Шинэ тойрог зам төсөл нь Яармагийн ТЭЦ-4-өөс Өнөр хороолол, Баянхошуу, Сэлбэ, Дарь-Эх, Амгалан хүртэл хотын баруун урдаас хойшоо чиглээд зүүн урд зүг хүртэл 26.7 км урт үргэлжилнэ. Хурдны зам, дан болон давхар гүүрэн байгууламж, газар доогуурх туннел, олон түвшний огтлолцол 8 уулзвар бүхий 6 эгнээтэй авто замын бүтээн байгуулалт болох нь ээ. Нэгдүгээр болон хоёрдугаар тойрог замтай баригдах энэ төслийн нийт өртөг нь 918 сая ам.доллар. Олон улсад энэ төрлийн төслүүдийг өндөр өртгөөр босгодог. Харин Монголын хувьд олон улсын стандартын хурдны зам, гүүрэн байгууламж, олон түвшний уулзвараас бүрдсэн цогц төсөл өмнө нь хэрэгжиж байгаагүй. Хамгийн ойролцоох жишээ гэвэл 2012 онд ашиглалтад оруулж байсан Нарны гүүр, 2020 онд ашиглалтад оруулж байсан Олимпын гүүрний стандарт л байна. Эдгээр төсөлд мөн нэг км зам барих өртөг нь Шинэ тойрог замынхтай ойролцоо.
Өнөөдөр нийслэлээс Нэгдүгээр шинэ тойрог зам төслөө УИХ-д танилцуулж, төслийг хэрэгжүүлэхэд зориулж Засгийн газрын өрийн баталгаа гаргах асуудлыг хэлэлцэж, Төсвийн байнгын хороогоор хэлэлцүүлэхийг дэмжсэн. Энэ хүртэл Шинэ тойрог зам төслийн ТЭЗҮ-ийг Зам, тээврийн хөгжлийн яамны шинжлэх ухаан, технологийн зөвлөл болон авто замын дэд зөвлөлөөр үе шаттайгаар хэлэлцүүлж, магадлал хийсэн. Мөн Эдийн засаг, хөгжлийн яам, Хот байгуулалт, орон сууцжуулалтын яам, Сангийн яам, Хууль зүй, дотоод хэргийн яам, Үндэсний аудитын газар, Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал, түүний хороод зэрэг холбогдох төрийн байгууллагаас санал дүгнэлт авч, ахин дахин сайжруулж, төслийг бодлогын түвшинд дэмжүүлэв.