Open iToim app
Улс төр | 2 мин уншина

Б.Жавхлан: Засгийн газар УИХ-ын гишүүд, яамд, иргэдээс төсөвтэй холбоотой санал авах үүрэгтэй

Б.Жавхлан: Засгийн газар УИХ-ын гишүүд, яамд, иргэдээс төсөвтэй холбоотой санал авах үүрэгтэй
Нийтэлсэн 20 минутын өмнө
Сангийн сайд Б.Жавхлан "тойргийн гишүүдэд 15 тэрбум төгрөг хуваарилах санал авч байгаа эсэх" асуудлаар тайлбар өглөө.
Сангийн сайд Б.Жавхлан: Есдүгээр сарын 1-нд төсвийн хүрээний мэдэгдэл нэлээд хумигдаж орж ирнэ. Өөрөөр хэлбэл, 2025 оны төсвийн тодотголоор батлагдсан төсвийн сууриар ирэх жилийн төсөв орж ирнэ гэсэн үг. Үүнээсээ давахгүй, харин ч илүү хасах эсвэл энэ хүрээндээ 2026 оны төсвийн төслөө оруулна.
Төсөв Үндсэн хуулиараа гурван үе шаттай явдаг. Төсвийг төлөвлөх үүрэг нь хуулиараа Засгийн газарт бий. Төсвийг батлах үндсэн эрх, үүрэг нь УИХ-д байдаг. Нэгэнт УИХ-аас батлаад хууль болгоод гаргасан төсвийг биелүүлэх, гүйцэтгэх үүрэг нь Засгийн газарт байдаг гэсэн үг.
Одоо 2026 оны төсвийг төлөвлөх шатанд явж байгаа. Энэ шатанд УИХ-ын гишүүд, яамд, иргэдээс санал авах үүрэгтэй. 2024 онд Төсвийн ерөнхий хуульд орсон өөрчлөлтөөр 281-р зүйлд төсвийг төлөвлөх шатанд олон нийтийн оролцоог хангах гэсэн агуулгатай заалт нэмэгдсэн байгаа. Энэ заалтад есдүгээр сарын 1-нд төсөв өргөн барихаас өмнөх 14 хоногийн хугацаанд төсвийн төлөвлөх шатанд бий болсон төслөө олон нийтэд танилцуулж санал авах үүрэг Засгийн газарт оноогдсон.
Тэгэхээр УИХ-ын гишүүд битгий хэл олон нийтээс ч санал авах хугацаа явж байгаа гэсэн үг. Ялангуяа УИХ-ын гишүүд төсөвт санал өгөх, иргэд сонгогчдынхоо хүсэлтийг уламжлах, ямар шаардлага байгааг уламжлах үүрэгтэй хүмүүс. Тийм ч учраас энэ Засгийн газар хүндэтгэлтэй хандаж  гишүүдээс ирж байгаа саналыг судлах үүрэгтэй. Гагцхүү эдгээр саналууд нь ямар шалгуурыг давсан байх ёстой вэ гэдэгт эрх зүйн ойлголттой байх хэрэгтэй.

Г.Хэрлэн нь МУИС-ийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2024 оны наймдугаар сараас iToim.mn сайтад ажиллаж байна.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн