Open iToim app
Дэлхий | 3 мин уншина

Япон улс дэлхийд анх удаа хараа сэргээх үүдэл эсийн эмчилгээ хийжээ

Япон улс дэлхийд анх удаа хараа сэргээх үүдэл эсийн эмчилгээ хийжээ
Нийтэлсэн 2025 оны 7 сарын 22
Сүүлийн үеийн шинэ технологи болох үүдэл эс шилжүүлэн суулгах мэс заслын ачаар эвэрлэг бүрхэвчийн ноцтой гэмтэлтэй гурван хүний бүдэг хараа мэдэгдэхүйц сайжиржээ. Японд хийсэн энэхүү эмчилгээ нь дэлхий дээрх анхны тохиолдол бөгөөд үүдэл эс судлалын хувьд чухал нээлт болжээ.
Мэс засал хийснээс хоёр жилийн дараа ноцтой гаж нөлөө илрээгүй бөгөөд гадаад байдлаас нь харахад бүх өвчтөний эвэрлэг бүрхэвч урьдынхаасаа илүү тунгалаг болсон байна. Судалгаанд эвэрлэг бүрхэвчинд соривт эд үүсгэдэг “лимбийн үүдэл эсийн дутмагшил” (LSCD) гэх ховор эмгэгтэй дөрвөн хүн хамрагдсан юм.
Эвэрлэг бүрхэвчийг нүдний "тунгалаг цонх" гэж үзвэл, лимб нь уг цонхны "хаалт" буюу цагаан хэсэгт наалдсан хүрээтэй адил бөгөөд уг хэсэгт нөхөн төлжих чадвартай үүдэл эсүүд агуулагддаг. Эдгээр эсүүд нь хөгшрөлтөөс үүдэлтэй бүдэгрэл, гэмтлийг арилгах үүрэгтэй байдаг. Хэрвээ лимбийн үүдэл эсийн энэ харуулын үүрэг алдагдвал хараа алдалт зайлшгүй дагаж бий болдог аж.
Одоогоор зөвхөн нэг нүдэндээ LSCD-тэй өвчтөнүүдийн хувьд сорвижсон хэсгийг эрүүл нүднээс авсан эвэрлэг бүрхэвчээр сольж болдог. Харин хоёр нүдний лимбийн эсүүд гэмтсэн тохиолдолд донороос шилжүүлэн суулгах шаардлагатай болдог. Гэвч эвэрлэг бүрхэвчийн эмгэгтэй 12.7 сая хүнээс дөнгөж 70 хүн тутмын 1 нь л донорын эд эрхтэн авах боломжтой байдаг байна.
Энэ асуудлыг шийдвэрлэхэд хиймлээр үүсгэсэн олон төрлийн эс болж хувирах чадвартай үүдэл эсүүд буюу induced pluripotent stem cells (iPSCs) чухал үүрэгтэй аж. iPSC эсүүд нь хүний биеийн аль ч эдээс гаргаж авах боломжтой. Эдгээрийг лабораторид үр хөврөлийн байдалд дахин шилжүүлснээр хязгааргүй үржиж, хүний биеийн аливаа эд эрхтний эс болон хувирах чадвартай болдог. Үүнд эвэрлэг бүрхэвчийн эс ч мөн багтдаг.
2023 онд АНУ-ын судлаачид лимбийн үүдэл эсээр эвэрлэг бүрхэвчийн гэмтлийг хоёр өвчтөнд эмчилсэн тухай мэдээлсэн. Харин саяхан Японы Осакагийн Их Сургуулийн Эмнэлгийн эрдэмтэд үүнээс нэг алхам урагшилж, эрүүл хүний цусаар үүсгэсэн iPSC эсүүдийг ашиглан харааг сэргээжээ.
“Бидний мэдэж байгаагаар энэ судалгаа нь iPSC-ээс гарган авсан эсүүдийг анх удаа өвчтөний эвэрлэг бүрхэвч дээр шилжүүлэн суулгасан тохиолдол бөгөөд LSCD-тэй хүмүүсийн хувьд ирээдүйтэй эмчилгээний арга байж болохыг харууллаа” хэмээн Осакагийн Их Сургуулийн баг дүгнэжээ.
Лабораторид үүсгэсэн iPSC-ээс эвэрлэг бүрхэвчийн гадаргууг бүрдүүлдэг эпителийн эсийн хуудас (iCEPS) гарган авч, өвчтөний эвэрлэг бүрхэвчээс сорвижсон хэсгийг авсны дараа шилжүүлэн суулгасан байна. Үүний дараа хамгаалалтын линз тавьжээ. Шилжүүлэн суулгаснаас долоон сарын дараа бүх өвчтөнүүдийн хараа сайжирсан байна. Гэвч нэг жилийн дараа 39 настай 4-р өвчтөний, өөрөөр хэлбэл хамгийн муу хараатай хүний хараа дахин мууджээ. Хамгийн сайн үр дүн 44 настай эмэгтэй, 66 настай эрэгтэй буюу 1 ба 2-р өвчтөнүүдэд гарсан байна. 
undefined
Судлаачдын үзэж байгаагаар 3 болон 4-р өвчтөнүүд ижил үр дүнд хүрээгүй нь дархлааны хариу урвалтай холбоотой байж болзошгүй аж. Судалгаанд оролцсон хэнд ч дархлааны системийг дарангуйлах эм (иммуносупрессант) өгөөгүй, зөвхөн стеройд хэрэглэсэн байна. Өмнө нь судлаачид тухайн өвчтөний өөрийн арьсны эсээс гаргаж авсан iPSC-ээр нүдний торлог бүрхэвчийн гол хэсэг болох макулын гэмтлийг эмчилж байв. Харин энэ удаагийн судалгаа нь өөр эсээс гарган авсан iPSC-ийг ашиглаж, өвчтөний харааг сэргээсэн анхны тохиолдол болж байна.
Эдгээр бага хэмжээний клиник туршилтууд найдвар төрүүлж байгаа ч одоогоор энэ төрлийн эмчилгээ туршилтын шатандаа байгаа бөгөөд зарим тохиолдолд аюултай байж болзошгүй байна. Аюулгүй байдал, үр нөлөөг илүү гүнзгий судлах шаардлагатайг судалгааны багийнхан онцолжээ.
Х.Бямбажаргал нь МУИС-ийг Олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн бөгөөд 2024 оноос iToim.mn сайтад сэтгүүлч, орчуулагчаар ажиллаж байна.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн