Open iToim app
Ярилцлага | 6 мин уншина

З.Базарсад: Удахгүй болох тэмцээнээр 69 сээр цохисон амжилтаа эвдэхийг зорьж байгаа

З.Базарсад: Удахгүй болох тэмцээнээр 69 сээр цохисон амжилтаа эвдэхийг зорьж байгаа
Нийтэлсэн 2025 оны 7 сарын 10
Нийт 69 сээр амжилттай хугалж сээр цохих наадгайн рекордыг шинэчлэн тогтоосон Увс аймгийн Өмнөговь сумын харьяат Гүртэн клубийн тамирчин З.Базарсадтай ярилцлаа.
-Та хэзээнээс сээр цохиж эхэлсэн бэ. Гүртэн клубт орсноосоо хойш сээр цохиж эхэлсэн үү?
-Сээр цохихыг багаасаа л харж өссөн гэж хэлж болно. Идэшний үеэр нутгийнхан сээр цохиж байгааг хараад сонирхол төрдөг байсан. Ер нь би багаасаа л аавын сээр цохиж байгааг олон удаа харсан. Аав маань энэ төрлөөр гаргууд, гарын хүчтэй, эв дүйтэй хүн байсан юм. Түүний тэр чадварыг бахархалтайгаар харж, дотроо гайхан биширдэг байлаа.
Хожим нь фэйсбүүкээс сээр цохиж байгаа бичлэг үзсэн. “Малчин” телевизийн “Нэвт нударга” нэртэй тэмцээнийг үзсэнээр энэ нь зүгээр нэг наадгай биш, уламжлалт өв соёл, спортын хэлбэр гэдгийг ухаарсан. Тэмцээн зохиогдож, олон хүн идэвхтэй оролцож байгааг мэдээд бүр ч их сонирхож эхэлсэн юм. Ингээд л маш их сонирхож, өөрөө ч сээр цохиж эхэлсэн.
-Таныг сээр цохиж эхлэхэд яг юу нөлөөлсөн бэ. Ямар учраас сээр цохих сонирхолтой болов?
-Сээр цохиж эхлээд тав дахь жилтэйгээ золгож байна. Энэ спорттой 2021 онд анх танилцаж, тэр цагаас хойш тасралтгүй хичээллэж ирсэн. Харин Гүртэн клубт элсэж, жинхэнэ утгаар нь бэлтгэл сургуулилтаа хийж эхлээд хоёр жил болж байна. Нэгэн тэмцээний үеэр би 45 сээр хугалж, тухайн үеийн дээд амжилтыг эзэмшиж байсан Бэгзсүрэн гэх залуутай дөхөж очсон юм. Дараа нь гуравдугаар сарын 18-нд болсон тэмцээнд оролцож, өөрийн рекордыг 49 болгон ахиулсан. Харин хамгийн сүүлийн тэмцээн болох “Малчин” телевизээс зохион байгуулсан тэмцээнд 69 сээр цохиж, одоогийн рекордоо тогтоосон юм.
Одоо ирэх гуравдугаар сард болох "Алтанмундрага" тэмцээнд бэлтгэж байна. Энэ тэмцээнээр өмнөх амжилтаа хадгалж үлдэх, эсвэл ахиулахыг зорьж байгаа. Ер нь бол тэмцээн бүрийн онцлог өөр ч гэлээ, сэтгэл зүй, бэлтгэл, мэдрэмж ижил тэнцүү байх ёстой гэж боддог. Ах нараасаа туршлага судалж, дүү нартаа зааж зөвлөөд, тэмцээн бүрт чин сэтгэлээсээ оролцож яваа.
Манай улсад сээр цохих тэмцээн долоо хоногт, 14 хоногт, сард нэг удаа тогтмол зохиогддог болсон. Эдгээр тэмцээнд дунджаар 100 гаруй залуус идэвхтэй оролцдог. Ялангуяа Оросын холбооны улсын Буриадаас ирж оролцдог тамирчид олон бий. Харин хамгийн өргөн цар хүрээтэй, нэр хүндтэй тэмцээн бол "Алтанмундрага". Энэ тэмцээнд 500–600 орчим тамирчин оролцдог бөгөөд оролцогчдын дийлэнх нь Буриадууд байдаг. Анхны дээд амжилтыг нэгэн буриад тамирчин 59 сээр цохиж тогтоож байсан бол дараа нь түүнийгээ 63 болгож шинэчилсэн. Түүнээс хойш Өвөрхангай аймгийн тамирчин Бэгзсүрэн энэхүү рекордыг 65 болгон ахиулж байв. Харин одоогоор миний тогтоосон 69 сээрийн амжилт хамгийн сүүлийн дээд амжилт болоод байна.
-Сээр цохих минут дуусах яг тэр үед ямар байдаг вэ? Маш их энерги тэсвэр тэвчээрээ шавхдаг болов уу?
-Сээр цохих үед байнга хөдөлгөөнд байх шаардлагатай тул ихээхэн ачаалал өгдөг. Тэмцээний явцад зогсоо зайгүй хөдөлж, хурдтай ажиллах шаардлага гардаг учраас дунд үед нь амьсгаа давчдах, бие бага зэрэг сульдах мэдрэмж төрдөг. Ялангуяа минутын дотор тодорхой тооны сээр цохих хуваарьтай бол, маш өндөр хэмнэлтэй, хүч шаардсан хөдөлгөөн хийдэг тул биеийн хүчинд их нөлөөлдөг. Харин тэмцээний албан ёсны дүрмийн дагуу ээлжлэн сээр цохих үед яг ийм хурд шаарддаггүй учраас бие тийм ч хурдан ядардаггүй. Би өөрийнхөө бичлэгийг харахад сээр цохиж байх явцдаа тал дунд нь түр суугаа байдалтай болж, дараа нь дахин босож цохиж байсан. Тэр мөчид биеийн хүч суларч, бага зэрэг цуцаж байсан нь илт мэдрэгдсэн.
-Сүүлийн үед сээр цохисноос үүдэн залуус гараа гэмтээх нь их болж байгаа талаар мэргэжлийн эмч нар анхааруулж байгаа. Сээр цохихдоо гарынхаа дотор махаар цохьдог гэж байсан. Та сээр цохих үедээ гараа хүнд бэртээж байсан уу, сээр цохих техникээс хуваалцвал?
-Тэмцээнээс бусад үед өдөр тутмын бэлтгэл хийхдээ гараа заавал ороож байж сээр цохих хэрэгтэй байдаг. Миний хувьд азтай нь ах нарынхаа зөвлөгөөгөөр зөв техник, зөв дадалтайгаар сээр цохиж сурсан болохоор гар маань хүнд бэртэж байгаагүй. Манай Гүртэн клубийн ах нар их зөвлөж, залуу тамирчдаа дэмждэг нь үнэхээр сайхан. Одоо Монголд 40–50 орчим сээр цохидог клубууд идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа. Клубууд хоорондоо бие биедээ тусалж, дэмжиж, нэг баг, нэг гэр бүл шиг уур амьсгалтай байдаг. Тэмцээн дээр өрсөлдөгчид мэт харагдавч, цаагуураа ах дүүс шиг холбоотой, гэр бүл шиг хүмүүс юм.
Надад нэг мартагддаггүй дурсамж бий. Дорноговь аймагт болсон тэмцээнд “Хаан” клубийн Хишигжаргалтай хамт оролцож, бид хоёр тэмцээний дүрмийн дагуу 72 сээр цохисон юм. Тэмцээний журам гэдэг нь үе шаттайгаар өөр төрлийн сээр цохихыг хэлдэг. Эхний үед үхрийн сээр, дараагийн үед сарлагийн сээр, дөрөв тавдугаар үеэс тэмээний сээр цохиж өрсөлдөнө. Монголд адууны сээрээс бусад бүх төрлийн сээрийг тэмцээнд ашигладаг. Харин Буриадад тэмээ байдаггүй болохоор манай улсаас тэмээний сээр авч хэрэглэдэг. Тэд адууны сээр цохиж бэлтгэл хийдэг бол монголчууд адууны сээрийг цохидоггүй. Яагаад гэвэл уламжлалт ёс заншлын хувьд адууны сээр цохих нь цээртэй. Сээр нуруун дээр минь суудаг байж, сээрийг минь цохиод яахав дээ гэж адууныхаа үнэ цэнийг илэрхийлдэг утгатай юм.
Би өдөр тутамдаа нэг, хоёр сээр цохиж, тогтмол бэлтгэл хийдэг. Аль нэг тэмцээнийг угтаж, хугацааг тулган ачаалалтай бэлтгэл хийхээс илүүтэйгээр өдөр бүр жигд бэлтгэл хийж байх нь илүү үр дүнтэй гэж боддог. Заримдаа тэмцээнд оролцохоор бэлдэж байгаа нөхөдтэйгөө нийлж, ярилцаж байгаад хамтдаа бэлтгэл хийдэг. Ингэх нь илүү урамтай, үр дүнтэй байдаг. Монголын сээр цохигчид ер нь тэмцээн бүрт идэвхтэй оролцож, амжилттай яваа. Жишээлбэл, саяхан Өвөрмонголд болсон тэмцээнд Монгол Улсаас найм орчим тамирчин оролцсон бөгөөд манай улсын тамирчин тэргүүн байр эзэлсэн.
Одоо монголчуудын гол зорилго бол жил бүр зохиогддог “Алтанмундрага” тэмцээн. Энэ тэмцээн бол цар хүрээ, оролцогчдын тоо, чансаагаараа хамгийн томд тооцогддог. Гэвч одоогоор Монгол хүн энэ тэмцээнд түрүүлж чадаагүй байгаа. Тиймээс бидний гол зорилго бол энэ удаа амжилттай оролцож, Монгол тамирчин анх удаа аварга болох явдал юм.
-Сүүлийн үед эрчүүд гэхээсээ илүүтэй охид эмэгтэйчүүд ч мөн сээр цохих болсон. Уламжлал талаасаа мөн ёс заншил талаасаа эмэгтэй хүн сээр хагалж болохгүй гэдэг зүйл байдаг уу. Мөн танай клубийн хамгийн залуу тамирчин хэдэн настай вэ?
-Монголд эртнээс эмэгтэй хүн сээр цохихыг зохимжгүй, цээртэй хэмээн үздэг уламжлал бий. Гэвч сүүлийн жилүүдэд энэ ойлголт бага багаар өөрчлөгдөж, сээр цохих спортод эмэгтэйчүүдийн оролцоо нэмэгдэж байна. Жишээлбэл, “Алтанмундрага” тэмцээн дээр олон насны эмэгтэйчүүд сээр цохиж байгааг харж болно. Арван настай охиноос эхлээд дөч хүрсэн эмэгтэйчүүд ч энэ спортод хүч сорьж, амжилт гаргаж байна. Манай найз Анужин өнгөрсөн жилийн “Алтанмундрага” тэмцээнд эмэгтэйчүүдийн насны ангилалдаа түрүүлж, тэргүүн байр эзэлсэн. Энэ бол эмэгтэй хүн ч сэтгэл, чадвар байвал сээр цохих спортоор амжилт гаргаж чаддагийг харуулсан сайхан жишээ юм.
Манай “Гүртэн” клубийн хамгийн залуу тамирчин 14 настай Базарсад хүү. Тэр надтай нэр нэгтэй, авьяастай, ирээдүйтэй хүүхэд. Одоогоор манай клуб 12 гишүүнтэй, хоёр жил гаруйн хугацаанд үйл ажиллагаагаа тогтвортой явуулж байна. Клубийг үүсгэн байгуулах үед нэр сонгохдоо бага зэрэг эргэлзээтэй байлаа. “Есөн Өрлөг” үү, эсвэл “Гүртэн” үү гэж хэлэлцсэний эцэст "Гүртэн" гэдэг нэр нь оновчтой санагдсан учраас энэ нэрийг сонгосон.
-Сээрийг анхлан цохиж буй залууст хандаж хэлэх зүйл бий юу?
-Анх сээр цохиж үзэх гэж байгаа хүнд чадах болов уу, гараа бэртээчих вий дээ гэсэн багахан айдас төрдөг. Гэхдээ тэр л айдсыг давж чадвал цаашаа бүх зүйл сайнаар үргэлжилдэг. Монголчуудын айвал бүү хий, хийвэл бүү ай гэдэг үг үнэхээр үнэн шүү. Анх сээр хугалж үзэх тэр мэдрэмж өөрөө үнэхээр гайхалтай. Нэгэн зорилгын төлөө нэгдэж, олуулаа тойрч зогсоод, ёс уламжлалаа хүндэтгэн сээр цохиж зогсох тэр агшин бол сэтгэлд хоногшсон гоё мэдрэмж байдаг.
Анх удаа сээр цохиж байгаа залуустаа хэлэхэд битгий шантраарай. Эхний үед гар өвдөх нь хэвийн зүйл. Гэхдээ гол нь эхнээс нь зөв техник, гарын зөв байрлалыг сайн заалгаж, сээрийн онох цэгийг мэдэрч сурвал, амархан дасдаг. Хичээл зүтгэлтэй байвал заавал амжилт ирдэг. Сэтгэл зүрхээ зориулаад, тууштай байхад л хангалттай. Мөн нийт ард түмэндээ хандаж хэлэхэд үндэсний их баяр наадам дөхсөн энэ үед хотол олноороо сайхан наадаарай. Монгол түмнийхээ өв соёлыг эрхэмлэн, эрүүл энх, инээд баясал дүүрэн сайхан өдрүүдийг угтаарай гэж хүсье.
-Ярилцсанд баярлалаа.
С.Золзаяа нь 2022 онд МҮИС-ийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2024 оноос iToim.mn сайтад сэтгүүлчээр ажиллаж байна.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн