Улсын эдийн засгийн өсөлт, хөгжлийг ард иргэдийнх нь худалдан авах чадвар, амьжиргааны түвшнээр нь үнэлдэг. Монгол Улсад энэ үзүүлэлт маш эмзэг дорой байгааг судалгааны дүн харуулав.
Монголд амьдарч буй айл өрхийн дийлэнх хувь нь амьжиргааны наад захын хэрэглээгээ хангахад л цалин орлого нь хүрэлцдэг гэж хариулжээ. Мөн цалингийн болон аппликэйшний зээл авч амьжиргаагаа залгуулдаг айл өрхүүд ч багагүй хувийг эзлэх болжээ. Сүүлийн 5 жилийн хугацаанд өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнэ тогтмол өсөлттэй байгаагаас үүдэн өрхийн худалдан авах чадвар ч тэр хэрээр буурсан байна.
Таван жилийн давтамжтай явуулдаг “МОНГОЛ ГЭР БҮЛИЙН ХАРИЛЦААНЫ ӨНӨӨГИЙН БАЙДАЛ, ӨӨРЧЛӨЛТ” судалгааны дүн саяхан гарчээ. Үүнээс анхаарал татаж буй үр дүн нь өрхийн санхүүгийн чадамжтай холбоотой хэд хэдэн баримт юм. Судалгаанд хамрагдсан нийт өрхийн 70 гаруй хувь нь ямар нэгэн зээлтэй байна.
Судалгаанд оролцогчдын авсан зээлийн төрлөөр нь харвал гурван хүн тутмын нэг нь буюу 40 орчим хувь нь цалингийн зээл авсан байна. Хөдөө орон нутагт амьдарч буй иргэдийн дунд цалингийн болон малчны зээл өндөр байгаа бол нийслэл хотод амьдарч буй иргэдийн хувьд санхүүгийн аппликэйнш ашигласан зээл, мөн орон сууцны зээл өндөр хувьтай байна.