Open iToim app
Дэлхий | 2 мин уншина

Тайланд, Камбожийн хилийн мөргөлдөөн хурцдаж, 12 хүн амь үрэгджээ

Тайланд, Камбожийн хилийн мөргөлдөөн хурцдаж, 12 хүн амь үрэгджээ
Нийтэлсэн 2025 оны 7 сарын 25
Тайланд, Камбожийн хилийн маргаантай бүсэд гарсан мөргөлдөөний улмаас 12 хүн, түүний дотор 11 энгийн иргэн амиа алдсан талаар албаныхан мэдээллээд байна.
Тайландын цэргийн байгууллагаас Камбожийн тал эхэлж хүнд зэвсэг ашиглан гал нээсэн гэж мэдэгдсэн бол Камбожийн Батлан хамгаалах яам тэдний цэргүүд довтолгоонд өртсөний дараа өөрийгөө хамгаалсан гэж мэдэгджээ.
Одоогоор хилийн дагуу хэд хэдэн байршилд мөргөлдөөн үргэлжилж байгаа бөгөөд Тайланд, Камбож хоёрын олон жилийн турш үргэлжилсэн хилийн маргааны ээлжит хурцадмал үе болж байна. Энэхүү маргаан тавдугаар сард дэгдсэн юм.
Тайландын талаас Камбож дахь Элчин сайдаа эгүүлэн татсан бол Камбож Тайланд дахь дипломатуудаа буцааж, Тайландын дипломат ажилтныг улсаасаа гаргах тушаал гаргасан байна.
Тайланд хилийн маргаантай бүсэд зургаан F-16 онгоц байрлуулснаас нэг нь Камбожийн тал руу гал нээсэн бөгөөд хоёр тал мөргөлдөөнийг хэн эхэлсэн талаар харилцан бие биеэ буруутгасан. Камбожийн Батлан хамгаалах яам "Тайландын хаант улс Камбожийн бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдалд бүдүүлэг, балмад халдлага үйлдлээ" хэмээн буруушааж, сөнөөгч онгоц хоёр тэсрэх бөмбөг зам дээр хаясан гэж мэдэгдэв.
Энэхүү мөргөлдөөн лхагва гарагийн орой Тайланд Камбож дахь Элчин сайдаа татаж, Бангкок дахь Камбожийн элчинг нутаг буцаана хэмээн зарласны дараа эхэлжээ. Тайландын Эрүүл мэндийн сайдын мэдээлснээр Камбожийн артиллерийн галд 11 энгийн иргэн, нэг цэрэг амиа алдсан бөгөөд 24 иргэн, 7 цэрэг шархаджээ. Камбожийн талаас хохирлын талаарх мэдээлэл шууд гараагүй байна.
"Камбож энгийн иргэд рүү зэвсэг хэрэглэн халдсан нь хүнлэг бус үйлдэл бөгөөд Тайландын арми бүрэн эрх, ард иргэдээ хамгаалахад бэлэн" гэж Тайландын зэвсэгт хүчний мэдэгдэлд дурджээ.
Зүүн Өмнөд Азийн холбоо (ASEAN)-ын дарга бөгөөд Малайзын Ерөнхий сайд Анвар Ибрахим талуудыг тайван байж, асуудлыг энхийн замаар шийдвэрлэхийг уриалсан бөгөөд хоёр орны удирдагчидтай шууд ярилцана гэж мэдэгдсэн байна. Мөн БНХАУ уг асуудалд анхаарч буйгаа илэрхийлж, хурцадмал байдлыг намжаахад дэмжлэг үзүүлэхэд бэлэн гэжээ.
Камбожийн Гадаад хэргийн яам Тайландын агаарын цохилтыг "өдөөн хатгалга хийгээгүй үед" болсон хэмээн тодорхойлж, Тайландыг цэргүүдээ татан авч, хурцадмал байдлыг даамжруулах аливаа үйлдлээс татгалзахыг уриалжээ. Тайландын түр Ерөнхий сайд Пхумтам Вечаячай нөхцөл байдал "эмзэг" байгаа тул олон улсын хуулийг баримтална гэдгээ илэрхийлжээ.
Тайланд, Камбож хоёр улс 817 км газрын хилээ олон хэсгээр албан ёсоор тогтоогоогүйгээс болж сүүлийн зуун жил гаруйн хугацаанд үе үе мөргөлдөөн гарч, ялангуяа 2011 онд долоо хоног үргэлжилсэн артиллерийн тулалдаанаар хэд хэдэн хүн амиа алдсан байдаг.
Х.Бямбажаргал нь МУИС-ийг Олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн бөгөөд 2024 оноос iToim.mn сайтад сэтгүүлч, орчуулагчаар ажиллаж байна.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн