Open iToim app
Дэлхий | 2 мин уншина

Хятадын Ардын банк 8 сар дараалан алтны нөөцөө нэмэгдүүлэх замаар санхүүгийн бие даасан, аюулгүй байдлаа бататгав

Хятадын Ардын банк 8 сар дараалан алтны нөөцөө нэмэгдүүлэх замаар санхүүгийн бие даасан, аюулгүй байдлаа бататгав
Нийтэлсэн 2025 оны 7 сарын 8
Хятадын Ардын банк найман сар дараалан алтны нөөцөө нэмэгдүүлжээ. Өнгөрсөн сард тус банк нийт 70,000 трой унцаар алтны нөөцөө нэмсэн бөгөөд энэ нь нийт алтны нөөцийг 73.7 сая трой унц хүргэсэн байна.
Хятадын Ардын банк 2024 оны арваннэгдүгээр сараас хойш нийт 1.1 сая трой унц буюу ойролцоогоор 34.2 тонн алт нөөцөлсөн гэж Bloomberg мэдээлжээ. Алтны үнэ түүхэн дээд амжилтад ойртож буй энэ үед Хятадын энэ үйлдэл нь ам.долларын хамаарлыг бууруулах, мөн валютын хэлбэлзэл ба геополитикийн эрсдэлээс хамгаалах зорилготой стратегийн чухал алхам болохыг шинжээчид онцолж байна.
Валютын хамаарлыг багасгах нууц стратеги
Хятадын алт худалдан авалт нь зөвхөн алт руу чиглэсэн шууралт биш, харин ам.долларын ноёрхолд хариу барьж буй стратеги юм. Дэлхий даяарх ялгаатай мөнгөний бодлого, худалдааны маргаан, эдийн засгийн удаашрал зэрэг хүчин зүйлс юанийн тогтвортой байдалд нөлөөлж байна. Харин алт нь эдгээр эрсдэлийг нууцаар удирдах хэрэгсэл болж, Хятадын Төв банканд валютын уян хатан бодлого хэрэгжүүлэх орон зайг бий болгож байгаа аж.
Хятадын алт худалдан авалтыг идэвхжүүлэхэд 5 гол хүчин зүйл нөлөөлж байгаа аж. Үүнд:
  • Ам.долларын хамаарлыг бууруулах: Хятадын зорилго бол нөөцийнхөө бүтэц дэх ам.долларын хувь хэмжээг багасгах.
  • Геополитикийн эрсдэлээс хамгаалах: Ойрх Дорнодод хурцадсан нөхцөл байдал алт руу чиглэх "аюулгүй орогнол" гэсэн үзэл санааг эрчимжүүлж, Хятад эртнээс байр сууриа бэхжүүлж байна.
  • Санхүүгийн бие даасан байдлыг нэмэгдүүлэх: Алтны нөөцөө нэмэгдүүлснээр Хятадын Ардын банк илүү уян хатан мөнгөний бодлого хэрэгжүүлж, гадаад санхүүгийн дарамтад өртөх эрсдэлээ бууруулж байна.
  • Эдийн засгийн тодорхой бус байдалд хамгаалалт үүсгэх: АНУ-ын төсвийн алдагдал тэлж байгаа болон ам.долларын сулралд Хятад тодорхой хамгаалалт бий болгож байна.
  • Хориг арга хэмжээнд тэсвэртэй байдал: Хятадын албан ёсны мэдэгдэлд дурдагдаагүй ч шинжээчид алт нь санхүүгийн хориг арга хэмжээнд өртдөггүй, тусгаар хөрөнгө гэж үздэг.
Хятадын Ардын банкны тогтмол худалдан авалт нь дэлхийн үнэт металын зах зээлд хүчтэй нөлөө үзүүлж, алтны үнийг тогтвортой барих суурь хүчин зүйл болсоор байна. Bloomberg-ийн тайланд дурдсанаар албан ёсны байгууллагуудын худалдан авалт цаашид алтны үнийг дэмжих гол хүчин зүйл хэвээр байх бөгөөд 2025 он гарсаар алтны үнэ аль хэдийн 25 хувиар өссөн байна.
Төв банкуудын худалдан авалт зах зээлийн үндсэн эрэлтийг бий болгож, үнэт металлын үнэ санхүүгийн тогтворгүй үед ч унахгүй байх нөхцөлийг бүрдүүлдэг. 2025 оны долоодугаар сарын 7-нд алтны үнэ нэг өдрийн дотор 1 хувиар буурч, унц нь 3,297.15 ам.доллар болсон. Энэ нь АНУ-аас улс орнуудад ногдуулах тарифын шийдвэрээ хойшлуулах тухай мэдээ гарсантай холбоотой түр зуурын хэлбэлзэл боловч алтны үнийн ерөнхий чиг хандлага өсөлттэй хэвээр байна.
Х.Бямбажаргал нь МУИС-ийг Олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн бөгөөд 2024 оноос iToim.mn сайтад сэтгүүлч, орчуулагчаар ажиллаж байна.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн