Дэлхийн оюутны спортын зуны XXXII “Универсиад”-ын жүдо бөхийн эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд “Мон-Алтиус Цагаанбаатар” академийн тамирчин Т.Түмэнжаргал хүрэл медалиар энгэрээ мялаалаа. Ингэснээр Монголын баг тамирчид анхны медалиа хүртлээ.
Тэрээр эхний тойрогт гоц мөргөж, дараа нь Энэтхэгийн Лакайг цэвэр, хэсгийн аваргын төлөө Узбекистаны Иброхимовыг вазаригаар ялжээ. Гэвч хагас шигшээд Испанийн жүдоч Баррозо Лопест вазаригаар ялагдсан ч хүрлийн төлөө Унгарын Нажиг цэвэр ялснаар медалийн тавцанд зогсох эрхтэй болсон байна.
Дэлхийн оюутны спортын зуны XXXII “Универсиад” нь Германы Райн Рурт болж байгаа билээ. Тус тэмцээнд өнөөдрийн байдлаар 45 орны тамирчид ямар нэгэн байдлаар медаль хүртсэн бөгөөд АНУ 28 алт, 20 мөнгө, 24 хүрэл медаль авсан амжилтаар тэргүүлж байгаа юм. Араас нь Хятад, Солонгос, Япон, Италийн баг эхний тавд жагсаж байна. Харин Монголын баг нэг хүрэл медальтайгаар 39 дүгээрт эрэмбэтэй явна. Энэхүү “Универсиад-2025” наадам долоодугаар сарын 27-нд өндөрлөх аж.