app
Дэлхий | 2 мин уншина

Камбожийн тал Тайландыг нэн даруй гал зогсоохыг уриаллаа

Камбожийн тал Тайландыг нэн даруй гал зогсоохыг уриаллаа
Нийтэлсэн 2025 оны 7 сарын 26
Хоёр өдрийн турш үргэлжилсэн хил орчмын зэвсэгт мөргөлдөөний дараа Камбож Тайландтай нэн даруй гал зогсоохыг уриаллаа.
НҮБ-д суугаа Камбожийн элчин сайд Чеа Кео гал зогсоох хүсэлтийг гаргасан бөгөөд тус улс “маргааныг энхийн замаар шийдвэрлэх”-ийг зорьж байгаагаа мэдэгдэв. Тайланд энэхүү гал зогсоох саналыг олон нийтэд албан ёсоор тайлбарлаагүй байна.
Хоёр улсад дор хаяж 16 хүн амиа алдаж, олон арван мянган хүн дүрвээд байгаа бөгөөд талууд эхэлж гал нээсэн хэмээн бие биеэ буруутгаж байна. Баасан гарагт Тайландын үүрэг гүйцэтгэгч Ерөнхий сайд Пүмтам Вэчайачай мөргөлдөөн “дайнд хүрч болзошгүй” хэмээн анхааруулсан. Тэрээр мөргөлдөөн хүнд зэвсэг ашиглан, хилийн дагуух 12 газарт өргөжсөн гэжээ.
Тайланд Камбожийг энгийн иргэд амьдардаг бүс рүү буудсан хэмээн буруутгаж, пуужингийнх нь тусгалд өртөж болзошгүй бүх тосгоны иргэдийг нүүлгэн шилжүүлжээ. Нөгөө талаас Камбож Тайландыг кластер бөмбөг ашигласан хэмээн буруутгасан байна. Ийм төрлийн бөмбөг нь энгийн иргэдэд хохирол учруулах эрсдэлтэй тул дэлхийн олон оронд хориглосон байдаг. Тайланд энэ мэдэгдэлд хариу өгөөгүй юм.
Үүний зэрэгцээ Тайландын Гадаад хэргийн сайд Reuters агентлагт өгсөн ярилцлагадаа энэхүү зөрчилдөөнийг зохицуулахад “гуравдагч этгээдийн зуучлал шаардлагагүй” хэмээн мэдэгджээ. Харин дэлхийн удирдагчид яаралтай гал зогсоохыг уриалсаар байна.
Зүүн Өмнөд Азийн Орнуудын Холбоо (ASEAN)-ыг даргалагч, Малайзын Ерөнхий сайд Анвар Ибрахим өмнө нь хоёр улсын хооронд хэлэлцээ хийхэд зуучлах санал тавьсан. АНУ ч мөн “даруйхан мөргөлдөөнийг зогсоох, энгийн иргэдийг хамгаалах, энхийн замаар шийдвэрлэх”-ийг уриалсан байна.
Тайландын тал Камбожийн армийг хилийн орчимд Тай цэргүүдийг тандах зорилгоор дрон ашигласан нь мөргөлдөөнийг эхлүүлсэн гэж буруутгасан. Харин Камбож Тайландын цэргүүд урьдчилан тохирсон гэрээг зөрчиж, хилийн ойролцоох Хмер-Хинду сүм рүү довтолсноор мөргөлдөөн эхэлсэн хэмээн мэдэгдсэн.
Х.Бямбажаргал нь МУИС-ийг Олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн бөгөөд 2024 оноос iToim.mn сайтад сэтгүүлч, орчуулагчаар ажиллаж байна.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн