Үндэсний их баяр наадмын бөхийн барилдаанд 4, түүнээс дээш давсан 32 бөхөөс, сур харвааны 16 тамирчнаас долоодугаар сарын 12-ны өдөр авсан допингийн шинжилгээний хариуг Хууль зүй, дотоод хэргийн яам болон Монголын допингийн эсрэг байгууллагаас өнөөдөр мэдээллээ. Шинжилгээний сорьцыг 2025 оны долоодугаар сарын 13-нд гэрээний хугацааны дагуу Берлин хот руу явуулж, 14-ний өглөөний 02:45 цагт зорьсон газартаа хүрсэн байна. Харин долоодугаар сарын 16-ны 15:45 цагт нийт 43 тамирчны шинжилгээний хариу иржээ. Анх 48 сорьц илгээсэн ч, 5 тамирчны хариу хугацаандаа ирээгүй байна.Монголын допингийн эсрэг байгууллагын ерөнхий нарийн бичгийн дарга Н.Ариунзаяа: Нийт 48 тамирчнаас шинжилгээ авснаас 2 тамирчнаас 4 хориотой бодис, нэг тамирчнаас эргэлзээтэй хариу илэрсэн. Цаашдаа илүү нягтлахын тулд 21-28 хоног шаардлагатай. Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны Үндэсний бөхийн салбар хорооны нарийн бичгийн дарга Д.Давааням: Үндэсний их баяр наадамд дөрөв давсан Хэнтий аймгийн арслан Н.Баяржаргалын допингийн хариу баталгаажсан. Харин хоёр дахь тамирчны нэрийг дүрмийн дагуу одоогоор зарлах боломжгүй. Өөрт нь мэдэгдэл хүргүүлсний дараа зарлах юм. Өөрөөр хэлбэл, Б сорьцын шинжилгээг шинжлүүлэх эсэх шийдвэр гарсны дараа мэдээлэх үүрэгтэй. Мөн шинжилгээгээр нэг бөх эргэлзээтэй гарсан нь Завхан аймгийн Их-Уул сумын харьяат улсын гарьд Б.Гончигдамба. Түүний шинжилгээг нарийвчлан шинжилж байгаа учраас хариу эцэслэн ирээгүй байна.Эргэлзээтэй гарсан сорьцын хувьд тухайн бодис хүний биеэс өөрөөс нь ялгарсан байж болох эсвэл гаднаас санамсаргүйгээр биед нь орсон байх ч боломжтой хэмээн тайлбарлалаа.