УИХ-ын нэгдсэн чуулганаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалт явуулахад 81.9 хувиар санал дэмжигдэж батлагдлаа.
Нүүрсний үнийг 2025 оны төсөвт 105 ам.доллар гэж тооцож байсан ч дэлхийн зах зээл дээрх үнэ унаж, төсвийн орлого тасарсан. Тиймээс энэ оны төсөвт тодотгол хийх хуулийн төслийг Засгийн газраас өргөн барьж, батлууллаа. Төсвийн тодотголоор зардлыг 2.3 их наяд төгрөгөөр бууруулж, төсвийн алдагдлыг 1.8 их наяд байхаар тооцсон. Нийт хасагдаж буй зардлын 1.5 их наяд төгрөгийг урсгал зардлаас, 600 орчим тэрбум төгрөг нь хөрөнгө оруулалтын зардлаас хасахаар тооцсон.
Мөн хамт өргөн мэдүүлсэн Алт-3 аяныг хэрэгжүүлэх УИХ-ын тогтоолын төсөл, Харьяатын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл, Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хууль, Төсвийн тогтвортой байдлын тухай нэмэлт оруулах тухай хууль, Хот байгуулалтын тухай хууль, Барилгын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах, Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай зэрэг хуулиудыг эцэслэн баталлаа.
Харин Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулахыг эцэслэн батлах санал хураалт явуулж, 29 гишүүн дэмжиж, дэмжигдсэнгүй.