Open iToim app
Дэлхий | 2 мин уншина

Бангладешийн агаарын хүчний сургалтын сөнөөгч онгоц коллежийн кампус дээр осолджээ

Бангладешийн агаарын хүчний сургалтын сөнөөгч онгоц коллежийн кампус дээр осолджээ
Нийтэлсэн 2 өдрийн өмнө
Бангладешийн агаарын хүчний сургалтын зориулалттай сөнөөгч онгоц техникийн асуудлаас болж хөөрөөд удалгүй осолдож, нийслэл Дака хот дахь коллеж болон сургуулийн кампус дээр унаснаар дор хаяж 19 хүн амиа алдаж, 164 хүн шархадсан тухай тус улсын цэргийн хэвлэлийн төлөөлөгч мэдэгдлээ.
F-7 BGI загварын онгоц нь орон нутгийн цагаар 13:06 үед Дака хотын Курмитолагийн агаарын хүчний баазаас энгийн сургалтын үүрэгтэйгээр хөөрсөн ч техникийн доголдолд орсон байна гэж дэслэгч хурандаа Сами уд Доула Чоудхури мэдээлжээ.
Тэрээр “Онгоцны нисгэгч хүн ам ихтэй бүсээс холдохын тулд чадлынхаа хэрээр хичээсэн. Гэвч түүний хүчин чармайлт дутаж, онгоц Milestone сургууль, коллежийн хоёр давхар барилгад унасан” гэжээ. Онгоцны нисгэгч амиа алдсан хүмүүсийн тоонд багтаж байгаа бөгөөд ослын шалтгааныг тогтоох комисс байгуулсан гэж армийн албаныхан мэдэгдлээ.
F-7 BGI нь Хятадын Chengdu J-7 / F-7 онгоцны хамгийн сүүлийн, дэвшилтэт загвар бөгөөд Бангладеш улс 2011 онд 16 онгоцны гэрээ байгуулж, 2013 онд нийлүүлэлт дууссан байна. Chengdu F-7 нь Зөвлөлтийн МиГ-21 онгоцны лицензтэй хувилбар юм.
Ослын дараах бичлэгүүдэд зүлэг бүхий талбайн ойролцоо их хэмжээний гал гарч, өтгөн утаа тэнгэр рүү суунаглан, холоос олон хүн ажиглан зогсож байгааг харуулжээ. Reuters агентлагийн дүрс бичлэгт гал сөнөөгчид онгоцны үлдэгдэл рүү ус цацаж байгаа нь харагдсан байна.
Энэхүү осол нь хөрш Энэтхэгийн Ахмедабад хотод Air India компанийн онгоц анагаахын коллежийн дотуур байр дээр осолдож, онгоцонд явсан 242 хүнээс 241 нь, газар дээр байсан 19 хүн амиа алдсан харамсалтай агаарын ослын дараа гарч буй хэрэг юм.
Х.Бямбажаргал нь МУИС-ийг Олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн бөгөөд 2024 оноос iToim.mn сайтад сэтгүүлч, орчуулагчаар ажиллаж байна.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн