Open iToim app
Дэлхий | 2 мин уншина

Судалгаа: Япон, Солонгост шашин шүтэх нь буурсан ч мэргэ төлөгчид итгэдэг хэвээр байна

Судалгаа: Япон, Солонгост шашин шүтэх нь буурсан ч мэргэ төлөгчид итгэдэг хэвээр байна
Нийтэлсэн 2025 оны 7 сарын 8
Дэлхий дээр шашны хамаарал хамгийн бага түвшинд байдаг орнуудын тоонд багтдаг Солонгос, Японы иргэдийн дунд мэргэ төлөг, зөнчдийн зөвлөгөөнд ханддаг хандлага гайхмаар өндөр хэвээр байна гэж шинэ судалгаанд дурджээ.
Pew Research Center-ийн гаргасан 2023–2024 онд 36 улсад хийсэн судалгааны үр дүнгээс харахад Тайланд, Шри Ланка, Бангладеш, Индонез, Тунис зэрэг буддын болон лалын шашин нь төрийн шашин болсон орнуудын иргэдийн 100 хувь нь шашин шүтдэг гэжээ. Харин Зүүн Азийн орнуудад энэ үзүүлэлт ер бусын бага байна.
Япон улс дэлхийд хамгийн бага шашин шүтдэг хүн амтай орон болж, ердөө 44 хувь нь л шашин шүтдэг гэж хариулсан байна. Солонгос 51 хувиар араас нь бичигдэж, нийт 36 орноос 32-д жагсжээ. Харин Энэтхэг (Хиндү шашин) болон Израиль (Иудей шашин) зэрэг орны иргэд шашны хамаарлаа бараг 100 хувьтай хүлээн зөвшөөрсөн байна.
Өдөр тутмын мөргөл зэрэг шашны зан үйлд оролцдог байдлаар исламын шашин давамгайлсан орнууд тэргүүлжээ. Индонезчуудын 95 хувь нь бараг өдөр бүр залбирдаг аж. Дараагаар нь Кени (84 хувь), Нигери (84 хувь), Малайз (80 хувь) тус тус бичигдсэн байна. Католик шашин давамгайлсан Филиппин (79 хувь), Бразил (76 хувь), мөн буддын шашинтай Шри Ланка (72 хувь) өндөр үзүүлэлттэй гарчээ.
Харин Солонгос (25 хувь), Япон (21 хувь) өдөр бүр залбирдаг гэж хариулсан иргэдийн хувиар доогуур үзүүлэлттэй байсан аж. Европын улсуудаас Швед (8 хувь), Унгар (11 хувь), Герман ба Франц (16 хувь) хамгийн бага үзүүлэлттэй байв.
Хамгийн сонирхолтой нь шашин шүтлэг, сүсэг бишрэлийн түвшин доогуур боловч Солонгос, Япончуудын хувьд мэргэ төлөг, зөн совинд ихээхэн итгэсээр байна. Судалгаагаар Солонгосчуудын 20 хувь (36 орноос 6-д орсон) чухал шийдвэр гаргахдаа мэргэч, зөнчөөс зөвлөгөө авдаг гэжээ. Харин Япон 19 хувийн үзүүлэлттэйгээр 10-р байрт орсон байна.
Х.Бямбажаргал нь МУИС-ийг Олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн бөгөөд 2024 оноос iToim.mn сайтад сэтгүүлч, орчуулагчаар ажиллаж байна.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн