Өмнөд Солонгост хэдэн өдрийн турш үргэлжилсэн аадар борооны улмаас үүссэн үер, хөрсний гулсалтаар дор хаяж 17 хүн амиа алдаж, 11 хүн сураггүй алга болоод байгаа талаар тус улсын гамшгийн удирдлагын албанаас мэдээллээ.
Аврах ажиллагаа үргэлжилж байгаа тул нас барагсдын тоо нэмэгдэж болзошгүй хэмээн болгоомжилж байна. Ням гарагт Gapyeong гэх амралтын бүсэд хөрсний гулсалт болсон газраар хүмүүс зузаан шавар дундуур туучин, эвдэрсэн гүүрээр дамжин нүүлгэн шилжүүлэлтийн байр руу явж буй дүрс бичлэг нийтлэгдсэн байна.
Умард Гапён аймагт хөрсний гулсалтаар хэд хэдэн барилга шаварт дарагдаж, хоёр хүн нас барсан талаар AFP агентлаг төрийн албаныхны мэдээлэлд тулгуурлан мэдээлжээ.
Хохирол ихэвчлэн Өмнөд Солонгосын өмнөд хэсэгт төвлөрч байгаа бөгөөд Санчон хотод зургаан хүн нас барж, долоон хүн сураггүй болсон байна. Олон мянган зам, барилгууд үерт автсан бөгөөд газар тариалангийн талбай сүйдэж, мал амьтад олноор хорогдсон талаар мэдээлж байна.
Борооны улмаас ойролцоогоор 10,000 орчим хүн орон гэрээ орхин нүүж, 41,000 гаруй өрх түр хугацаанд цахилгаангүй болсон гэж орон нутгийн хэвлэлүүд мэдээлжээ. Хүчтэй аадар бороо хамгийн ихээр нэрвэгдсэн өмнөд болон төвийн бүс нутагт намжиж эхэлсэн ч, ням гарагийн шөнө бороо хойд зүг рүү шилжсэн бөгөөд Сөүл хот болон хойд бүсүүдэд дахин хүчтэй аадар бороо орох төлөвтэй байна.
Ням гарагт Ерөнхийлөгч И Жэ Мён хамгийн их хохирол амссан бүсүүдийг "онцгой гамшгийн бүс" болгон зарлахыг үүрэг болгож, засгийн газар олон агентлагийн хамтарсан сэргээн босголтын ажиллагааг эхлүүлжээ. Дотоод хэргийн сайд Юн Хо Жун орон нутгийн удирдлагуудад "боломжтой бүх нөөцийг яаралтай дайчлах" чиглэл өгсөн байна.