УИХ-ын чуулганы хуралдаан эхэлсэн. Өнөөдрийн хуралдаанаар Засгийн газрын өрийн баталгаа гаргах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэн дэмжлээ. Одоо УИХ-ын Төсвийн байнгын хороо яаралтай хуралдаж, тус асуудлыг хэлэлцэх бөгөөд өнөөдөртөө багтаан зээлийн хэлэлцээрийг батлах аж. Тус зээлийн хэлэлцээрээр Шинэ тойрог замын төслийг санхүүжүүлэх бөгөөд 260.3 сая ам.долларын зээлийн 85 хувьд Засгийн газар өрийн баталгаа гаргах хүсэлтийг нийслэлээс өгсөн байна. 16 жилийн хугацаатай 3 хувийн хүүтэй зээлийг "The Export-Import Bank of China" банкнаас авах хүлээлттэй байгаа бөгөөд 2028 оноос зам ашиглалтад орсны дараагаас орлого олж эхлэнэ гэж тооцож байгаа аж. Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар гишүүдийн асуултад хариулахдаа “Нэгдүгээр тойрог замын нийт урт 24.7 км. ТЭЗҮ-ээр Улаанбаатарт өдөр дунджаар 580 мянга орчим тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд орж байгаа. Эдгээр машины 30 орчим хувь нь тойрог хурдны замаар дайран өнгөрнө гэдэг тооцоо гаргаж, төслийн өртгийг 10 жилийн хугацаанд төлнө. Худалдан авах ажиллагааг зохион байгуулахдаа гурван багц болгоно. Нэгдүгээр багцыг ТЭЦ-4-ийн уулзвараас туннелийн эхлэл цэг хүртэл 8.6 км. Энэ дотроо 9 гүүрэн байгууламжтай. Хоёрдугаар багцыг туннелийн төгсгөл цэгээс БЗД-ийн 21-р хороо хүртэл 6.4 км. Гуравдугаар багц БЗД-ийн 21-р хорооноос Дүнжингарав Туулын хурдны зам хүртэл 9.3 км. Эдгээр ажлын тендерийг ирэх сарын 1-нд зарлана. Тендерийн нөхцөл нь гүйцэтгэгч санхүүжилтээ өөрөө олж санхүүжүүлэхээр заасан байгаа. Засгийн газрын баталгааг жил жилээр нь гүйцэтгэлтэй уялдуулна. Өөрөөр хэлбэл, энэ санхүүжилт цэвэр гаднын дэд бүтцийн хөрөнгө оруулалтад санхүүжилт хийдэг банкнуудаас гүйцэтгэгч нь өөрөө олж ирэх нөхцөлтэй.