Open iToim app
Дэлхий | 2 мин уншина

Хятадын уул уурхайн гадаад хөрөнгө оруулалт түүхэн дээд түвшинд хүрлээ

Хятадын уул уурхайн гадаад хөрөнгө оруулалт түүхэн дээд түвшинд хүрлээ
Нийтэлсэн 2025 оны 7 сарын 9
Геополитикийн хурцадмал нөхцөл байдлын дунд Хятад улс стратегийн түүхий эдээ баталгаажуулах зорилгоор гадаад дахь уул уурхайн хөрөнгө оруулалтаа түүхэндээ байгаагүй өндөр түвшинд хүргээд байна.
2024 онд 100 сая ам.доллараас дээш үнэлгээтэй 10 хэлцэл хийсэн нь 2013 оноос хойших хамгийн өндөр үзүүлэлт болохыг Financial Times мэдээлжээ. Үүнээс гадна, Австралийн Griffith Asia Institute-ийн судалгаагаар 2023 он Хятадын гадаад уул уурхайн хөрөнгө оруулалт болон бүтээн байгуулалтын хувьд хамгийн идэвхтэй жил болсон байна.
Хятад улс стратегийн олон түүхий эдийн дэлхийн хамгийн том хэрэглэгч орон бөгөөд олон жилийн турш гадаадад хөрөнгө оруулалт хийсээр ирсэн. Гэвч шинжээчдийн үзэж буйгаар сүүлийн давалгаа илүү яаралтай, стратегийн чиглэлд шилжжээ. Учир нь Канад, АНУ зэрэг орнуудад улс төрийн эсэргүүцэл хүчтэй нэмэгдэж, Хятадын компаниудад хаалга хаагдахаас өмнө худалдан авалтаа эрчимжүүлж байна.
  • Өнгөрсөн долоо хоногт Zijin Mining компани Казахстан дахь Raygorodok алтны уурхайг 1.2 тэрбум ам.доллараар худалдан авахаар зарлалаа.
  • Харин дөрөвдүгээр сард, Хятадын Baiyin Nonferrous Group Бразилд орших Mineração Vale Verde зэс ба алтны ордыг Appian компанийнхаас 420 сая ам.доллараар худалдан авчээ.
Хятадын боловсруулалт давамгайлдаг ч түүхий эдийн хамаарал өндөр хэвээр
Хятад улс лити, ховор металл, кобальт зэрэг стратегийн эрдэс бодисын дэлхийн боловсруулалтын салбарыг тэргүүлдэг ч түүхий эдийн хувьд гадаад импортод маш ихээр хамааралтай хэвээр байна.
Барууны орнууд энэ хамаарлаас гарахын тулд:
  • Цахилгаан автомашин (EV)-ы батерей
  • Салхин эрчим хүч
  • Хагас дамжуулагч зэрэг чухал салбарын альтернатив нийлүүлэлтийн сүлжээг бий болгохоор ажиллаж байна.
Алтны үнийн өсөлт Хятадын уул уурхайн “наймааны шуургыг” өдөөж байна
Сүүлийн үед алтны үнэ огцом өссөн нь Бээжингийн уул уурхайн салбар дахь сонирхлыг улам хөдөлгөгч хүч болгож байна. Дэлхийн хамгийн том алт олборлогчдын нэг болох Хятадын компаниуд гадаад дахь хэлцлүүдээ эрчимжүүлж, өрсөлдөөнд илүү гүн оролцож эхэлжээ.
Хамгийн хүчтэй тоглогчдын нэг нь Chifeng Gold юм. Тус компани нь Хятадын хамгийн том төрийн бус алт олборлогч бөгөөд үйлдвэрлэлээ эрчимтэй өсгөсөн байна. 2019 онд ердөө 2 тонн алт олборлож байсан бол 2023 он гэхэд 5 дотоод уурхай, Гана ба Лаост орших 2 гадаад уурхайн хүчин чадлаар 15.2 тонн алт олборложээ.
Дэлхий даяар алтны шинэ томоохон орд олдоогүй, олборлолт 2018 оны түвшинд гацсан энэ үед, олон компаниуд хуучирсан хөрөнгөө шинэчлэхийн оронд нэгдэх, худалдан авах замаар өсөлт хайж байна.
Хятадын CMOC Group-тэй хамт Австралийн Northern Star Resources (ASX: GOR), Өмнөд Африкийн Gold Fields (JSE: GFI) зэрэг компаниуд жижиг компаниудыг худалдан авч буй хамгийн идэвхтэй тоглогчдын нэг болжээ.
Х.Бямбажаргал нь МУИС-ийг Олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн бөгөөд 2024 оноос iToim.mn сайтад сэтгүүлч, орчуулагчаар ажиллаж байна.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн