Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар өнгөрсөн амралтын өдрүүдэд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн салбар уурхайд ажиллаж, тус компанитай байгуулсан гэрээ нэг бүрийг татан авч, биелэлт, гүйцэтгэл, талуудын үүрэг хариуцлагыг нарийвчлан шалгах үүрэг өглөө. Зөрчил, хууль бус байдал илэрвэл дүгнэлтийг холбогдох хуулийн байгууллагад шилжүүлэн шалгуулахыг даалгав.
Мөн энэ 2025 онд 10 сая тонн нүүрс ачих төлөвлөгөөтэй ч одоогоор 145 мянгыг ачаад буй Тавантолгойн нүүрс ачилт логистикийн төвд үүссэн асуудлыг АТГ-т шалгуулна. 2024 онд ашиглалтад оруулсан уг төвийн зарим техник эвдэрч төлөвлөсөн нүүрсээ тээвэрлэх, ачих боломжгүй болжээ. Тиймээс АТГ-аас гурван төлөөлөгч томилж гэрээ хийсэн, тухайн ажлыг хариуцагч этгээдүүдийг хууль хяналтын байгууллагаар шалгуулах нь зүйтэй гэлээ.
Ерөнхий сайд Г.Занданшатар “Эрдэнэс Тавантолгой”-н уурхай ард иргэдийн эзэмшлийнх байх ёстой болохоос авлигын цавчаа, шахааны уурхай байж таарахгүй. Газар дээр нь ажиллахад үр ашиггүй, шударга бус, сахилга батгүй олон асуудал бий болсон нь тодорхой байгаа учраас зардлыг 50 хувиар бууруулах, хэрэгжиж эхлээгүй төсөл хөтөлбөрүүдийг царцаах зэрэг үүрэг даалгавар өглөө.

Мөн нүүрсний экспортыг нэмэгдүүлэх болон нүүрс татан авалтын төв, баяжуулах үйлдвэрт үүссэн саад бэрхшээлийг арилгах чиглэлийг холбогдох сайд нарт өгөв. Яамд болон салбар хоорондын уялдаа алдагдсанаас үүдэлтэй үргүй зардал их гарч байна. Тухайлбал, баяжуулах үйлдвэрийг уурхайгаас 12 км-ийн зайтай байгуулсан нь асар их алдагдал, илүү зардал гаргаж байна. Тиймээс эрүүл засаглалтай, үр ашигтай ажиллах тогтолцоонд шилжүүлэх гурван сарын хугацаатай даалгавар өгч, салбар салбар төлөөллөөс бүрдсэн Бүрэн эрхт төлөөлөгчийн зөвлөл байгуулав. Ингэснээр нүүрсний экспортод үүссэн саад тотгор арилж, хүнд суртал чирэгдэлгүйгээр экспорт нэмэгдэнэ гэж үзлээ. Богино хугацаанд экспортыг 50 хувь нэмэгдүүлэхийн тулд нэг чиг шугамтай, гар, сэтгэл нийлж нэг баг болж ажиллахыг Ерөнхий сайд анхаарууллаа.