Хөвсгөл аймгийн заан Э.Мөнхтөр, аймгийн начин Б.Сүх-Эрдэнэ, Говьсүмбэр аймгийн начин О.Амгаланбямба, Төв аймгийн арслан Э.Чойням, аймгийн заан Э.Гантөмөр, Ховд аймгийн арслан Б.Базарсад нарын 6 бөх бүдэрсэн талаар мэдээлэл гараад буй. Иймд энэ талаарх мэдээллийг Монголын үндэсний допингийн эсрэг байгууллагаас тодрууллаа.
Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага: Энэхүү мэдээлэл үнэн. Дүрмийн зөрчил үүссэн тамирчидтай холбогдож хариуг нь мэдэгдээд тайлбар хийх хугацаа наймдугаар сарын 4-5-ныг дуустал өгч байгаа. Тухайн бөхчүүдийн тайлбарт нь үндэслэн Монголын үндэсний допингийн эсрэг байгууллагаас шийдвэр гаргана.
Энэ жил улсын их баяр наадам болон аймаг, алслагдсан дүүргүүдийн гэсэн хоёр янзаар шинжилгээ авсан. Улсын их баяр наадмын шинжилгээг тэмцээн зохион байгуулагч буюу Үндэсний их баяр наадмын хороо хариуцаж байгаа. Хэрвээ ямар нэгэн байдлаар допинг илэрвэл шийтгэл оноох эрх, үүрэгтэй. Иймд Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага мэдээлэл өгөх эрхгүй.
Харин нийт 18 аймаг, 3 дүүргийн шөвгөрсөн 84 бөхийн допингийн шинжилгээний хариуг манайхаас мэдээлэх эрхтэй. Үүнээс 70 шинжилгээний хариу нь долоодугаар сарын 16-ны өдөр ирсэн. Түүнчлэн, зургаан шинжилгээний хариу долоодугаар сарын 18-нд, хоёр шинжилгээний хариу долоодугаар 21-нд ирсэн байна. Ингээд ирсэн байгаа 78 шинжилгээнээс 6 бөхөд допинг илэрсэн гээд лабораториор баталсан тул дүрмийн зөрчил үүссэн.
Дээрх бөхчүүд дараах наадамд зодоглож цолоо ахиулсан байна. Тухайлбал:
Хөвсгөл аймаг байгуулагдсаны 94 жилийн ойн баяр наадмын бөхийн барилдаанд 128 бөх зодоглосон. Барилдаанд Тосонцэнгэл сумын харьяат сумын заан Э.Мөнхтөр үзүүрлэж "Аймгийн заан" цол хүртсэн. Мөн Галт сумын харьяат, сумын заан Б.Сүх-Эрдэнэ 5 даван шөвгөрч "Аймгийн начин" цол хүртсэн.
Говьсүмбэр аймгийн баяр наадмын үндэсний бөхийн барилдаанд 128 бөх зодоглосноос их шөвгийн дөрөвт Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын харьяат сумын заан О.Амгаланбямба шөвгөрөн үлдэж, аймгийн начин цолны болзол хангасан байдаг.
Төв аймгийн баяр наадамд аймгийн начин Энхболдын Чойням долоо даван түрүүлж “Аймгийн арслан” цолын болзол хангасан бол Төв аймгийн Баян-Өнжүүл сумын заан Эрдэнэбатын Гантөмөр зургаа даван үзүүрлэж, “Аймгийн заан” цол хүртсэн.
Ховд аймгийн баяр наадамд 128 бөх зодоглож Чандмань сумын харьяат, аймгийн заан Б.Базарсад түрүүлж аймгийн арслан болсон байдаг.