Төв Азийн нүүдэлчдийн соёлын тэргүүлэх судлаач, Истанбулын их сургуулийн түүхч профессор, доктор Күршад Йылдырым Монголын нутаг дахь шүтээнтэй Бор Овоо хэмээх газарт олон улсын малтлагын төслийг удирдан хэрэгжүүлж байна. Түрэгийн түүх, тал нутгийн археологийн судалгаагаараа алдаршсан тэрээр Турк, Монголын эрдэмтдээс бүрдсэн багийг удирдан, Түрэг болон Монголын оршуулгын уламжлалыг шинээр тодорхойлохуйц эртний булш, хиргисүүрүүдийг илрүүлэх зорилготой өргөн хүрээтэй малтлага хийж байгаа аж.
МЭӨ Хүрэл зэвсгийн үеэс XIII зуун хүртэл үргэлжилсэн булш, оршуулгын дурсгалууд Түрэг-Монголын шүтлэг, зан үйлийн өвийг тодруулна гэж судлаачид үзэж байна.
Истанбулын Их Сургууль, МУИС-тай хамтран хэрэгжүүлж буй “Морьтны соёл-2025” төсөл нь Төв Азийн эртний нүүдэлчдийн оршуулгын уламжлалыг судлах зорилготой юм. Күршад Йылдырым Архангай аймгийн Бор Овоо орчмын олдворууд нь гүн гүнзгий утга, соёлын ач холбогдолтой болохыг онцлон тэмдэглэжээ.
Төслийг Туркийн Илтериш сан болон “Kanca Forging & Steel” компани ивээн тэтгэж байгаа бөгөөд малтлага нь “Шовх-Уул”, “Бор овоо”-ны орчимд явагдаж байна. Эдгээр бүс нутаг нь Хүрэл зэвсгийн үеэс XIII зуун хүртэлх үеийн археологийн давхаргатай баялаг газрууд юм. Тухайлбал, Бор Овоо нь 747–759 онд төр барьж байсан Уйгарын хаан Моюнчурын дурсгалын цогцолборын дэргэд орших онцгой дурсгалт газар билээ.
“Энэхүү овоо 3,200 гаруй жилийн туршид тахилгын зан үйлийн гэрч болсон” хэмээн профессор Йылдырым тайлбарлав. Мөн тэрээр “Түрэг, Монголын нүүдэлчид энэ газарт язгууртнуудаа оршуулж, ёслолын зан үйл үйлддэг байж. Эртний болон дундад зууны үеийг холбосон эдгээр уламжлал нь соёл, шүтлэгийн гүн гүнзгий залгамж чанарыг илэрхийлж байна” гэжээ.
“Бор Овоо” гэх нэр нь “бор өнгөтэй тахилгат овоо” гэсэн утгатай бөгөөд газар орны төрх, орон нутгийн иргэдийн хүндлэл хосолсон нэр юм. Хэдий албан ёсны малтлагын зөвшөөрөлтэй ч профессор Йылдырым нутгийн зарим иргэд малтлагын ажлыг эсэргүүцсэн талаар дурдсан нь өнөөг хүртэл энэ газрын шүтлэгийн ач холбогдол хадгалагдсаар байгааг харуулж байна гэжээ.
Одоогоор таван хиргисүүрт анхаарч ажиллаж байгаа бөгөөд эдгээр нь хүний ясан үлдэгдэл, тахилгын эд өлгийн зүйлс, металл эдлэл, вааран савны хэлтэрхий зэргийг агуулсан байж болзошгүй гэж судлаачид үзэж байна. Профессор Йылдырымын хэлснээр “Эдгээр оршуулгын уламжлалаар дамжуулан бид тухайн үеийн нийгмийн давхарга, өвөг дээдэстээ хандах хандлага, мөн нүүдэлчид ба суурин соёлт иргэншлүүдийн хоорондын харилцан нөлөөллийг судлах боломжтой” хэмээжээ.
Судалгааны багт Туркийн талаас дэд профессор Элвин Йылдырым, доктор Ферхат Чифтчи, Шейма Сапма нар, Монголын талаас дэд профессор Содномын Өлзийбаяр, профессор Мягмарын Эрдэнэ, судлаач Ганболдын Цэнгүүн нар ахлан ажиллаж байна. Тэд энэ жилдээ багтаан дурсгалуудын архитектур зураглал болон булшнаас гарсан яс, эд өлгийн зүйлийн лабораторийн шинжилгээг дуусгах төлөвлөгөөтэй байгаа аж.