Холливудын жүжигчин Мэттью Перри 2023 оны аравдугаар сард нас барсан хэрэгт буруутгагдсан эмч нарын нэг нь кетамин хэмээх мансууруулах бодисыг тараасан дөрвөн зүйл ангиар буруугаа хүлээсэн тухай АНУ-ын Холбооны прокурорууд мэдээллээ.
Калифорни мужийн төв бүсийн АНУ-ын прокурорын газраас лхагва гарагт гаргасан мэдэгдэлд дурдсанаар, Сальвадор Пласенсиа гэгч нь тус бүр нь 10 хүртэл жилийн хорих ялтай дөрвөн зүйл ангиар буруутгагдаж байгаа бөгөөд шүүх хурлыг арванхоёрдугаар сарын 3-нд товлоод байна.
Одоогоор Пласенсиа батлан даалтаар суллагдсан байгаа бөгөөд ойрын зургаан долоо хоногийн дотор эмчийн лицензээ сайн дураараа хураалгах төлөвтэй байна. Пласенсиагийн талаарх мэдэгдэлд “Мэттью Перрид кетамин эмчилгээ хийсэн шийдвэрүүддээ маш ихээр харамсаж буйгаа илэрхийлсэн" хэмээн дурджээ.
Мөн тэрээр мансууруулах бодис тараасан хэрэгт гэм буруугаа хүлээн, бүрэн хариуцлага хүлээж байгаагаа илэрхийлсэн бөгөөд “хор хөнөөлд өртөмтгий, донтолттой өвчтөн болох ноён Перриг хамгаалж чадаагүйдээ харамсаж буйгаа хүлээн зөвшөөрч байна" гэжээ.
Калифорни мужийн Санта Моника хотын оршин суугч Пласенсиа нь Мэттью Перрийн үхэлтэй холбоотойгоор буруутгагдаж буй таван хүний нэг юм. Прокурорын байгууллагын мэдэгдэж байгаагаар энэ хэрэгт газар доорх сүлжээгээр кетамин тарааж байсан бүлэг хүмүүс холбоотой гэж үзэж байгаа бөгөөд уг бодис нь Перригийн үхлийн гол шалтгаан болсон аж.
Лос Анжелес хотын шүүх эмнэлгийн дүгнэлтээр, 54 настай Перри нь кетамины “огцом нөлөө” болон түүнээс үүдэн живж нас барсан гэжээ. Түүнийг өөрийнх нь Пасифик Палисейдс дахь байшингийн халуун усны онгоцонд нүүрээрээ доош харсан байдалтай нас барсан байхад нь олсон юм.
Прокуроруудын мэдээлснээр, Пласенсиаг нийт 40 жил хүртэл хорих ял, 3 жилийн хяналттай суллагдах хугацаа, 2 сая ам.долларын торгууль хүлээж байж болзошгүй бөгөөд нэмж 400 ам.долларын тусгай төлбөр ногдуулах аж.