Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон болон түүний эхнэр Брижит Макрон нар барууны чиглэлийн контент бүтээгч /нөлөөлөгч/ Кандейс Оуэнсийн эсрэг АНУ-ын Дэлавэр мужийн дээд шүүхэд 22 заалт бүхий нэр төр гутаасан хэргээр нэхэмжлэл гаргажээ. Оуэнс нь Брижит Макроныг “эрэгтэй хүн байж магадгүй” гэсэн агуулгатай мэдээллийг цацаж, гүтгэн доромжилсон байна.
Макроны өмгөөлөгч Том Клэйрийн мэдэгдэлд дурдсанаар Оуэнс нь “Эммануэль болон Брижит Макрон нарын эсрэг нэг жилийн турш тасралтгүй гүтгэлгийн кампанит ажил явуулсан” хэмээн нэхэмжлэлд дурджээ.
2024 оны гуравдугаар сард Оуэнс YouTube дээр “Францын тэргүүн хатагтай үнэхээр эрэгтэй хүн үү?” хэмээх нэртэй видео байршуулж, дээрх утга бүхий хуйвалдааны онолыг дахин сөхсөн байна. Тэрээр X-д уг мэдээллийг өргөн хүрээнд түгээж, “энэ бол улс төрийн түүхэн дэх хамгийн том дуулиан байх магадлалтай” хэмээн мэдэгджээ.
Түүнээс хойш Оуэнс 4.5 сая дагагчтай YouTube хуудсаараа дамжуулан Брижит Макроны талаар олон видео хийсэн бөгөөд “Брижит болох нь” нэртэй олон ангит цуврал хүртэл гаргажээ.
Нэхэмжлэлд дурдсанаар, тэрээр дээрх гүтгэлгээ шүтээн болгон бараа бүтээгдэхүүн хүртэл худалдаалж байсан гэнэ. Макроны гэр бүлийн өмгөөлөгч Клэйр CNN-д мэдэгдэхдээ, тэд Кандейс Оуэнсээс энэ гүтгэлгээ зогсоохыг нэг жилийн турш хүссэн ч үр дүнгүй байсан тул "хамгийн сүүлчийн арга хэмжээ" болгон шүүхэд хандахаар болсон гэжээ.
Нэхэмжлэлд Оуэнс нь дээрх үндэслэлгүй хуйвалдааныг АНУ-ын болон олон улсын хэвлэл мэдээллийн анхааралд анхлан оруулсан хүн гэж дурджээ. Макрон болон түүний эхнэр нэр төр гутаасан хохирол, хэтийн бизнесийн боломжуудыг алдсан зэрэг “мэдэгдэхүйц эдийн засгийн хохирол” хүлээсэн хэмээн үзэж, нөхөн төлбөр шаардаж байгаа аж.
Оуэнс лхагва гарагт Instagram-д Макронуудын шүүх нэхэмжлэлтэй холбоотой мэдээний зураг, хосын зургийг оруулан “Өнөөдөр энэ париктай би тооцоо хийнэ. Үргэлжлэлийг хүлээгээрэй” хэмээн бичжээ. Удалгүй тэрээр YouTube-д шинэ видео байршуулж, уг нэхэмжлэлийг “илэрхий бөгөөд ядмаг пиар тактик” хэмээн мэдэгдсэн байна.
2022 онд Брижит Макрон дээрхтэй төстэй мэдээлэл тараасан хоёр франц эмэгтэйг шүүхэд өгч ялж байжээ. Гэвч 2024 онд уг эмэгтэйчүүд давж заалдаж, хэрэг нь дээд шүүх рүү шилжсэн байна. Мөн албан ёсны нэхэмжлэлд “Оуэнс энэхүү худал мэдээллийг ашиглан өөрийн бие даасан платформыг тэлж, алдар нэр олох, мөнгө олох зорилгоор тараасан” гэж өгүүлжээ.
2024 оны гуравдугаар сард Парист болсон арга хэмжээний үеэр Ерөнхийлөгч Макрон эхнэрийнх нь талаар тархаад буй цуурхалд хариу өгч “Ерөнхийлөгч байх хамгийн хэцүү зүйл бол хуурамч мэдээлэл, зохиомол түүхүүдтэй тэмцэх явдал. Хүмүүс итгэж эхэлдэг, тэгээд энэ бүхэн таны амьдралыг, тэр дундаа хувийн орон зайг чинь ч үймүүлж орхидог” хэмээн ярьсан байна.
Францын Елисейн ордон уг хэргийг “хувийн шинжтэй” гэж үзэж, албан ёсны тайлбар өгөхгүй гэдгээ мэдэгдсэн байна.