Open iToim app
Спорт | 12 мин уншина

М.Өсөхбаяр: Дэвээ бол ард түмнээ хүндэтгэж буй хэлбэр. Тиймээс сайн барилдаж чадахгүй байсан ч сайхан дэвье гэж боддог

М.Өсөхбаяр: Дэвээ бол ард түмнээ хүндэтгэж буй хэлбэр. Тиймээс сайн барилдаж чадахгүй  байсан ч сайхан дэвье гэж боддог
Нийтэлсэн 53 минутын өмнө
Манай сайт баяр наадмын тусгай дугаарт Булган аймгийн Бүрэгхангай сумын харьяат улсын заан М.Өсөхбаярыг урьж, ярилцсанаа хүргэж байна. Тэрээр сайхан дэвээтэй, жудаг төгөлдөр гэдгээрээ бөх сонирхогчдын дунд алдартай бөх юм.
-Та сайхан зусаж байна уу. Баяр наадмын бэлтгэл сайн байна уу?
-Сайхан. Сайхан зусаж байна уу. Энэ хангайдаа 20 гаруй жил бэлтгэлд гарч байна. Манай аймгийнхны бэлтгэл их сайн байгаа. 
-Хамгийн сүүлд Даншиг наадамд шөвгөрлөө шүү дээ. Танай дэвжээний бөхчүүд нийтээрээ бэлтгэл жигд сайхан харагдаж байсан. Даншиг наадмын сонин хачнаас юун түрүүнд яриагаа эхлэх үү?
-Тэгье. Даншиг наадам 10 дахь жилдээ зохион байгуулагдлаа. Өмнө жилүүдэд сайн оролцож байсан. Энэ жил мөн чамлахааргүй амжилттай оролцлоо. Булган аймгийн бөхийн гал нэгдэж 60 гаруй бөх бэлтгэлд гарсан. Эв нэгдэлтэй сайхан бэлтгэл сургуулилтдаа хамрагдаад Даншиг наадмын түрүү хүртлээ. Түүнээс гадна шөвөг, их шөвөг хүртсэн гээд сайхан барилдсан, их баяртай байгаа. 
-Улсын наадам болох гэж байна. Наадам дөхсөн өдрүүдэд мэдээж сэтгэл догдлолтой байдаг байх даа?
-Догдлолгүй яах вэ. Уягдсан морь хүртэл догдлоод байхад хүн бол догдлолгүй яах вэ. Улам л ойртоод байна. Бага ч болов хугацааг нь сунгачихмаар санагдаад байх юм. Болдог бол жаахан хойшлуулчихгүй юү. Ойртох тусам л догдолж байна.
-Таныхаар хамгийн дурсамжтай баяр наадам хэзээ байв?
-Жил жилийн баяр наадам өөрийн гэсэн онцлогтой байдаг. Энэ жилийн баяр наадам ч гэсэн өвөрмөц онцлогтой болно. Дурсамжтай наадам гэвэл анх хүүхэд байхаасаа эхлээд наадсан нь. Наадам болгон өөрийн гэсэн сайхан өнгөтэй. Ер нь наадамд том, бага гэж байхгүй. Сумын, овооны гэж эхлээд улсын наадамд хүртэл оролцоод л явж байна. 
-Хамгийн анхны улсын наадамд оролцож байсан үеийн дурсамжаасаа бидэнтэй хуваалцахгүй юү?
-Хамгийн анх 20 жилийн өмнө буюу 2005 оны улсын баяр наадамд анх барилдаж байлаа. Төв цэнгэлдэхэд 512 бөхөд барилдах гээд аймгийн арслан цолтой байхдаа бүртгүүлж байсан. Тэр жил улсын наадамд анх барилдаад гурав даваад дөрвийн даваанд өвдөг шороодож байлаа. 
-Улсын цолтны эгнээнд шилжиж байсан үеийн дурсамжаасаа мөн хуваалцахгүй юү. Та бол олон удаа тунаж барилдаж байсан бөх. Тунах ер нь гоё уу?
-Амлуулсан ч, тунасан ч барилдаан бүр дурсамжтай байдаг. Улсын наадамд хоёр дахь жилдээ барилдаад улсын начин цолонд хүрч байсан. Энэ хангайдаа (Бугийн сангийн аж ахуй орчимд) бэлтгэлд гараад эндээсээ улсын начин болж байлаа. Улсын цолтон болно гэсэн зорилготой л барилдсан. Барилдаж буй бөх болгон наадамд амжилт гаргах гэж мэрийдэг.
-Таныг ид барилдаж байх үед барилдаан таардаггүй эсвэл хамгийн амаргүй бөх нь хэн байсан бэ?
-Намайг анх гарч ирж байх үед манай дээд үеийнхэн ид барилдаж байсан. Миний хувьд харьцангуй залуу спортын гараагаа эхэлсэн учраас дээд үеийнхэнтэйгээ олон барилдсан. Ер нь дайн бол хүсэх зүйл биш. Тулаад ирвэл зугтах зүйл биш гэж хамгийн эвгүй, тэр хүнээс л зөрчхөөсэй, таарахгүй юм сан гэсэн бодол төрж байгаагүй. Таарсан болгонтойгоо өөрийнхөө хэмжээнд барилдана гэж боддог байсан. 
-Таны үеийн болон танаас дээш үеийн бөхчүүдийг жудаг төгөлдөр гэж хүмүүс ярьдаг. Энэ нь юутай холбоотой гэж та боддог вэ. Жишээлбэл дээд үеийнхнээсээ суралцах зан чанар юу байсан бэ?
-Байлгүй яах вэ. Ёс зүй гэдэг маш чухал. Манай хойч үед ч гэсэн ёс зүйтэй залуу зөндөө л байна. Миний шавь нар, багш дасгалжуулагчид, ах нар гээд үе үеэрээ л бий. Тоо их олон байгаа болохоор зарим хүний характер, өөрийнхөө тэвчээргүй байдлаас болж ёс зүйн алдаа гаргахад бөхчүүд гэж яригддаг. Манай дээд үеийнхэн бидэнд ёс зүйтэй, үнэнч, шударга, эрэмгийн барилдах ёстой шүү гэж захиж, зааж сургасан. Иймд үүнийг аль болох эрхэмлэж явах юм сан гэж боддог. Хүмүүс дэвжээн дээр барилдаж байгааг хараад зан характер, тухайн барилдаанаар дүгнээд байдаг юм шиг. Гэтэл энгийн үед найз нөхөдтэй, гэр бүлтэй, ах, дүүтэй, аав, ээжтэй бусдын л адил хүн. Хүний амьдралд сэтгэлийн амар амгалан чухал шүү дээ. Сайхан инээж хөөрөх гээд дэвжээн дээр байдгаас амьдрал эсрэг. Тэгэхээр ер нь ёс зүй гэдэг хойшдоо ч байх ёстой, байна ч байх. Багш нарт барилдаж байгаа залууст сургах гол зүйл бол хүндлэл, түүнээс гадна хорт зүйлээс хол байлгаарай гэж захиж байгаарай гэж хэлдэг дээ.
-Дээд үеийн ямар бөхчүүдээс үлгэр дуурайлал авч байв. Таныхаар хамгийн уран эсвэл барилдааны мэдрэмжтэй нь хэн бэ?
-Олон л доо. Үе үеийн бөхчүүд онцлогтой байдаг. Миний дээд үе гэхээр зургаан залуу заан. Тэднийг хүүхэд байхдаа харж өссөн. Тэдэн шиг болохсон, хийж байгаа мэхийг нь сурах сан гэдэг эрмэлзэлтэй байлаа. 
-Та харьцангуй залуудаа гарч ирсэн болохоор дээд үеийнхэнтэйгээ харьцангуй олон барилдаж байсан гэсэн. Тэдэнтэй барилдахад ямар байдаг байсан бэ?
-Барилдалгүй яах вэ. Барилдаанууд бэлтгэл сургуулилт, тухайн үеийн дүрэм, байгалийн өгөгдөл буюу хүний авьяас чадвараас хамаардаг. Г.Өсөхбаяр аваргыг хар. Байгалиас төрсөн биетэй, түүн дээр бэлтгэл сургуулилт, өөрийн удам гээд олон зүйл нөлөөлсөн сайхан аварга. Дараа нь А.Сүхбат, Д.Сумъяабазар аварга гээд уран хурц барилдаантай, хурдтай барилдааныг үзүүлдэг. Ц.Цэрэнпунцаг, Б.Гантогтох гарьд, Б.Ганбат арслан гээд үзэгч түмнийг байлдан дагуулж чаддаг.Ингээд яг л монгол хүнийг бөхдөө дурлуулж чадаж байсан хүмүүс. 
-Зургаан залуу зааныг ид барилдаж байх үед бөх үзэгчдийн тоо эрс нэмэгдсэн. Энэ нь тэр хэмжээгээрээ барилдааны мэхний хувилбар болон жудаг төгөлдөр байсантай холбоотой юу?
-Одоо үзэгчдийн тоо цөөрсөн гэж бодохгүй байна. Яагаад гэвэл сошиал медиа хөгжсөн, олон телевиз дамжуулдаг болсон гээд хүртээмж нь ихэссэн. Магадгүй бидний болон өмнөх үеэс ч илүү үзэгчтэй болсон байх гэж хардаг шүү. Учир нь хөдөө орон нутагт явж байхад хүүхэд, залуус их таньдаг, сайн барилдаж байгаа аймгийн цолтон болон залуу бөхчүүдийг ямар гэж асуудаг болохоор надад ингэж мэдрэгддэг дээ. Үзэгчид бол Монгол Улс, наадам байгаа цагт байсаар ч ирсэн, байх ч болно гэж боддог. Бид бүгд бөхийн спортын хэрэглэгч. Та бүхэн баяр наадмаараа бөхөө барилдуулж, морио уралдуулж харж баясаад нааддаг. Бөхийн хүрээнд байгаа хүмүүс ч адилхан баяр наадам, заал танхимын барилдаанд оролцоод төдийгөөс өдийн хүртэл явж байна. 
-Үе, үеийн бөхчүүд өөрсдийн гэсэн онцлогтой байдаг гэж та ярьсан шүү дээ. Үүгээрээ та юуг илэрхийлэхийг зорьсон бэ?
-Үүн дээр дүрмийг ярихыг хүсдэг. Түргэн шуурхай барилдаанууд нэг хэсэг цөөрсөн нь 2003 онд батлагдсан дүрмээр 2020 хүртэл явсан. Ингэхээр бараг 20 орчим жилийн хугацаа үзсэн гэсэн үг. Дүрмээ түргэн өөрчлөөгүй нэлээд удсан учраас бөхчүүд нэлээд жин нэмэх хандлагатай болсон. Одоо буцаад дүрэм өөрчлөгдөөд ихэнх хүмүүсийг анзаарахад жингээ багасгая, хүчний бэлтгэлээ арай өөр маягаар хийе гэдэг хандлагатай болж байна. Үе үеэрээ өөр байна гэж үүнийг хэлээд байгаа юм. Гэхдээ үе үеэрээ бас төрдөг. Сонин тохиолдлууд зөндөө бий. Бидний дээд Б.Бат-Эрдэнэ аваргын үе гэдэг юм уу 1964 онд төрсөн луу жилтэй олон хүчтэн байдаг. Гэтэл зөвхөн луу жилтэн бас болдоггүй юм гээд өөрийнхөө үеийнхнийг хэлнэ. Манай үе буюу 1984 оны хулгана жилтнүүдээс олон улсын цолтон төрсөн. Аварга ч төрлөө. Дараагийн 1985, 1986 оныхноос мөн олон улсын цолтон төрсөн. Тухайн жилүүдийг бодвол 1981-1983 онд харьцангуй цөөн байх шиг харагддаг. 
quote photo
Монгол Улс, наадам байгаа цагт бөх үзэгчид байсаар байна
М.Өсөхбаяр
-Таныхаар бөхийн спортод удам чухал уу. Хичээл зүтгэл чухал уу?
-Аль аль нь чухал. Хамгийн чухал зүйл бол хүний дур сонирхол. Үүн дээр удам, хичээл зүтгэл нэмэгдвэл төгс болно гэж боддог. Дургүй зүйлд нь хүчилбэл хүнд ямар ч байгалийн өгөгдөлтэй байгаад хичээхгүй.
-Барилдааны өмнө сэтгэл зүйгээ хэрхэн бэлддэг вэ. Тамирчин хүний хувьд сэтгэл зүй гэдэг маш чухал зүйл байх?
-Бөхийн холбооноос биднийг барилдаж эхлэхэд “Дэвжээн дээрээ эрэмгий байж, дэвжээнээс буугаад даруухан байя” гэж уриалга гаргаж байсан. Үүнийг өөртөө хэвшүүлье гэж боддог байлаа. Тулаанд орсон үед буцах зам байхгүй, аль болох өөрийнхөө нөөц бололцоог гаргаж, айдсаа дарж барилддаг байсан даа. Мэдээж мэх хийхдээ хариу яаж ирэх бол гэдгийг боддог. Мэхээ гүйцэт, төгс хийх юм сан гэж их зорино. Эргээд харахад хамгийн сайн барилдсан барилдаанууддаа их тайван байсан юм билээ. Ер нь барилдаан, наадам болох гэж байна гэсэн нээх догдлол байхгүй тайван үеүддээ их сайн байж. Бусад яарсан, түгшсэн, үедээ сайн байж чадаагүй. Тиймээс барилдаан гэдэг хүний сэтгэл зүйтэй холбоотой гэж ойлгодог.
-Барилдаанууд дундаас нь хамгийн их түгшиж, сандарч байсан ямар барилдаан байдаг вэ?
-Олон шүү дээ. Ер нь олон барилдаанд ижил тэнцүү, өөрөөсөө дээш өрсөлдөгч нартай барилдана гэдэг сэтгэл зүйн хувьд хүнд тусдаг. 
-Начин цолноос харайж заан цол хүртсэн шүү дээ?
-Улсын начин болчхоод цолоо батлах, ахиулах хүсэлтэй хэд хэдэн наадмыг үдсэн. Улсын заан цол хүртэхэд бэлтгэл сургуулилт, бэлтгэл хангагч багш дасгалжуулагчид гээд олон хүчин зүйл нөлөөлсөн. 
-Таны хувьд аав, ээжийнхээ аль аль талаас бөхийн удамтай. Гэхдээ бөх болохгүй байх сонголт бас байсан байх. Бөхийн спортод амьдралаа зориулж олон жил тасралтгүй хичээллэхэд юу нөлөөлсөн гэж боддог вэ?
-Миний гэр бүлийн хүмүүжил, ойр дотнын хүмүүсийн нөлөөлөл намайг бөх болоход нөлөөлсөн. Мэдэхгүй, миний хувьд бөхөөс өөр замаар явсан бол гэж бодож үзээгүй.
-Тамирчин хүний хувьд шантрах үе бишгүй л олон тохиолдсон байх. Тэр үеүдээ хэрхэн даван гарч байсан бэ?
-Шантарч байсан олон үе бий. Гэхдээ эргээд харахад барилдахаа больё гэтлээ шантарч байгаагүй юм билээ. Яах вэ, өнөөдөр шантарч байгаа ч барилдах л ёстой. Миний дуртай зүйл шүү дээ гэж тэмүүлж, хүсэж өдий зэрэгтээ явна даа.
-Эрэгтэй хүмүүс тэр дундаа бөхчүүдийн нөхөрлөл сайхан харагдаад байдаг. Таны олон жил найзалж байгаа бөхчүүд бас байдаг биз?
-Тэгэлгүй яах вэ. Хүнтэй нөхөрлөнө гэдэг итгэл даах чадвар. Хамгийн наад зах нь хүнтэй уулзалт товлосон бол цаг барьдаг байх хэрэгтэй. Бие биедээ хор хүргэхгүй, дандаа сайн сайхныг хүсээд байхаар нөхөрлөл удаан үргэлжилнэ. Барилдаан гэдэг дэвжээн дээр л болно. Дэвжээн дээр хоёр найз таарахад хоёулаа л адилхан барилдана. Унасан ч, давсан ч нөхөрлөл үргэлжилнэ. Сая тийм алдаа гаргалаа, чи тэглээ шүү гээд хэн хэнийхээ алдааг засаж, оноог урамшуулдаг нөхөрлөл хүүхэд байхаас одоо ч үргэлжилсээр байна. Найзуудтайгаа уулзахаараа өмнө нь бие биетэйгээ барилдаж байсан барилдаануудаа ярилцаж дурсах дуртай. Нөхөрлөлийн сайхан чанар зөндөө бий. 
-Мэдээж бөх хүнд давах, унах үе байна. Унасны дараа гундуу үедээ та юу хийдэг вэ?
-Хэн ч асууж байгаагүй асуулт байна. Ёстой бодож үзэж байгаагүй юм байна. Яах вэ, унаад өөрөө өөртөө л гомдоно. Өөр хүнд гомдож болохгүй. Би дийлэхгүй, алдаа гаргасан, бэлтгэл сургуулилтаа дутуу хийсэн, бэртэл гэмтэл авсан гээд хариуцлагыг өөр дээрээ л үүрнэ. Хамгийн сайхан нь гэр бүлтэйгээ байх, хүүхдүүдтэйгээ тоглох, нутагтаа очих  гээд олон зүйл байна.
-Бөх хүний гэргий гэдэг сэтгэл зүйн тал дээр маш их тусалдаг юм шиг харагддаг. Таны эхнэр сэтгэл тань гундуухан үед юу гэж хэлдэг, яаж урамшуулдаг вэ?
-Надад нээх олон үг хэлдэггүй. Ханьдаа итгэдэг шүү гэдэг үг л надад хамгийн их урам зориг өгдөг. Бид бараг хүүхэд байхдаа гэр бүл болоод 20 гаруй жил болж байна. Итгэдэг шүү гэдэг үгэнд нь их дуртай. 
-Бөх хүний хувьд мэхний хувилбар олонтой байх нь чухал байдаг шүү дээ. Мэхний хувилбараа олон болгох, сурсан мэхээ илүү сайн гүйцэтгэлтэй хийхийн тулд хэрхэн бэлддэг байсан бэ?
-Багш нарын нөлөө үүнд маш чухал. Олон сайхан багштай байсан учраас зааж, зөвлөснөөр нь хийдэг байсан. Мөн өөрөө бас гоё мэхний хувилбар хийж байгаа хүнийг харж өөрт тохирсон мэхийг сурах гэж эрэлч, хайгуулч байж бөх хүн барилддаг гэж ойлгож болно. Ингээд харахад залуу насандаа бэлтгэл сургуулилт дээрээ алдаа гаргасан, бэртэл гэмтэл авсан үеүд байдаг.
Бэртэл гэмтэл авч байсан үе бий гэлээ. Тэр үеэ хэрхэн даван гарч байсан бэ?
-Өөрийн болгоомжгүй байдал, багш нарын хэлснийг залуу насанд анзаарахгүй явсны гор, хариуцлагагүй барилдаан, бэлтгэл хийснээс болж бэртэл гэмтэл авсан тохиолдол байдаг. Яах вэ, бэртэж байсан ч барилдахаа болих хэмжээнд хүрч байгаагүй.  Багш нарын буян маш их. Гэр бүлийн, орон нутгийн сайхан өгөгдөл их юм даа. Монгол бөхийн зүлэг ногоон дэвжээндээ, ард түмэндээ баярлаж л явдаг. 
-Монголын ард түмэн таныг жудагтай бөх хэмээн хүндэлдэг. Таны хувьд жудаг гэж юу вэ?
-Өрөвч, зөөлөн, нинжин сэтгэлтэй, шударга, зарчимч гэх юм уу олон зүйлийн нийлбэрийг жудаг гээд байх шиг санагддаг. Жудаг гэж тодорхойлсон үг сайн мэдэхгүй.
-Таныг туг тойроод дэвж байхыг хүмүүс харах их дуртай. Анх дэвээ, шаваагаа хаанаас, хэнээс сурч байсан бэ?
-Сайн барилдаж чадахгүй ч гэсэн сайхан дэвье л гэж боддог. Багш нараас болон гоё сайхан дэвж байгаа хүмүүсийг харж дуурайдаг. Дэвээ гэдэг бол монгол бөхийн бие халаалт. Хоёрдугаарт, сайхан дэвэх үзэгч түмнээ биеийн хэлэмжээр хүндэлж байгаа хэлбэр юм болов уу. 
-Та одоо заалны барилдаануудад харьцангуй цөөн гарч, бөхийн тайлбар хийж байгаа. Энэ цагийг өнгөлж байгаа, мэхний хувилбар сайтай нь хэн байна вэ?
-Миний тайлбар зарим хүнд таалагддаг, таалагддаггүй. Тайлбар хийхдээ бөхийнхөө мэхний нэршлийг зөв хэлье гэж эрмэлздэг. Заримдаа алдаа гаргах нь бий. Одоо барилдаан олон болж бэлтгэл сургуулилт хийх боломж бололцоо их болсон. Том, бага цолтой гэхгүй бүгд жигд бэлтгэлтэй. Залуус өөрсдийгөө дайчлах бүрэн боломжтой цаг үе. Айлын олон хүүхдээс онцлоод яах вэ, Монголын ард түмэн харж байгаа. Баяр наадам удахгүй болох гэж байна. Сайхан ч барилдаан болох байх. Өсөж гарч ирж байгаа залуус аймаг, сумын наадамд цол, чимэг хүртэх шат дараалалтай зорьж байгаа байлгүй. Бүгд сумын цолноос л эхэлнэ шүү дээ. Сумын цол авсан нь аймгийн цол авах хүсэлтэй. Хамгийн том цол нь аймгийн наадамд түрүүлж арслан болох юм. Аймгийн арслан дараагийн зорилгоо тодорхойлсон, улсын цол авна гэж бодож байгаа хүн бол дахиж аймаг явахгүйгээр улсын наадамд зориод барилддаг байх. Бидний үед тэгж л бодож байсан. Одоогийн залуус ч тэгж л бодож байгаа байх.
-Мэдээж мянган бөх барилдахад нэг нь л түрүүлдэг жамтай. Дараа жилийн наадам даанч хол байна гэдэг шиг зарим талаараа бөхийн спорт хатуу зарчимтай ч юм шиг?
-Ер нь 1024 бөх барилдахад 1023 хүн байж л тухайн хүн түрүүлж, улсын аварга цолтон болж байгаа. Миний хувьд ямар улсын баяр наадамд түрүүлж үзсэн биш. Дөрөвт үлдэж л үзсэн. Ингэхэд нэгийн даваанаас долоогийн даваа хүртэл барилдсан тухайн долоон хүн байж өнөөдөр улсын заан гээд хүмүүст танигдаад өдий зэрэгтээ явж байна. Тэр хүмүүсийн буян гэж бодож байгаа. 
-Та заан цолтой. Таны ах бас заан цолтой шүү дээ. Тэгэхээр заан цолны талаар манай уншигчдад танин мэдэхүй талаас нь тайлбарлавал?
-Өмнө нь начин, заан, арслан, аварга гэсэн дөрвөн цолтойн байсан. Одоо харцага, гарьд гээл цол нэмэгдсэн. Начин гэдэг жигүүртэн шувуудыг төлөөлүүлдэг. Заан бол хуурай газрын хамгийн том хүчтэн. Арслан гэдэг араатны хаан гэдэг утгаараа зааны дээр байх ёстой. Аварга гэдэг хангарьдыг дүрсэлж байгаа төлөөний нэр. Хангарьд гэдэг хамгийн дээд нь шүү гэдгээр төлөөлүүлж байгаа. Энэ дундаас хүн бүхэн заан цолыг сайхан цол гэж яридаг. Би ч гэсэн энэ цолондоо баярлаж, бахархаж явдаг. Миний нагац ах бас сайхан заан цолонд хүрсэн. Манай ах намайг өдий зэрэгтээ амжилт гаргахад хамгийн их нөлөө үзүүлсэн болохоор маш их баярлаж явдаг даа. Миний авга, нагац нар сумын заан цолонд хүрсэн. Манай гэрээр дүүрэн улс, сумын заанууд байна гээд наргиа маягаар ярьж байдаг. 
-Монгол бөхийн залгамж халаа гэж бий. Танай удмаас шинэ залуу гарч ирж байгаа бөх байгаа юу?
-Одоохондоо бага балчир барилдах сонирхолтой хүүхдүүд бий. Жишээлбэл, манай дүүгийн хүүхдүүд. Үе үеэрээ байдаг болохоор залгаж гарч ирнэ л дээ. Өнөөдөр тодроод цол авчих хэмжээнд хүн байхгүй ч гэсэн харж, бодож байгаа бөхөд сонирхолтой жаахан хүүхдүүд байна. Нутгийн ч хүүхдүүд бий.
-Манай ярилцлагын урилгыг хүүлээж авсанд баярлалаа. Ярилцлагынхаа төгсгөлд нийт уншигч, үзэгчдэдээ баяр наадмын мэндчилгээ дэвшүүлэхгүй юү?
-Танай сайтын хамт олонд баяр наадмын өмнө үзэгч түмэнтэй уулзуулж ярилцсанд баярлалаа. Монголын ард түмэндээ ойн их баяр наадмаараа дэнж хотойтол сайхан наадаж баярлан цэнгээрэй. Ард түмэндээ үнэхээр их баярлаж явдаг шүү гэж хэлье дээ.
-Ярилцсанд баярлалаа.
Г.Хэрлэн нь МУИС-ийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2024 оны наймдугаар сараас iToim.mn сайтад ажиллаж байна.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн