Нийслэл Улаанбаатар хотод ирэх жилүүдэд 24 томоохон төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөж байгааг Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас танилцуулсан. Одоогоор тендер нь зарлагдаж, гүйцэтгэгч нь тодорхой болсон төслүүдийг дандаа БНХАУ-ын компаниуд гүйцэтгэхээр болоод байна. Тухайлбал, Туулын хурдны зам, Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалт, Хог шатааж, эрчим хүч үйлдвэрлэх төслийн тендерт дандаа урд хөршийн компаниуд шалгарчээ.
Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалтын хүрээнд Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт хамаарах 158 га талбайд гэр хорооллыг орон сууцжуулах төслийг хэрэгжүүлнэ. Нийт 10063 айлын 113 блок орон сууц барихаас 4362 айлын орон сууц барих барилгын ажлын гүйцэтгэгчийг шалгаруулсан. Таван багц ажлын I, II багц ажлын тендерийг зарлаж, Хятадын хоёр компани шалгарсан.
Багц-1 буюу 373 тэрбум төгрөгийн өртөгтэй тендерт Си Эс Эм Си ХХК 373 тэрбум төгрөгийн үнийн санал хүргүүлж шалгарсан бол Багц-2 буюу 453 тэрбум төгрөгийн өртөг бүхий тендерт China Construction Sixth Engineering Bureau Corp Ltd ХХК 448 тэрбум төгрөгийн үнийн санал хүргүүлж шалгарсан юм. Гүйцэтгэгч компаниуд 2027 оны дөрөвдүгээр сар гэхэд эхний 4400 орчим айлын орон сууц болон сургууль, цэцэрлэг, эмнэлэг зэрэг үйлчилгээний барилгуудыг хүлээлгэн өгөх төлөвлөгөөтэй байгаа юм.