Open iToim app
Эрүүл монгол | 9 мин уншина

Б.Онон: Эрүүл, урт насалъя гэвэл ам руугаа хийж буй бүхэндээ анхаар, хоолоо 25-30 удаа зажилж ид

Б.Онон: Эрүүл, урт насалъя гэвэл ам руугаа хийж буй бүхэндээ анхаар, хоолоо 25-30 удаа зажилж ид
Нийтэлсэн 2025 оны 7 сарын 9
Монгол Улсад ходоодны өвчлөл, ялангуяа ходоодны хорт хавдрын өвчлөл буурахгүй байгаа нь нийгмийн эрүүл мэндийн байдлаас шалтгаалж байна. Ходоодоо хайрлах, өөрийгөө анхаарах нь их энгийн зүйлсээс эхэлдэг. Тухайлбал хорт зуршлаа орхих, хоолоо сайн зажилж идэх зэрэг энгийн зөв дадлууд нь биед маш их ашиг тустай юм. Энэ талаар Улсын хоёрдугаар төв эмнэлгийн ерөнхий мэс заслын тасгийн эмч, эрхтэн шилжүүлэн суулгах багийн ахлагч Б.Ононтой ярилцлаа.
-Монгол Улсад ходоодны хорт хавдрын өвчлөл өндөр хэвээр байгаа шалтгаан нь юу вэ. Энэ нь амьдралын хэв маягтай холбоотой юу?
-Манай улсад сүүлийн жилүүдэд хорт хавдрын өвчлөл нэмэгдэж байгаа бөгөөд тэр дундаа ходоодны хорт хавдар өндөр түвшинд байна. Одоогоор ходоодны хорт хавдар нь нийт хортой хавдрын өвчлөлийн бүтцэд хоёрдугаарт эрэмбэлэгдэж байгаа нь олон жилийн туршид өөрчлөгдөөгүй, өндөр үзүүлэлттэй хэвээр байгаа юм. Хавдрын тохиолдлын тоо нэмэгдэж байгаа нэг шалтгаан нь оношилгооны чанар сайжирсантай холбоотой. Өвчнийг эрт үед нь илрүүлэх боломж нэмэгдэж, бүртгэл сайжирснаар бодит тоон үзүүлэлт гарч ирж байна. Гэхдээ зөвхөн оношилгооны ахиц дэвшил бус, амьдралын хэв маяг, нийгмийн нөхцөл байдал, хүнсний хэрэглээ зэрэг олон хүчин зүйл хавдрын өвчлөлд нөлөөлж байгаа юм.
Сүүлийн 30 жилийн хугацаанд манай ахуй амьдрал эрс өөрчлөгдсөн. Өмнө нь бидний хүнсний хэрэглээ хязгаарлагдмал байсан ч хэрэглэж буй бүтээгдэхүүнүүд нь дотооддоо үйлдвэрлэгдсэн, стандартад нийцсэн, хадгалалт, боловсруулах арга нь байгалийн болон уламжлалт арга хэлбэртэй байлаа. Нүүдэлчин ахуй, байгальтайгаа ойр амьдрал ч тодорхой хэмжээнд эрүүл мэндэд эерэгээр нөлөөлдөг байсан. Харин өнөөдөр бид хотжилт, аж амьдралын хурдтай хэмнэлд шилжсэнээр хөдөлгөөний хомсдол, амьдралын буруу хэвшил, хорт зуршлууд газар аваад байна Тамхи татах, архи согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэх, эрүүл бус хоол хүнс хэрэглэх явдал түгээмэл байгаа юм. Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдал, хоол боловсруулах арга, хадгалалт, тээвэрлэлтийн нөхцөлд тавих хяналт сул, иргэд ч энэ тал дээр шаардлага тавих нь ховор байна. Мөн бид олноороо нэг тавагнаас хооллох нь түгээмэл байсаар байна. Энэ нь ходоодны хавдартай холбоотой хеликобактерийн халдвар тархах эрсдэлийг нэмэгдүүлдэг. Өмнө нь хүмүүс эм хэрэглэхдээ эмчид үзүүлж, зөвлөгөө авсны дараа эмээ авдаг байсан бол нэг хэсэг ямар ч оношгүйгээр шууд эмийн сангаас эм авч, зөвлөмжгүй хэрэглэдэг байдал газар авсан нь өвчнийг далд хэлбэрээр ужигруулах, хожуу шатанд оношлогдох эрсдэлийг нэмэгдүүлж байсан. Харин сүүлийн жилүүдэд эрүүл мэндийн салбарт хийгдсэн нэг сайн бодлого нь урьдчилан сэргийлэх үзлэгийг тогтмол зохион байгуулж эхэлсэн нь юм. Энэ нь хавдрыг эрт үед нь илрүүлж, эмчилгээний үр дүнг нэмэгдүүлэхэд чухал хувь нэмэр оруулж байна.
Гэсэн хэдий ч нийт иргэдийн дунд хавдар гэх өвчин хэр аюултай, хэр их зардал, сэтгэл зүйн ачаалал шаарддаг талаар мэдлэг, ойлголт дутмаг хэвээр байна. Зарим хүн төр үнэгүй эмчилдэг гэх хандлагаар аливаа асуудлыг хойш тавьж, өөрсдийн эрүүл мэндэд хангалттай анхаарал хандуулахгүй байгаа юм. Хэрэв иргэн бүр эрүүл мэнддээ ухамсартай хандаж эхэлбэл гудамжны болон нийтийн хоолны газруудаас хоол авч идэхдээ ариун цэвэр, хадгалалтын стандарт хангаж байгаа эсэхэд анхаарч, шаардлага тавьж эхэлнэ. Мөн бидний хоол боловсруулах хэв маяг өөрчлөгдсөн. Эрүү нүүрний эмч мэргэжилтнүүдийн хэлж байгаагаар хүмүүс хоолоо зажилж идэх нь эрс багассан байна. Хоол хүнсээ бүрэн зажилж идэх нь ходоодны ачааллыг бууруулж, хоол боловсруулалтыг дэмждэг ч монголчуудын дийлэнх нь хоолоо 1-3 удаа зажилж, шууд залгих хэвшилтэй. Энэ нь эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг юм. Мөн бидний дуртай бууз, хуушуур зэрэг хүнсийг гэртээ хийж шинэ тосонд шарахад эрүүл байж болно. Харин гудамжинд борлуулагдаж буй ижил төрлийн хоолны хувьд ямар тосонд хэдэн удаа хэрэглэсэн, ямар нөхцөлд хадгалсан, хэр зэрэг ариутгасан орчинд боловсруулсан зэрэг нь тодорхойгүй юм. Харамсалтай нь бид эдгээр зүйлсийг мэдэхгүйгээс гадна, шаардлага тавих нь ч ховор байдаг.
-Махны хэт их хэрэглээ хүний эрүүл мэндэд ямар сөрөг нөлөө үзүүлдэг вэ. Үүнийг бууруулахын тулд иргэд ямар дадал зуршлыг хэвшүүлэх шаардлагатай вэ?
-Манай улс эрс тэс уур амьсгалтай, дөрвөн улирал ээлжилдэг онцлогтой. Гэсэн ч түүхэндээ өнөөдрийнх шиг өндөр түвшний махны хэрэглээтэй байсан үе ховор. Их хэмжээний мах идэх нь хүний биед хэт их дулаан, өөх тос, уураг өгдөг тул хоол боловсруулах системийг ачааллуулж, нойр булчирхайг байнгын өндөр идэвхтэй ажиллахад хүргэдэг. Ингэснээр инсулины ялгаруулалт буурч, хоёрдугаар хэлбэрийн чихрийн шижингийн өвчлөлд өртөх эрсдэл нэмэгддэг. Цаашлаад энэ нь зүрх судасны өвчлөл, бодисын солилцооны эмгэг тэр ч бүү хэл хавдрын эрсдэлийг ч нэмэгдүүлнэ. Өнөөдөр нийгмийн эрүүл мэндийн түвшин доогуур байгаа нь зөвхөн эмчилгээний чанар хангамжийн асуудал биш харин иргэдийн эрүүл мэндийн боловсрол, амьдралын хэв маяг, хоол хүнсний талаарх буруу ойлголттой ч шууд холбоотой. Хавдрын өвчлөлийг зөвхөн мэс засал, химийн эмчилгээгээр шийдэх боломжгүй. Хавдрын шалтгаан болж байгаа үндсэн хүчин зүйлс болох амьдралын буруу хэв маяг, буруу хооллолт, хөдөлгөөний дутагдал зэрэг нь байсаар байвал хэчнээн олон мэс засал хийсэн ч өвчлөлийн тоо буурахгүй.
Манай улсын нэг хүнд ногдох махны жилийн хэрэглээ дунджаар 52 кг байна. Энэ нь дэлхийн дунджаас хавьгүй өндөр үзүүлэлт бөгөөд бие махбодын үйл ажиллагаанд сөрөг нөлөө үзүүлдэг.
Хүн бүр бага наснаасаа эрүүл дадал зуршлыг эзэмших ёстой. Үүнд хамгийн чухал нөлөө үзүүлдэг хүмүүс бол цэцэрлэгийн багш нар. Хүүхдэд хоолоо удаан, сайн зажилж идэх тухай ач холбогдлыг зөв таниулах нь цаашдын эрүүл мэндэд нь маш их эерэг нөлөө үзүүлнэ. Багшийн заасан дадал олон жилийн турш сэтгэлд нь хадгалагддаг учир зөв хооллох ойлголтыг хүүхдэд багаас нь суулгавал хавдрын эсрэг хамгийн энгийн боловч хамгийн үр дүнтэй алхам болох юм. Мөн эцэг эхчүүд хүүхдийг хооллохдоо хүчээр хоол идүүлдэг буруу зуршлаасаа салах хэрэгтэй. Хүүхэд өөрийн цадах мэдрэмжээр идэж тодорхой хэмжээнд хүрээд зогсдог. Гэтэл чи бага идлээ, нэмж ид гэхчлэн хүчээр хооллож, хэтрүүлэн идүүлснээр хүүхдийн биед өлсгөлөн эсүүд буюу хэт их илчлэг шаарддаг эсийн төлөв үүсдэг. Ингэснээр тухайн хүүхэд цаашид улам их хэмжээгээр хоол идэж байж цадах юм. Энэ нь таргалалт, бодисын солилцооны эмгэг үүсэх эхлэл болдог.
Үүнээс гадна хүнсний ногоо, цагаан идээний хэрэглээ хангалтгүй байгаа нь бас нэг асуудал. Монголчууд уламжлалт ахуйдаа сүү, сүүн бүтээгдэхүүнээ улиралтайгаа зохицуулан хэрэглэдэг, тэнцвэртэй хооллолтын хэмнэлтэй байсан. Харин өнөөдөр махны үнэ өсөх тусам хүмүүс үнэтэй юм чинь идэх хэрэгтэй гэх хандлагаар улам ихээр мах хэрэглэж байна. Энэ нь зөвхөн эдийн засгийн бус, бие махбодын хувьд ч хүнд ачаалал үүсгэж байна. Мах их идвэл бие махбод түүнийг боловсруулахын тулд маш их хүч зарцуулдаг бөгөөд дотоод эрхтнүүдэд хэт ачаалал өгч, ядаргаанд оруулдаг. Хавдрыг эмчлэх биш, урьдчилан сэргийлэх нь хамгийн чухал. Үүний тулд хүн бүрийн амьдралын хэв маяг, хооллох дадал, эрүүл мэндийн боловсролд анхаарах ёстой. Хавдар бол нэг өдрийн дотор бий болчихдог өвчин биш. Энэ бол бидний амьдралын буруу хэв маяг, зуршлуудын үр дүнд аажмаар бий болдог үр дагавар юм.
-Хоол идсэний дараа зарим хүмүүс  унтах гэдэг. Энэ нь ходоодонд маш муу гэж сонсож байсан?
-Хүн хоол идэхдээ зөвхөн биеийн төдийгүй сэтгэлийн хувьд ч бэлтгэлтэй байх ёстой. Хооллох үйл явц бол зүгээр нэг ходоод дүүргэх хэрэгцээ бус, бие махбодыг тэтгэх, зохицуулах нарийн механизм бүхий физиологийн үйлдэл юм. Харамсалтай нь ихэнх хүмүүс хоол идэхдээ яарч, хэт халуун хоол иддэг. Мөн хоолоо зөв зажилж идэхгүй байх зэрэг буруу зуршилтай байдаг. Хэт халуун хоол идэх нь амны хөндий, улаан хоолой, ходоодны салст бүрхэвчийг гэмтээх эрсдэлтэй. Харин таарсан халуунтай хоолыг удаан, сайн зажилж идэх нь хоол боловсруулах үйл явцыг хөнгөвчилж, ходоодонд бага ачаалал өгдөг. Сайн зажилсан хоол шингэц сайтай болох тул хоол боловсруулах эрхтнүүд илүү хөнгөвчилсөн байдлаар ажилладаг. Та хоолоо 25-30 удаа зажлах хэрэгтэй бөгөөд 30-35 удаа зажлавал бүр сайн юм.
Хоолоо сайн зажилж идэхийн бас нэг чухал ач холбогдол нь цадах мэдрэмж хурдан үүсдэг явдал юм. Бага хэмжээгээр идсэн ч, удаан зажилсан тохиолдолд тархи цадлаа гэсэн дохиог илүү хурдан хүлээн авч, хэтрүүлэн идэхээс сэргийлж чаддаг. Харин хоолоо 1-2 удаа зажлаад залгиснаар хоол боловсруулах эрхтэнд нэмэлт ачаалал үүсэж, ходоодны шүүрэл ихээр ялгаруулдаг. Энэ шүүрэл ялгаруулах процесс нь их хэмжээний цус шаардах ба ингэснээр тархинд очих цусан хангамж түр багасч, нойр хүрэх, бие сулрах мэдрэмж төрдөг. Иймээс хоол идсэний дараа зарим хүн унтмаар санагддаг нь энэхүү физиологийн өөрчлөлттэй холбоотой. Жишээ болгож хэлбэл:
  • Ус ходоодоор 3 минутын дотор дамжин цааш боловсруулагддаг бол
  • Тахианы мах ойролцоогоор 3 цаг
  • Харин гахайн мах 5 цагийн дараа бүрэн боловсордог.
Иймд боловсроход удаан хоолыг их хэмжээгээр идэх үед ходоод сунан, анатомийн хувьд байх ёстой түвшнээсээ доош сунах эрсдэлтэй байдаг. Энэ нь цаашид хоол боловсруулах тогтолцооны эмгэгт хүргэх эрсдэлтэй. Мөн бид бүхэн хүчтэй, бат бөх ястай хүмүүс гэж боддог ч үнэн хэрэгтээ яс нь хүний биеийн жингийн даацтай уялдаатай байдгийг ойлгох хэрэгтэй.
Нүүдэлчин угсаатны яс, булчин сайн байгааг судлаачид баталсан ч, энэ нь биеийн жингээ зөв түвшинд барьсан тохиолдолд л илэрдэг. Жишээ нь, 180 см өндөртэй хүн 80-85 кг жинтэй байх үедээ хамгийн эрүүл, тэнцвэртэй жинтэйд тооцогддог. Харин 90 кг-аас дээш бол өвчний эрсдэл нэмэгдэж, илүүдэл жин нь өөрөө өвчний суурь нөхцөл болж хувирдаг.
Бидний шүтэж, дуурайхыг хүсдэг өндөр хөгжилтэй орнуудын иргэд хоол идэхдээ зөвхөн идэх төдий бус, бие сэтгэлээ бэлддэг. Тэд хоолоо зажлахдаа цаг зарцуулж, идэж буй зүйлдээ анхааралтай ханддаг. Энэ дадлаас нь бид ч мөн суралцах ёстой. Товчхондоо хооллолтыг зөв зохистой болгох нь бидний эрүүл мэндийн үндэс суурь юм. Сайн зажилж идэх, таарсан хэмжээтэй хооллох, зөв цагт хооллох дадал бол урт наслах, эрүүл амьдрах хамгийн энгийн бөгөөд үр дүнтэй арга гэсэн үг.
-Хорт зуршил болон буруу хооллолтын зуршил нь хоол боловсруулах эрхтэнд ямар сөрөг нөлөө үзүүлдэг вэ?
-Архи уух нь хүний хоол боловсруулах системд маш сөрөг нөлөөтэй. Архийг хэрэглэсний дараа тэр нь ходоодноос цааш 12 хуруу гэдэс рүү чөлөөтэй дамжин өнгөрдөггүй. Ходоодны суларсан булчингийн нүх болох пилоросоос цааш гарахгүй, ходоодонд удаан хугацаанд хуримтлагдсаар байдаг. Энэ нь өндөр концентрацтай спирт ходоодны салстыг түлж, улаан хоолой болон ходоодны шархыг гүнзгийрүүлэх, сөргөө өвчнийг өдөөх шалтгаан болдог. Архи уух үед өвдөлтийн мэдрэмж хэсэг хугацаанд дарагддаг тул хүний биед явагдаж буй гэмтлийг тэр даруйд нь мэдэх боломжгүй. Гэвч архины нөлөө арилмагц ходоод, улаан хоолой, нойр булчирхайн өвдөлт эрс нэмэгддэг.
Нойр булчирхай бол хоол боловсруулалтад оролцдог хамгийн нарийн, эмзэг эрхтнүүдийн нэг. Хүмүүсийн төдийлөн сайн мэддэггүй нэг зүйл бол нойр булчирхай, цөс хоёулаа фермент болон шингэнээ 12 хуруу гэдэс рүү нэг л сувгаар гаргадаг явдал юм. Өөрөөр хэлбэл, нойр булчирхайн гол ферментүүд болон цөсний шингэн цөсний ерөнхий цорго гэж нэрлэгдэх нэг замаар дамждаг. Монголчууд эдгээрийг тусдаа зүйл гэж ойлгох нь буруу юм.
Цөсний чулуутай холбоотой бас нэг түгээмэл ташаа ойлголт бол цөс угаах тухай ойлголт юм. Цөсний замыг угаана, цөсний чулуу гаргана гэх яриа нь шинжлэх ухааны үндэсгүй, төөрөгдөл юм. Хүмүүс гэдэс цэвэрлэх бүтээгдэхүүн хэрэглэсний дараа өтгөнтэй холилдсон чулуужсан хольц гадагшлах үед түүнийг цөсний чулуу гарчихлаа хэмээн андуурах нь бий. Гэтэл үнэн хэрэгтээ тэр нь бүдүүн гэдэсний хананд үүссэн хонхорхойд удаан хадгалагдаж чулуужсан өтгөний үлдэгдэл юм.
Удахгүй Улсын Их баяр наадам болох гэж байна. Энэ үеэр хүмүүс уламжлал ёсоор хуушуур, хорхог, айраг, пиво, газтай ундаа зэрэг хоол ундыг зэрэгцүүлэн хэрэглэдэг. Гэвч эдгээрийг хольж хэрэглэснээр хоол боловсруулах эрхтэнд хэт их ачаалал өгч, гэдэс ходоодны эмгэг, хоол боловсруулах замын цочрол, цөсний хүүдийн ачаалал, нойр булчирхайн үрэвсэл зэрэг ноцтой хүндрэл үүсгэх эрсдэлтэй. Тиймээс баяр ёслолын үеэр идмээр зүйлээ идэж болох ч бага хэмжээгээр, зохистойгоор хэрэглэх шаардлагатай. Хорхог идчихээд айраг уух, газтай ундаа уух зэрэг нь хоол шингээхэд тус болох биш, харин ч шингээлтийг доголдуулдаг буруу дадал юм. Хэзээ ч газтай ундаа уугаад хоол шингэнэ гэж байгүй.
Хоол идэх соёлын тухайд ч анхаарах зүйл олон бий. Өнөөдөр хүмүүсийн ихэнх нь хооллох үедээ зурагт үзэх, гар утсаа ашиглах зэрэг олон зүйлийг зэрэг хийдэг зуршилтай. Гэтэл хүний тархи нэгэн зэрэг олон үйлдэлд анхаарлаа бүрэн төвлөрүүлэх боломжгүй. Ийм үед хоолны амт, шингэц, цадах мэдрэмж бүдгэрч, хоол хэтрүүлэн идэх, ходоод хэт ачааллах зэрэг эрсдэл үүсдэг. Иймд хооллох үедээ сэтгэл болон биеэ бэлдэж, тайван орчинд цэх сууж, дэлгэц ширтэхгүйгээр зөвхөн хоолондоо төвлөрч, хоолны амт, бүтэц, үнэрийг мэдэрч идэх нь хамгийн зөв дадал юм. Үүний зэрэгцээ хоол бүрийг сайтар зажилж идэх нь хоол боловсруулалтыг хөнгөвчилж, шингэц сайжирч, таны эрүүл мэндэд тустай байдаг.
С.Золзаяа нь 2022 онд МҮИС-ийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2024 оноос iToim.mn сайтад сэтгүүлчээр ажиллаж байна.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн