Манай улсад багшийн хомсдол аюулын харанга дэлдээд багагүй хугацааг үдэж байгаа билээ. 2024 оны есдүгээр сард П.Наранбаяр сайд 4200 багш дутагдалтай байгааг зарласан. Түүнчлэн, өөр нэгэн судалгаагаар 5700 багш дутагдалтай байна гарсан дүгнэлт ч бий. Ийм хүндрэлтэй цаг үед багш мэргэжлийг сонгон суралцаж, ажлын гараагаа Булган аймгийн Сайхан сумын сургуулиас эхлүүлсэн О.Лхагванямтай ярилцлаа. Тэрээр МУБИС-ийн шилдэг оюутнаар шалгарч байсан бөгөөд долоон тэтгэлэгт хөтөлбөрт тэнцэж байсан аж.
-Юун түрүүнд яагаад бага ангийн багш болохоор шийдсэн бэ. Багаасаа багш болох хүсэлтэй байсан уу?
-Багш гэх эрхэм мэргэжилтэй болохыг багаасаа хүсэж мөрөөдсөн. Энэхүү мөрөөдөлдөө хөтлөгдөн том болохын хэрээр бага боловсролын багшийн үнэ цэнийг ахлах ангидаа илүү ойлгож, нандин мэргэжлээ сонгож, эзэмшсэн. Бага ангийн багш болоход манай гэр бүл их нөлөөлсөн санагддаг. Манай гэрийнхэнд багш мэргэжилтэй хүн байхгүй хэдий ч багшийг их хүндэлж, сайхан мэргэжил гэж үргэлж эергээр магтаж хэлдэг нь илүү хүсэл тэмүүлэлтэй болгосон.
-Танд мэдээж хувийн сургууль эсвэл улсын томоохон сургуулиудад багшлах боломж байсан байх. Яагаад сумын сургуульд багшлахаар шийдсэн бэ. Ажиллах аймаг, сумаа хэрхэн сонгосон бэ?
-Хувийн болон улсын чанартай сайн сургуульд ажиллах, өөрийгөө илүү сайхан орчин нөхцөлд хөгжүүлэх бүрэн боломж байсан. Гэхдээ намайг энэ мэргэжлийг эзэмшихэд хамгийн их нөлөөлсөн, өсгөж хүмүүжүүлсэн хайрт эмээгийнхээ төрсөн нутаг Булган аймгийн Сайхан сумаас ажлын гараагаа эхэлсэн. Өөрийгөө илүү дайчилж, хичээл зүтгэл, чин сэтгэлээ зориулж багшлахаар шийдсэн. Тухайн нутгаас зөв төлөвшил хандлагатай, сайн суралцагчдыг бэлтгэж гаргах, эрдмийн болон хүмүүжлийн их суурийг нь амжилттай тавьж өгөхийг хүсдэг.
-Сумын сургуульд багшилж эхлэхэд төсөөлж байснаас ямар байсан бэ?
-Миний хувьд сумын ЕБС-д сурч, төгссөн учраас орчин нөхцөлдөө хурдан дассан. Анхны нэгдүгээр ангийн бяцхан шавь нар болон эцэг эхийн хандлага миний төсөөлж байснаас хэд дахин илүү сайхан байсан. Хөдөө орон нутагт багшлахын илүү давуу талтай тал гэвэл хүүхдүүддээ болон өөртөө илүү их цаг гаргах боломжтой. Цөөн сурагчтай учраас хүүхэд бүрд хүрч ажиллах боломж их байдаг шүү. Иймдээ ч хүүхэдтэй илүү ойр байх нь багш хурдан хөгжих гарц гэж боддог.
-Та багшлаад хоёр дахь жил рүүгээ орох гэж байгаа юм байна. Ажлын эхний жил юу нь хамгийн сайхан бас хүндрэлтэй байв?
-Оюутан байхдаа дадлагажигч багшийн ажил тогтмол сайн хийсэн. Энэ нь анхны жилээ нэгдүгээр анги дааж авахад их дэм болсон санагддаг. Хамгийн сайхан зүйл нь багш бүхнийг мэддэг, хамгийн мундаг гэж хүндлэх хайр татам шавь нар минь. Мэргэжилдээ дуртай байхад хүндрэлтэй зүйл тийм ч их тохиолддоггүй ээ.
-Таныхаар багш мэргэжлийн хамгийн сайхан тал нь юу вэ. Тууштай ажиллахад юу чухал гэж харж байгаа вэ?
-Багшаа гэх агуу хайр, хүндлэл, итгэлээр хөтлөгдөж бүхий л сэтгэлээ зориулж түүнээсээ урам авч цэнэглэгдэх нь хамгийн сайхан нь байх. Тууштай ажиллахад багшийн үнэлэмж их нөлөөлөх санагддаг.
-Бага ангийн хүүхдүүд үсэг, тоо сурах гээд хүндрэлтэй зүйлүүд хүүхэд болон эцэг эхчүүдэд их гардаг байх. Тэгэхээр хүүхдийн гэм буруу, алдааг өөрт нь ямар байдлаар ойлгуулбал илүү үр дүнтэй санагддаг вэ?
-Бага ангийн суралцагчдад багш, эцэг эхийн дэмжлэг хамгийн чухал. Бэрхшээлийг суралцагч богино хугацаанд даван туулахад гэр бүлийн нөлөө гол хүчин зүйл. Багш аль болох хүүхдүүдийнхээ ялгаатай байдлыг ойлгож, магтаж урамшуулж, сайн нээлттэй ярилцах нь багш сурагчдын тэр хэсэгхэн бэрхшээлийг амжилттай даван туулахад үр дүнтэй.
-Таныхаар хүүхдийн хүмүүжилд анхаарах нь зөв үү эсвэл онц сургахад анхаарах нь чухал уу?
-Миний бодлоор хүүхдийн хүмүүжилд илүү их анхаарах нь зөв санагддаг. Багш хүний хувьд нэгдүгээр ангийн шавь нараа эхнээс нь зөв суух, дэвтрийн эмх цэгц, үдийн цайны дэг, хүнтэй мэндлэх, баярлалаа уучлаарай гэж хэлэх төлөвшил суулгахыг эрхэмлэдэг. Түүнчлэн, хүүхэд бүр бүгдийг чаддаг гэх зоригтой болох, өөртөө итгэх итгэлтэй, багш, гэр бүлийнхнийгээ хүндэлдэг байх нь чухал. Ер нь сайн хүүхдийн шинж гэдэг зүйлийг зөв суулгаж өгөхийг онц сурахаас нь илүү анхаарч дадал болгохыг зорьж байгаа. Зөв суудаг, багшийн үгийг сайн сонсож анхааралтай байдаг эмх цэгцтэй хүүхэд онц сурахад тийм ч их бэрхшээл гарахгүй гэж боддог. Мөн нэмж хэлэхэд чимээгүй суу, ингэхгүй, тэгэхгүй гэж зэмлэх биш олон шинэлэг арга зүйг судалж, туршиж шавь нарынхаа хандлагыг зөв дадал болгох хэрэгтэй шүү.
-Ярилцсанд баярлалаа. Таны цаашдын ажилд амжилт хүсье.