Open iToim app
Засгийн газар | 1 мин уншина

“Эрдэнэс Тавантолгой” ХК-д Онцгой дэглэм тогтоож, БЭТ-ийн баг томилно

“Эрдэнэс Тавантолгой” ХК-д Онцгой дэглэм тогтоож, БЭТ-ийн баг томилно
Нийтэлсэн 22 минутын өмнө
"Эрдэнэс Тавантолгой" компанид онцгой дэглэм тогтоох шийдвэрийг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаас гаргажээ.
Тодруулбал, "Тавантолгой нүүрс ачих логистикийн төв"-ийн байгууламжийг бүрэн ашиглалтад оруулж, бүрэн хүчин чадлаар нь ажиллуулах нөхцөл бүрдүүлэх, “Эрдэнэс Тавантолгой” ХК-д үүссэн хүндрэл, хүнд суртлыг арилгах, нүүрсний экспортыг нэмэгдүүлэх зорилгоор тус компанид Онцгой дэглэм тогтоож, Бүрэн эрхт төлөөлөгчдийн баг ажиллуулахаар Засгийн газрын хуралдаанаас шийдвэрлэлээ. Бүрэн эрхт төлөөлөгчдийн багт Зам, тээврийн яам, Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Сангийн яам, Эдийн засаг, хөгжлийн яамнаас төлөөлөл оруулах юм байна.
Одоогоор БЭТ-өөр хэнийг томилох нь тодорхой болоогүй байгаа бөгөөд онцгой дэглэм тогтоох шийдвэрийн дараа Засгийн газрын тогтоол батлуулах бөгөөд үүнд багийн бүрэлдэхүүнийг зарлах аж.
1991 онд баталсан “БНМАУ-ын Засгийн газарт  эрх олгох тухай хууль”-ийг үндэслэн онцгой дэглэм тогтоодог болсон. Тус хуульд зааснаар онцгой дэглэмийг зургаан сараар тогтоодог бөгөөд шаардлагатай бол дахин зургаан сараар сунгах хугацаатай байдаг.
Өмнө нь буюу 2022 оны аравдугаар сарын "Эрдэнэс Тавантолгой" компанид онцгой дэглэм тогтоож жил гаруй үргэлжлүүлж байсан билээ.
Сэтгүүлч М.Булган нь iToim.mn сайтад 2015 оноос ажиллаж байна. Улс төр, нийгмийн чиглэлээр мэдээ, мэдээлэл бэлтгэдэг.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн