Ерөнхий сайд Г.Занданшатар эрчим хүчний нөхцөл байдалтай танилцав. Энэ үеэр ТЭЦ-3-т гарсан осол аваарын нөхцөл байдлын талаарх мэдээллийг дулааны гуравдугаар цахилгаан станцад БЭТ-өөр томилогдсон Н.Тавинбэх танилцууллаа.
БЭТ Н.Тавинбэх: Дулааны гуравдугаар цахилгаан станц жилд 1.1 тэрбум кВт/цаг эрчим хүч, 2.6 сая Гкал/цаг дулаан эрчим хүч үйлдвэрлэдэг. Энэ хэрэглээ нь төвийн бүсийн цахилгаан эрчим хүчний 14 хувь, Улаанбаатар хотын дулаан хангамжийн 31 хувь, үйлдвэрийн уурын 47 хувийг хангадаг ийм эх үүсвэр юм. 2025 оны зургадугаар сарын 2-ны өдөр есдүгээр турбогенератор гэмтэж, цаашид ашиглах боломжгүй болсноор Монгол Улсын эрчим хүчний систем цахилгаан хангамжийн хувьд 50 МВт-аар, дулаан хангамжийн хувьд 100 Гкал-ын дутагдалд орсон. Ийм хэмжээгээр улсын хэмжээнд цахилгаан, дулааны дутагдах эрсдэлтэй нөхцөл байдал үүссэн.
2025 оны зургадугаар сарын 20-ны өдөр Засгийн газар тус станцад онцгой дэглэм тогтоож, Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгч томилон ажиллаж байна.
Одоогоор Дулааны гуравдугаар цахилгаан станц зуны бага ачаалалд хэвийн ажиллаж байна. Төлөвлөгөөт засварын ажил 45 хувьтай байгаа бөгөөд 9-р сарын 15 гэхэд дуусгахаар төлөвлөж байна. Үүссэн аваар осолтой холбоотойгоор хоёр үе шаттай ажил хийж байна. Нэгдүгээр үе бол галд өртсөн барилгыг буулгах, шинээр барих ажлыг хийнэ. Энэ ажлыг 2025 оны арваннэгдүгээр сардаа багтаан хийхээр төлөвлөж байна. Зураг төсөлд онцгой анхаарч, маш сайн хийж гүйцэтгэхээр ажиллаж байна. Өнгөрсөн 20 хоногт энэ ажлыг бүрэн дуусгасан.