Open iToim app
Спорт | 6 мин уншина

ТААМАГ: Үндэсний их баяр наадамд түрүүлэх магадлалтай онцлох найман бөх

ТААМАГ: Үндэсний их баяр наадамд түрүүлэх магадлалтай онцлох найман бөх
Нийтэлсэн 2025 оны 7 сарын 9
Дэлхийд ганцхан дэнж хотойлгох монгол наадам эхлэхэд ердөө хоёр хоног үлдлээ. Баяр наадмын өдрүүд дөхөх тусам төрийн наадамд хэн түрүүлэх бол гэсэн таавар бөх сонирхогчдын дунд хүчтэй өрнөдөг билээ. Тэр дунд сүүлийн үед зааланд өнгөтэй сайхан барилдсан аймгийн хурц арслан Э.Мөнхбаатар, Н.Өсөхбаяр, Д.Алтанцоож, Н.Амгаланбаатар нарыг П.Бүрэнтөгс аваргын амжилтыг давтах болов уу гэсэн хүлээлт ч бий. Гэвч төрийн наадамд эрэмбэ, багийн тоглолт гэж бий. Иймд энэ жил өнгөтэй сайхан барилдаж шинэ үеэс төрөн гарч ирж байгаа Э.Батмагнай, М.Лхагвагэрэл, С.Сүхбат зэрэг бөхийг тааварт багтаагаад байна. Үүгээр зогсохгүй допингийн асуудлаас болж барилдах эрхээ хасуулаад байсан Э.Оюунболд арсланг энэ жил мартаж болохгүй. Түүнчлэн, Б.Цэдэнсодном тэргүүтэй 1990 оны төлөөлөл, цолоо ахиулахын тулд олон жил хичээж хөдөлмөрлөж буй бөхчүүд ч тааварт зүй ёсоор багтаж буй. Мөн О.Хангай болон П.Бүрэнтөгс аварга нар наадмын өнгөнд тодорч даян аварга цолтон төрөх магадлал өндөр байна хэмээн бөх сонирхогчид тааварлаж байна.
Тухайлбал, энэ жилийн түрүү бөхийн талаар спортын тайлбарлагч С.Шижирбат “Багийн барилдааныг хэн сайн хийсэн нь түрүүлдэг. Энэ жил Увс, Архангай, Ховд, Баянхонгор, Сэцэн хан яг энэ тавын багийн ажиллагаанаас шалтгаална. Төв, Сэлэнгэ, Завхан зэрэг аймаг багийн тоглолт энэ жил тааруу учраас найдвар тавьж буй  гурван бөх нь өөрсдийн ур чадвартаа найдна, спортын зарчим угаасаа ийм л дээ” гэсэн.
Тэгвэл манай сайт энэ жилийн наадмын түрүү бөхийн тэргүүн эгнээнд яваа найман бөхийг онцоллоо.

Улсын аварга О.Хангай

Аварга О.Хангай сүүлийн хоёр жил Цагаан сарын барилдаанд дараалан түрүүлсэн. Түүхийг харвал, могой жилийн барилдаанд түрүүлсэн бөхчүүд тухайн оныхоо улсын баяр наадамд түрүүлж байсан зүй тогтол бий. Эргэн санавал 2013 оны усан могой жилийн барилдаанд Г.Эрхэмбаяр арслан түрүүлж, С.Мөнхбат аварга үзүүрлэж байжээ. Тухайн жилээ Г.Эрхэмбаяр наадмаар есөн даван түрүүлж, аварга цол хүртсэн.
Харин 2001 оны төмөр могой жилийн барилдаанд дархан аварга А.Сүхбат түрүүлж, Д.Сумъяабазар аварга үзүүрлэж байсан аж. Арслан цолтой сар шинийн барилдаанд түрүүлж байсан А.Сүхбат тухайн оныхоо наадмаар Б.Бат-Эрдэнэ аваргаар арав давж, аварга цол хүртсэн. Тэгэхээр О.Хангай аваргын хувьд улсын наадамд хоёр дахиа түрүүлэх л түүнд дутуу байгаа. Тэрээр өнгөрсөн жил заалны 14 барилдаанд зодоглож, найм түрүүлсэн. Түүнчлэн, энэ жил хэдийнэ хоёр түрүүлж, хоёр удаа үзүүрлээд байна.

Улсын аварга П.Бүрэнтөгс

Улсын аварга П.Бүрэнтөгс  2012 онд буюу Их Монгол Улс байгуулагдсаны 806, Ардын хувьсгалын 91 жилийн ойн үндэсний их баяр наадамд аймгийн арслан цолтойдоо Улсын гарьд Д.Рагчаагаар ес давж, улсын арслан цол хүртсэн билээ. Түүний дараагаар 2020 онд улсын наадамд ес даван түрүүлж улсын аварга цол хүртсэн. Тэрээр өнөө жил бэлтгэл сургуулилт жигд сайн бөгөөд Увс нуур бөхийн галаасаа тусдаа дархан аварга А.Сүхбатын удирдлага дор бэлтгэл сургуулилтаа хангаж байгаа. Бөх сонирхогчид түүнийг даян, цаашлаад дархан аварга болох бүрэн боломжтой гэж бэлгэшээдэг. Мөн энэ жил Увс аймгийн 100 жилийн ой тохиож байгаа тул тус аймгийн бөхчүүд их ач холбогдол өгч байгаа. Үүгээр зогсохгүй П.Бүрэнтөгс аварга нь гүндүүгүй, жудагтай бөх гэдгээрээ алдартай. Тэгэхээр энэ жилийн наадмаар од нь гийж, аз түшвэл гарцаагүй даян аварга болох магадлалтай. 

Улсын арслан Э.Оюунболд

Допингийн шийтгэлийн улмаас барилдах эрхээ хасуулсан улсын арслан Э.Оюунболд энэ жилээс зүлэг ногоон дэвжээндээ эргэн ирж барилдаж байгаа билээ. Бөх сонирхогчид түүнийг төрмөл бөх хэмээн хүндэлдэг. Хэдийгээр удаан хугацаанд барилдаагүй ч төрийн наадамд нэг өдөр Э.Оюунболд түрүүлж аварга цолоо хүртэнэ гэх таамгийг байнга дэвшүүлдэг. Мөн түүнд дутуугаа гүйцээх, өөрийгөө батлах шар, хүсэл эрмэлзэл байгаа болов уу. Иймдээ ч барилдах эрх нь сэргэснээс хойш заалны барилдааны алдалгүй оролцсон. Хэдийгээр өмнөх шигээ шөвөг алгасахгүй барилдаан гаргаж чадаагүй заалны барилдаанаар төрийн наадмын шинжийг тодорхойлох аргагүй. Э.Оюунболдыг төрийн наадмаар онцгой сайн барилддагийг бөх сонирхогчид андахгүй. Үүгээр зогсохгүй тэрээр 1993 онд төрсөн бөгөөд энэ цагийн өнгийг тодорхойлж яваа бөхчүүдийн нэг. Иймд Э.Оюунболд ес даван төрийн есөн хөлт цагаан тугаа тойроход гайхах хүн байхгүй л болов уу.

Улсын арслан Б.Орхонбаяр

Э.Орхонбаяр нь 1998 онд төрсөн хүчтэн нь аль хэдийн төрийн наадамд хоёр ч удаа үзүүрлээд амжсан хүчтэн. Тухайлбал,  2019 онд Төрийн наадамд 21 насандаа анх удаа барилдахдаа тунаж барилдан улсын начин цол хүртэн,  хамгийн залуу бөхөд олгодог дааганы эзэн болж байлаа. 2020 оны АХ-ын 99 жилийн ойн баяр наадамд харцага, 2022 оны АХ-ын 100, 101 жилийн ойн баяр наадамд ес даван үзүүрлэж улсын арслан цолны болзол хангасан. Түүнийг өмнө жилийн баяр наадамд ард түмний аварга хэмээн нэрийдэж байсан. Энэ жил бэртэл гэмтэл илаарьшсанаас хойш заалны барилдаанд тасралтгүй оролцож ямар өндөр чансаатай байгаа гэдгээ баталсаар ирсэн. Олон нийт, бөх сонирхогчид ч гэсэн түүнийг аварга болно гэдэгт итгэлтэй буй. Бэлтгэл сургуулилт, тухайн өдрийн од хийморь тэнцвэл Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумаас Б.Орхонбаяр гэдэг аварга болох нь. 

Улсын заан М.Лхагвагэрэл 

Үндэсний бөх, чөлөөт бөхөөр 2013 оноос хослуулан барилдаж байгаа түүний бэлтгэл сургуулилт жигдэрсэн байхаас өөр аргагүй.  М.Лхагвагэрэл 2021 оны Бүх цэргийн баяр наадамд түрүүлж, цэргийн заан болсон. Дараа жил нь дахин түрүүлж, хурцалсан бөгөөд тухайн жилд улсын заан цолтон болсон билээ. Чөлөөт бөхийн суурьтай М.Лхагвагэрэл хэнтэй ч барилдсан давах магадлалтай тааварлашгүй бөх юм. Өмнө жилийн наадам олимпын өмнөхөн болж таарсан ч тав даж шөвгөрсөн. Мөн энэ жил тэрээр заалны барилдаан алгасахгүй барилдаж, унасан ч, давсан ч түрүү үзүүрийн барилдааныг дуустал нь үзэж, бусдаасаа суралцаж, том зорилго тээж яваа. 

Улсын заан С.Сүхбат

С.Сүхбат нь  ирэх цагийн өнгийг тодорхойлох бөхчүүдийн тоонд зүй ёсоор нэрлэгдэж байгаа бөгөөд хүчтэний өлгий Архангай аймгийн Хашаат сумаас гаралтай. С.Сүхбат 2022 онд цэргийн начин, аймгийн арслан, хурц чимэг гээд нэг зун гурван ч удаа цол, чимэг нэмсэн удаатай. Тэрээр нэгэн ярилцлагадаа “2000 онд Агваансамдангийн Сүхбат анхны түрүүгээ хүртэж, арслан цол авч байлаа. Тэр жилийн наадмаар А.Сүхбатын түрүүг бэлгэдэж, бас наадмын өмнө төрсөн нуган үрээ бөх болохыг ерөөж бөхийн үнэнч дэмжигч аав нь түүнд Сүхбат хэмээн нэр хайрласан” гэдэг. Өнөө жил энэ бэлгэдэл биеллээ олж ч мэднэ. Түүнийг бөх судлаачид төрмөл бөх хэмээн нэрийддэг.

Улсын харцага Б.Цэдэнсодном

Улсын харцага Б.Цэдэнсодном нь 1993 онд төрсөн бөгөөд ид эрин дээрээ яваа бөхчүүдийн нэг юм. Түүний дархан аварга Н.Батсуурийг давсан барилдаан олны дунд шуугиан тарьсан. Б.Цэдэнсодном нь өөрийн цолондоо дүүрэн барилдаж цол ахих болсон гэдгээ харуулсаар л яваа. Харцага цолыг харайдаг цол гэдэг. Өвөрхангай аймгаас улсын арслан Ц.Бямба-Отгоныг улсын наадмын түрүү бөхийн тааварт хамгийн их нэрлэж буй ч чимээгүйхэн хэр нь тууштай хөдөлмөрлөдөг Б.Цэдэнсодном харцагыг мартаж болохгүй юм. Тэрээр 2011 онд хамгийн анх сумын заан цол хүртэж байсан бөгөөд түүнээс хойш 14 жилийн хугацаанд үндэсний бөхийн спортоор тууштай хичээллэж байна. Түүний тасралтгүй хичээж хөдөлмөрлөсний үр дүн энэ жилийн наадмаар гарж ч мэднэ. 

Улсын начин Э.Батмагнай

Тэрээр 2022 онд Улсын баяр наадамд анх удаа зодоглосон бөгөөд дөрвийн даваанд улсын гарьд М.Бадарчийг унагаж, улмаар тавын даваанд аймгийн хурц арслан О.Наранбаатартай тунан барилдаад улсын начин цол хүртсэн билээ. Э.Батмагнай 2025 оны бөхийн чансааны хоёрдугаарт 1300 оноотойгоор эрэмбэлэгдэж байна. Үүгээрээ тэр өөрийгөө ямар хэмжээний  чансаатай бөх вэ гэдгээ харуулаад амжсан. Эртэй, бяртай, уртай, хурдтай энэ бөхийг доогуур даваанд амлаж барилдах том цолтон байх эсэх нь эргэлзээтэй. Бөх сонирхогчид түүнийг дархан аварга болно хэмээн бэлгэшээдэг.
Г.Хэрлэн нь МУИС-ийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2024 оны наймдугаар сараас iToim.mn сайтад ажиллаж байна.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн