АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага буюу ЮНЕСКО-оос АНУ-ыг гаргах шийдвэрийг гаргасан тухай Цагаан ордны нэгэн төлөөлөгч мэдэгджээ.
Энэхүү алхам нь Трамп олон улсын байгууллагуудаас АНУ-ыг гаргах бодлогоо үргэлжлүүлж, олон талт байдал, эрх тэгш байдал, хамруулах бодлогуудыг зогсоохыг гол зорилт болгож байгаатай холбоотой юм.
“ЮНЕСКО нь сэрэмжлүүлэг төрүүлдэг, нийгмийг хагалан бутаргадаг соёлын хөтөлбөрүүдийг дэмждэг бөгөөд Америкуудын сонгосон эрүүл ухаанд суурилсан бодлоготой зөрчилдөж байна” хэмээн Цагаан ордны орлогч хэвлэлийн төлөөлөгч Анна Келли мэдэгдэлдээ дурджээ. Мөн Төрийн департаментын хэвлэлийн төлөөлөгч Тамми Брюс мэдэгдэлдээ АНУ ЮНЕСКО-д үлдэх нь үндэсний эрх ашигт нийцэхгүй гэжээ.
Гарах шийдвэр нь 2026 оны арванхоёрдугаар сарын 31-нд хүчин төгөлдөр болох аж.
ЮНЕСКО нь “дэлхийн энх тайвныг дэмжихийн тулд боловсрол, шинжлэх ухаан, соёл, харилцаа холбооны чиглэлээр хамтын ажиллагааг хөгжүүлэхийг зорьдог” гэж өөрийн цахим хуудаснаа тодорхойлдог. Тус байгууллага нь дэлхийн өвийн жагсаалт гаргадаг гэдгээрээ алдаршсан бөгөөд АНУ дахь Гранд Каньоны Үндэсний цэцэрлэгт хүрээлэн ч уг жагсаалтад орсон байдаг.
АНУ нь ЮНЕСКО-ийн анхны гишүүн орнуудын нэг бөгөөд 1945 онд нэгдэн оржээ. Гэвч 1984 онд тус байгууллагын санхүүгийн асуудал болон АНУ-ын эсрэг байр суурьтай гэж үзсэн шалтгаанаар гарсан байна. Хоёр арваны дараа буюу 2003 онд Ерөнхийлөгч Жорж Бушийн үед АНУ тус байгууллагад дахин нэгдэн орсон бөгөөд тэрээр ЮНЕСКО-д чухал шинэчлэлүүд хийснийг дурдаж байв.
Трампын анхны засаглалын үед АНУ дахин ЮНЕСКО-оос гарсан бол Ерөнхийлөгч Байдены үед буцаж элссэн. Харин Трамп дахин ерөнхийлөгч болсны дараа АНУ-ын гишүүнчлэлийг дахин үнэлж, ЮНЕСКО доторх “антисемитизм болон Израилийн эсрэг үзэл” байгаа эсэхийг судлахыг үүрэг болгосон байна.
Хэвлэлийн төлөөлөгч Брюсийн хэлснээр, ЮНЕСКО нь “Хагарал үүсгэх нийгэм, соёлын үзэл санааг сурталчилдаг бөгөөд НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилтуудад хэт анхаардаг. Энэ нь АНУ-ын ‘Америк нэгдүгээрт’ гадаад бодлоготой зөрчилддөг” гэжээ. Мөн тэрээр “ЮНЕСКО нь ‘Палестины улс’-ыг бүрэн эрхт гишүүнээр хүлээн зөвшөөрсөн нь АНУ-ын бодлогод харш бөгөөд Израилийн эсрэг үзлийг улам бүр түгээх нөхцөлийг бүрдүүлсэн” гэж мэдэгджээ.
ЮНЕСКО-ийн Ерөнхий захирал Одри Азуле АНУ-ын шийдвэрт харамсаж байгаагаа илэрхийлсэн ч уг шийдвэрийг урьдчилан таамагласан гэдгийг онцолсон байна.
Харин Израилийн Гадаад хэргийн сайд Гидеон Саар АНУ-ын шийдвэрийг сайшааж, “Энэ бол шударга ёс болон НҮБ-ын тогтолцоонд Израилийг шударгаар авч үзэх эрхийг хангах чухал алхам” гэжээ. “Израилийг тусгаарлан хардаг, улс төржүүлдэг гишүүн орнуудын хандлагыг энэ байгууллага болон бусад мэргэжлийн агентлагуудад эцэс болгох хэрэгтэй” хэмээн тэрээр X-д бичжээ.