Японы эрх баригч эвсэл ням гарагт болсон сонгуулиар парламентын дээд танхимд олонхын суудлаа алдсан билээ. Тэгвэл өнөөдөр эрх баригч намыг удирдаж буй Японы Ерөнхий сайд Шигэрү Ишиба албан тушаалаасаа буухгүй гэдгээ мэдэгджээ. Энэхүү ялагдал түүнийг нам дотроо ч эсэргүүцэлтэй тулгаруулж байгаа бөгөөд сөрөг хүчин итгэл хүлээлгэх санал гаргах асуудлыг хэлэлцэж эхэлсэн байна.
Ийнхүү хүнд байдалд орсон Ерөнхий сайд сэтгүүлчдэд хандан, АНУ болон бусад орнуудтай хийх тарифын хэлэлцээр, хэрэглээний үнийн өсөлт зэрэг тулгамдсан асуудлыг шийдвэрлэх хүртлээ албан тушаалаасаа татгалзахгүй хэмээн мэдэгдэв.
Тэрээр “Би албан тушаалдаа үлдэж, эдгээр сорилтуудыг даван туулахын төлөө бүхнээ зориулах болно” хэмээн хэлээд, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай шууд уулзаж, тодорхой үр дүн гаргахаар зорьж байгаагаа нэмж дурджээ.
Гэсэн хэдий ч шинжээчид түүний байр суурь удаан үргэлжлэхгүй байж магадгүй гэж үзэж байна. Тэрээр өнгөрсөн жил доод танхимыг сөрөг хүчинд алдаж, энэ удаа татвар бууруулах, цагаачлалын бодлогыг чангатгахыг уриалсан сөрөг хүчнүүдэд дахин олон санал алдсан юм. “Улс төрийн нөхцөл байдал тогтворгүй болж, удахгүй намын удирдлага солигдох, эсвэл эвсэл дахин бүрэлдэх боломжтой” хэмээн Oxford Economics-ийн Япон судлаач Норихиро Ямагүчи хэлжээ.
Хөрөнгө оруулагчид Ишибагийн удирдлагад Япон улсын хамгийн их өртэй эдийн засаг сөрөг хүчний татвар бууруулах, халамж нэмэгдүүлэх саналд илүү автана гэж болгоомжилж байна. 68 настай тэрээр эвслээ өргөтгөхгүй ч, инфляцын талаар сонгогчдын санаа зовнилыг арилгахын тулд сөрөг хүчинтэй хамтран ажиллана гэв. Гэсэн ч татварын өөрчлөлт нь айл өрхөд нэн даруй үр дүн өгөхгүй болохыг анхааруулав.
Даваа гарагт Японд баярын өдөр байсан ч, иений ханш чангарч, Nikkei фьючерс бага зэрэг өссөн нь сонгуулийн үр дүн аль хэдийн зах зээлд шингэсэн болохыг харуулж байна. Ишибагийн АНУ-тай хийх тарифтай холбоотой хэлэлцээг ахиулж чадаагүй байдал сонгогчдын сэтгэл дундуур байхад нөлөөлжээ.