Open iToim app
Дэлхий | 2 мин уншина

АНУ, Хятад НҮБ дээр Украины асуудлаар зөрчилдлөө

АНУ, Хятад НҮБ дээр Украины асуудлаар зөрчилдлөө
Нийтэлсэн 2025 оны 7 сарын 26
АНУ баасан гарагт НҮБ дээр Хятадыг Украины эсрэг Оросын түрэмгийллийг дэмжихээ зогсоохыг уриалсан бол Хятад АНУ-ыг бурууг өөр рүү нь тохох, сөргөлдөөн үүсгэх гэж оролдож байна хэмээн буруутгав.
НҮБ дахь АНУ-ын түр хамаарагч Элчин сайд Дороти Шиа НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн Украины асуудлаарх 15 гишүүний хуралдаанд оролцох үеэрээ бүх улс, тэр дундаа Хятадыг Орост давхар ашиглалттай (иргэн, цэрэг аль аль зориулалттай) бараа бүтээгдэхүүн экспортлохоо зогсоохыг уриалжээ. АНУ эдгээр бүтээгдэхүүн нь Оросын цэргийн үйлдвэрлэлийн суурь баазыг дэмжиж, Украины эсрэг дрон, пуужингийн дайралтад ашиглагдаж байна гэж үздэг.
“Бээжин давхар зориулалттай бараа бүтээгдэхүүнд чанга хяналт тавьдаг гэж мэдэгддэг ч Орос Украинд ашиглаж буй дрон, зэвсэг, тээврийн хэрэгслүүдээс Хятадад үйлдвэрлэгдсэн эд ангиуд өдөр бүр илэрч байна” хэмээн Шиа хэлжээ.
Харин Хятадын НҮБ дахь орлогч Элчин сайд Гэн Шуан хариуд нь “Украинд болж буй дайн Хятадаас эхэлсэн биш, бид энэ мөргөлдөөнд оролцогч биш, хэзээ ч үхлийн зэвсэг нийлүүлж байгаагүй. Мөн бид дроныг багтаасан давхар зориулалттай материалыг хатуу хянасаар ирсэн” гэж мэдэгдэв.
Тэрээр “АНУ-ыг Украины асуудлаар буруугаа бусдад тохохоо зогсоож, сөргөлдөөн үүсгэхийн оронд гал зогсоох, энхийн хэлэлцээрийг дэмжихэд илүү бүтээлч үүрэг гүйцэтгэхийг уриалж байна” гэж нэмж дурджээ.
Reuters агентлаг энэ долоо хоногт Хятадад үйлдвэрлэсэн хөдөлгүүрүүдийг “аж үйлдвэрийн хөргүүрийн төхөөрөмж” хэмээн хуурамчаар хаяглаж, зууч компаниудаар дамжуулан Оросын төрийн өмчит дрон үйлдвэрлэгч рүү нууцаар нийлүүлж буйг ил болгосон байна. Энэ нь Барууны хориг арга хэмжээнээс зайлсхийх оролдлого гэж үзэж байгаа аж.
“Хэрэв Хятад энх тайвныг үнэхээр хүсэж байгаа бол Оросын түрэмгийллийг дэмжихээ зогсоох ёстой” хэмээн АНУ-ын Элчин сайд Шиа мэдэгдлээ.
Х.Бямбажаргал нь МУИС-ийг Олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн бөгөөд 2024 оноос iToim.mn сайтад сэтгүүлч, орчуулагчаар ажиллаж байна.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн