ХБНГУ-ын Берлин хотод болж буй Дэлхийн Оюутны Универсиад наадмын усанд сэлэлтийн төрөлд ОУХМ Батбаярын Энхтамир 200 метрийн өврөөр даллах сэлэлтэд 1:50.26 амжилт үзүүлж барианд орсноор 50м бассейны Монгол Улсын рекордыг шинэчлэн тогтоолоо.
Б.Энхтамир нь 2004 онд төрсөн бөгөөд усан спортоор найман настайгаасаа эгч Б.Энххүслэнгийн хамт тууштай хичээллэж байгаа юм.
Түүний хувьд өнгөрсөн жил “Парис 2024” олимпын наадамд эх орноо төлөөлөн оролцож 100 метрийн чөлөөт сэлэлтэд 50.81 секундэд замаа дуусгаж, гараандаа тавдугаар байрт орсон билээ. Ингэснээр Монгол Улсын дээд амжилтыг шинэчлэн тогтоосон байдаг. Тэрээр 100 метрийн чөлөөт сэлэлтийн төрөлд 51.39 секундээр Монгол Улсын рекордыг эзэмшиж байсан юм.
Мөн тэрээр 50 метрийн өврөөр даллах сэлэлтээр Монгол Улсын рекордыг эзэмшдэг.