Дулааны гуравдугаар цахилгаан станцад 2025 оны зургадугаар сарын 2-ны шөнө осол гарч, есдүгээр турбогенератор ажиллагаагүй болсон. Энэхүү тоног төхөөрөмж нь тус станцын гол ачааллыг үүрэлцдэг байсан бөгөөд дахин засвар авахааргүйгээр эвдэрсэн гэж мэргэжилтнүүд мэдээлсэн. Ингэснээр Улаанбаатар хотын дулаан хангамжийн 31 хувь, төвийн цахилгаан эрчим хүчний 14 хувь, үйлдвэрийн уурын 47 хувийг хангаж ажилладаг "ТЭЦ-3"-ын үйл ажиллагаа доголдох эрсдэл үүссэн юм.
Засгийн газраас "ТЭЦ-3" дээр Онцгой дэглэм тогтоож, Бүрэн эрхт төлөөлөгчөөр Эрчим хүчний Төрийн нарийн бичгийн дарга Н.Тавинбэхийг томилон ажиллуулж буй. Ямартай ч "ТЭЦ-3" дээр үүссэн осол гэмтэлтэй холбоотойгоор хоёр үе шаттай арга хэмжээ авч ажиллахаар болжээ.
Осол гарсан обьектыг яаралтай буулгаж, сэргээн засварлах. Энэ ажил эхэлсэн бөгөөд 2025 оны арваннэгдүгээр сарын 15 гэхэд дуусгахаар төлөвлөсөн байна.
Есдүгээр турбогенератор ажиллагаагүй болсон тул ирэх өвлийн гол ачааллыг хуваалцах үүднээс ашиглалтаас гарч, актлагдсан байсан өөр нэг турбогенераторыг дахин сэргээн засварлах ажлыг эхлүүлжээ. Энэхүү турбогенераторыг сэргээн завсарлах ажлыг наймдугаар сарын 15 гэхэд дуусгаж, сүлжээний тохируулгын ажлыг хийх аж.